Монголын хамгийн том алим Ховдын Булганд ургадаг. Амталсан хүн азтайд тооцогдоно. Үзээгүй нь үлгэрт гардаг алимаар төсөөлнө. Хязгаар нутгийн энэхүү “Ургадаг эрдэнэ” нь жимс боловсрох цагаар барьж хүртэхгүй алга болдог. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт тавигдахгүй хол ойрынхон цуглаад талбай дээрээс шууд худалдан авалт хийчихдэг. Өөрөөр хэлбэл, Булган сум олон улсын чанартай хилийн хоёр боомттой ч жимс, жимсгэнээ экспортолж амждаггүй. Тэгэхээр бид эх орондоо эрүүл хөрсөнд ургуулсан алим жимсээр дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийе гэвэл боломж их байна.
Ховд аймгийн Булган суманд тариалж буй аварга алимны энэ сорт “Жимсний эх орон” гэгддэг хойд хөршид маань ч ургадаггүй юм билээ. Ихэнх нь тэртээ социализмын он жилүүдэд ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авчирч тарьсан алимны моднууд. Монголын хөрсөнд нутагшаад олон жил болж байна. Тиймээс Оросын Сибириэс ирсэн эрдэмтэн судлаачид дуу алдан гайхах нь аргагүй биз.
Аварга алимны модыг тордон ургуулж ирсэн хүмүүсийн нэг нь Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатар гуай юм. Манайхан гаднаас жимсний олон мянган суулгац өндөр үнээд аваад ургадаггүй. Монголын хөрсөнд зохицож ургаж чадах эсэх, хэр үр ашигтай байх талаар судалдаггүйгээс тэр байх. Тэгвэл жимсний моддын үндсийг хөөн судалж, судлыг нь барьж чадсан дотоодын мэргэжилтэн, үйлдвэрлэгчдээсээ суулгац авч, туршлагыг нь орон даяар нэвтрүүлбэл гэсэн бодол түүнтэй ярилцаж суухад төрж байлаа. Гэхдээ “Мод таръя” нэвтрүүлэгт оролцсоноос нь хойш 21 аймгаас Б.Төмөрбаатар гуайтай холбогдож алимны модны суулгац авахын зэрэгцээ сургалт, зөвлөгөө авдаг болсон гэнэ.
Ховдын Булган суманд алимны мод ургаж эхэлсэн түүх 1959 оноос эхтэй. Тухайн үед тэнд жимс, жимсгэний цэцэрлэг байгуулсан нь Минжит булганы жимсний аж ахуй хэмээн орон даяар алдаршиж байв. Түүнээс хойш булганчууд 30 жил жимс, жимсгэнээр тасарсангүй. Гэвч юм бүхнийг хувьчилж бас эзэнгүйдүүлэн үйлдвэр аж ахуйн хаалгыг барьсан ардчиллын сүүдэр жимсний цэцэрлэгийг бас тойроогүй. Бараг л устаж үгүй болоход хүрч байсан үе бий. Эгзэгтэй энэ мөчид нутгийн зарим хүн алимны моддынхоо үндсийг тасалчихалгүй авч үлдсэн хүмүүсийн нэг нь Б.Төмөрбаатар гуай. Түүний хувьд 1976-1980 онд Минжит булганы жимсний аж ахуйд цэцэрлэгчээр ажиллаж байсан. 1995 оноос өнөө хүртэл гурван га газарт жимс жимсгэний тариалан эрхэлж иржээ. Хажуугаар нь модоо тарьж, үрслүүлж, судалгаа хийж, бусад аймаг, сумыг жимс, жимсгэний талбайтай болгож үйлдвэрлэл эрхлэхэд тусалдаг юм байна.
Монголдоо “Жимсний хаан” болсон Булган сумынхан аварга алимаа “торниун” гэж нэрлэдэг. Торниун алимны папировка /зуны сорт/, антоновка, грушовка московская гэсэн 4-5 сортыг тариалдаг. Энэ дундаас Монголын хөрсөнд дасан зохицож чадсан нутгийн брэнд болох “Минжит булган” сортыг гаргажээ. “Минжит булган” сортын давуу тал нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг. Ширхэг алим 190-200 граммын жинтэй, нэг модноос 50-60 кг жимс гардаг. Амт нь бусад сортынхоос онцгой. Харин бэсрэг алимны алтайский болон давжаа алимны 10-аад сорт бий. Харин жимсний мод тарих хамгийн таатай үе нь дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд тохиодог юм байна. Эцэст нь хэлэхэд хэдхэн хүн алимны мод тарьснаар Монголд жимс жимсгэний аж ахуй хөгжихгүй. Бүх нийтийн үйлс болгож, бүгд хашаандаа жимс, жимсгэнэ тарьж өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлье. Нэг айлын хашаанд алимны мод тав, чавганы мод тав, үхрийн нүдний 20 бут, дээр нь ногоон тошлой, гүзээлгэнэ байхад л “Өрхийн цэцэрлэг” болчихно гэж Улсын тэргүүний тариаланч Б.Төмөрбаатар гуай зөвлөж байна.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ