Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан дугуйчдад зориулсан ямар бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Нарангаас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд дугуйгаар ажлаа амжуулах иргэдийн тоо нэмэгдсэн байна. Үүнийг дагаа дугуйн замын асуудал яригддаг. Дугуйн замыг хаана хаана хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Монголын дугуйн холбооноос мэргэжлийн талаас нь дэмжиж ажилладаг. Дугуйн замтай болоход мэргэжлийн талаас нь заавар өгөхөөс гадна эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудалд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд орон нутагт шинээр тавих замыг дугуйн замтай барьж байгаа. Тухайлбал, Дүнжингаравын урдуур Амгалан хүртэлх авто замыг дугуйн замтай хийсэн. Мөн Зайсангийн уулын бэлээр явсан хэсэгт дугуйн зам барих асуудлыг ярьж байгаа. Эрдэнэт хотод дугуйн замыг тавьсан. Энэ мэтчилэн орон нутгийн замд дугуйн зам барих ажил эхэлсэн.
-Энэ зун залуус хаана хаана очиж дугуй унаж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой вэ?
-Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад зуны туршид байнгын дугуй унах боломжоор хангасан. Мөн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй зэрэгцэн Хүй долоон худагт амралт чөлөөт цаг өнгөрөөх нөхцөлийг хангасан. Тэгэхээр Хүй долоон худагт очиж дугуйн замаар аялахаас гадна, дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлсэн.
-Дугуй унах нь замын түгжрэлтэй нөхцөлд цаг хэмнэсэн сайн хэрэг. Гэвч аюулгүй байдлыг хангаж өгөөгүй нөхцөлд эрсдэл гарах нь их байх?
-Дугуй унагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, дугуйг стандартжуулах ажлыг хийж байгаа. Эрүүл мэнд, спортын яамтай хамтран унадаг дугуйг стандартжуулах ажлыг эхлүүлсэн. Манай улсад чанаргүй дугуй ихээр орж ирж байна. Иймээс дугуйг стандартжуулах замаар чанаргүй дугуйг шахах асуудал яригдаж байгаа.
-Чанаргүй дугуйнаас үүдсэн осол хэр гардаг вэ?
-Шаардлага хангаагүй дугуй унаж тэмцээнд оролцсоноос осол гэмтэл гарах нь олон бий. Дөрөө нь салж унах, буудаж хагарах, эргэлтийн үед дугуй нь хагарснаас машинтай мөргөлдөх зэрэг асуудал гарна.
-Нэг удаагийн тэмцээнд иймэрхүү асуудал хэр гардаг вэ?
-Сүүлийн жилүүдэд арай гайгүй болсон. Өмнө нь чанаргүй дугуй унаж уралдах явдал их байсан. Одоо бол тэмцээнийг олон улсын брэнд болсон дугуйн компаниудтай хамтарч ажилладаг болсон. Ингэснээр тамирчид стандартын дугуй унаж уралдана. Эргээд эрсдэл багасна гэсэн үг.
Б.ЗАЯА