Хөгжлийн бодлогод нийцсэн тогтвортой бүтэц, хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бодлогод нийцсэн тогтвортой бүтэц, хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна

Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах нь төрийн үндсэн үүрэг. Төрийн институци тогтвортой, чадавхитай байх эсэхээс энэ үүргээ хэр зэрэг биелүүлэх нь хамаардаг.

Өнөөгийн байдлаар төрийн институцийн бодлого үйл ажиллагааны үр нөлөө сул гэж үнэлэгдэж байна.

Улс орны хөгжилд улс төрийн сонгуулиас хамааралгүйгээр урт хугацааны ирээдүйгээр баримжаалсан бодлогыг тууштай хэрэгжүүлэх тогтвортой институци шаардлагатай. Урт хугацааны хөгжлийн ирээдүйгээ тодорхой болгох нь нэг засгийн газраас нөгөөд бодлого өөрчлөгдөх, тодорхойгүй байдал бий болгохоос сэргийлдэг.

Засгийн газар солигдох болгонд бүтэц нь өөрчлөгдөж, тогтвортой байдлаа хадгалж чадахгүй байгаа нь төрийн албан хаагчдыг байнга сольж өөрчлөх, улмаар нэгэнт бүрдсэн мэдлэг, туршлага, чадавхийг үрэн таран хийж, улмаар төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, бодлогын үр нөлөө, чанарт сөргөөр нөлөөлж байна.


Олон улсын дунджаар шинэ ажлын байранд томилогдсон хүний ажлын бүтээмж хэвийн түвшинд хүртэл дор хаяж 6 сар өнгөрдөг гэсэн статистик бий. Гүйцэтгэж байгаа чиг үүрэг, тэнд хуримтлагдсан туршлага, арга барилыг үл харгалзан байгууллагаар нь татан буулгаад, эсвэл нийлүүлээд байвал жилээс доошгүй хугацааг бүтээмж муутайгаар өнгөрүүлнэ гэсэн үг болж байна. Улс орны эрх ашиг, нийгэмд энэ нь ямар өртөгтэйг тооцвол бүр ч аймшигтай дүр зураг харагдана.

Бодлогогүйгээр хийсэн бүтцийн өөрчлөлт хуучин бүтцээр ажилласнаас илүү их өртөг, хор хохирлыг дагуулдаг. Албан байгууллагын нэр хаяг, ширээ сандлыг өөрчилөх нь гадна талд харагдах дүр төдий өөрчлөлт юм.

Төрийн байгууллагын чиг үүрэг, зорилго зориулалт, хийж байгаа ажлын ач холбогдлыг үнэлэхгүйгээр шууд зоосны нүхээр харах нь үр дүнд хүргэхгүй. Ажлаа зогсоож алдсан цаг хугацаа, ажиллагчдын сэтгэл санааны тогтворгүйшил, бүтээмжийн бууралт, шинээр зохион байгуулж, ажлаа цэгцлэхийн тулд зарцуулж байгаа зардал, нэр хаяг, албан бичгийн өөрчлөлтийн өртөг зардлыг тооцож үзвэл огт ашиггүйгээр үл барам, алдагдал өртөг ихтэй нь харагдаж байна.

Хэмнэх гээд л байгаа бол бүтээмжийг нь сайжруулж, дотор нь ажиллаж байгаа ажиллагчдын санаачилгад түшиглэн ажлын урсгалыг түргэсгэхээс эхлээд олон арга бий. Энэ аргуудын алиныг нь ч туршиж үзэхгүй, хүсэхгүй байгаа нь бодитой өөрчлөлтийг эхлүүлэх хүсэл зориг дутаж байгааг л харуулж байна.

Эдийн засаг сайнгүй байгаа үед олон хүн ажлаас халах нь ухаалаг алхам биш. Орон сууцны зээлтэй иргэд олширсон энэ үед ажилгүйчүүдийн тоог нэмэх нь банкуудын зээлийн багцын эрсдлийг өсгөхөөс өөр ямар ч үр дүнд хүргэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахын оронд дөнгөж 22.7 хувь байгаа цалин хөлсний зардлаас танаж,  бусад 77.3 хувиа хэвээр үлдээх нь зөв үү?

Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн байгууллагуудыг судалгаагүйгээр бүтцийн өөрчлөлт нэрээр нэгтгэх, салгах, шинээр байгуулах болон татан буулгах нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, төсвийн үр ашиггүй зарцуулалтыг өсгөн, иргэдийн төрд итгэх итгэл, үнэлэмжийг бууруулдаг сөрөг талтайг цаашид анхаарах шаардлагатай байна.

Засгийн газар ямар бүтэцтэйгээр ажиллахыг улс орны нөхцөл байдал, хөгжлийн урт хугацааны бодлогод нийцүүлж тодорхойлох, тогтвортой байлгах нь олон улсын нийтлэг жишиг билээ. Төрийн институцийн тогтвортой байдал нь

  1. Төрийн бүтэц, чиг үүрэг тогтвортой байх,
  2. Төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга тууштай тогтвортой, үр нөлөөг нь үнэлж цэгнэдэг байх,
  3. Төрийн институцийн чадавхи тогтвортой байхаар илэрнэ.

Цаашид бүтэц, бодлогыг аль болох тогтвортой байлгах, хүний нөөцийг чадавхижуулах нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн үндэс юм.

Засгийн газруудын хэрэгжүүлж байгаа үндэсний түвшний хөгжлийн бодлого өөр хоорондоо уялдаатай байх нь арт иргэдийн амьдрал дахь тодорхойгүй байдлыг багасгах, хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нэг гол нөхцөл болно. Одоогийн орчин нөхцөл, хөгжлийн тэнцвэртэй биш байдал, эдийн засгийн бүтцийг шинэчлэх шаардлага зэрэг Монгол орны өмнө тулгамдаж буй асуудлууд, нөхцөл байдал нь суурь шинжтэй, урт хугацааны тууштай шийдэл шаардаж байна.

Эдийн засгийн хүчийг нэгтгэх, урт хугацаанд тууштай үр дүнд хүрэхэд анхаарах өөр нэг асуудал бол бодлогын нэгдмэл уялдаатай байдал юм. Өнөөгийнх шиг Засгийн газар, яам, агентлагууд, нийслэл, дүүрэг, аймаг, сумдын өөр хоорондоо уялдаагүй 400 гаруй хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бус, харин сайтар уялдаатай, улсын нэгдсэн бодлогод нийцүүлсэн төлөвлөгөөг засаг захиргааны нэгж бүхэн хэрэгжүүлдэг больё. Бодлого төлөвлөлтийн цэгцтэй, нэгдмэл арга барил шаардлагатай байна.

Засгийн газрын бүтэц, яамдын тоо, агентлагуудын хэрэгцээ, чиг үүргийг хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд зориулан стратегич байдлаар тодорхойлох нь зөв шийдэл боловч үүнд бас л судалгаа хэрэгтэй. 

Төрийн бодлого тууштай тогтвортой байх нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад бодитой судалгаа дүгнэлтэд суурилах утгыг илэрхийлдэг. Төрийн мэдлийн бодлогын судалгааны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг роль асар их боловч нөгөө талаас шийдвэр гаргагчдын судалгаанд өгөх ач холбогдол, судалгааны байгууллагуудтайгаа хамтран ажиллах түвшнээс ихээхэн хамаарна.

Улс орныг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий судалгааны институцийг олон улсын жишгээр, бусад улс орныхоос дутуугүйгээр хөгжүүлж ашиглах нь төрийн бодлого чанартай, тууштай байх, эрсдлийг бууруулах нэг гол хүчин зүйл юм. 

Институци чадавхижихын хэрээр эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, хариуцлагын тогтолцоог чангатгах нь цаашид байнга үргэлжлэх үйл явц байна.  Төрийн тогтолцооны бүтэц тогтвортой, ажиллах хүч нь өндөр ур чадвартай, мэргэшсэн байх нь төрийн бодлого төдийгүй улс орны амьдрал тогтвортой байх зайлшгүй нөхцөл юм.

Б.ЭНХБАЙГАЛЬ

Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал,

доктор, дэд профессор

 

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж