Улаанбаатар хотын инфляц бусад бүсээс хамгийн өндөр байна

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын инфляц бусад бүсээс хамгийн өндөр байна

Улаанбаатар хотын инфляц бусад бүсээс хамгийн өндөр байна

Уул уурхайн салбар нийт экспортын 90 хувийг эзэлсээр

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг 68.4 хувьтай гэж дүгнэжээ.

Харин энэхүү дүгнэлттэй УИХ дахь Ардчилсан намын зөвлөл санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Инфяцийн өсөлт өнөөдөр утгаа алдаад байна. Мөн хэрэглээний сагс хэр зэрэг өсөв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д лут лут зорилт тавьсан. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Орхоны бүсэд их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Энэ ажил эхэлсэн үү. Хоёрдугаарт, эрчим хүчний асуудал юу болсон бэ. Өнгөрсөн жил эрчим хүчний хэрэглээ 1000 мВт-ыг хэтэрч, бид арай гэж өвлийг давсан. Ирэх жил эрчим хүчний үүсгэврийн шинэ нөөц байхгүй. Одоо яах вэ” хэмээн асуусан юм.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хэлснээр өнгөрсөн гуравдугаар сард хүнсний бараа, ундаа, усны үнэ дүнгээрээ 8.2 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 20.5 хувиар өссөн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлэг 3.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь, орон сууц, ус, цахилгаан хими болон бусад түлшний үнэ дүнгээрээ 8.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Улаанбаатар хотын инфляц бусад  бүсээс хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг мөн хэллээ.

Түүнээс гадна 2018 онд гэмт хэргийн гаралт өмнөх оноос 12 хувиар нэмэгджээ. Үүн дотроо залилан, хулгай, дээрэм, хөрөнгө завших, хүчингийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй гарсан аж. Харин хоёр жил тутамд нэг удаа гаргадаг ядуурлын талаарх судалгааны дүнг ирэх зургадугаар сард зарлана гэсэн юм.

Үндсэн чиглэлийн биелэлтэд шүүмжлэлтэй хандсан гишүүний нэг нь Б.Жавхлан. Тэрбээр 2018 оны Үндсэн чиглэл дотор эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг хэрхэн шийдсэнийг тодруулж байлаа.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа “2018 оны үндсэн чиглэлийг таван салбараар хуваасан. Эдийн засгаа төрөлжүүлэх чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогод орж байгаа. 2018 онд махны экспорт өмнөх оноос гурав дахин нэмэгдсэн зэрэг тоон үзүүлэлтийг дурдаж болно. Гэхдээ энэ нь хангалттай биш нь үнэн. 10 жилийн өмнө ч гэсэн уул уурхайн салбар нийт экспортын 90 хувийг дангаараа эзэлж байсан. Өнөөдөр ч хэвээрээ байна. Улсын төсөв, эдийн засаг уул уурхайн салбараас хараат байдалтай байсаар байгаа” гэв.

2018 ОНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 12 ХУВИАР ӨССӨН

Харин УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ “Хамгийн гол нь ард иргэдийн амьдрал ахуй нь яаж өөрчлөгдөв гэдэг талаас харж ярих нь зөв болов уу. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэлээд олон зорилт тавьсан байна. Энэ заалтуудын хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ. Үйлдвэрлэл сүүлийн нэг жилийн хугацаанд хэр нэмэгдэв. Ядуурал буурсан юм уу, өссөн юм уу. Эдийн засгийн том том төслүүд ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй л юм бол хоосон ярих шаардлага байхгүй. Мах, сүүний хөтөлбөрүүд хангалтгүй биелэлттэй байгаа нь юутай холбоотой вэ” гэдгийг тодрууллаа. Харин үүнд Ажлын хэсгээс хариулахдаа “Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин тогтмол бууралттай байна. 2018 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр өрхийн дундаж орлого 1 сая 110 мянга гарсан. Үүний 72.9 хувийг тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүрдүүлдэг. Үлдсэн хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, бусад гэсэн ангилалд хуваагдаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэврийг үе шаттайгаараа нэмэгдүүлсэн” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж