МАН С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад сонгуулийн шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

МАН С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад сонгуулийн шоу хийнэ

МАН С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад сонгуулийн шоу хийнэ

УИХ, НИТХ-ын 2020 оны сонгууль эхлэхэд ганцхан жил үлдлээ. Эрх баригч хүчнийхний хувьд, ард түмнээс нэмэх оноо цуглуулах боломж улам багассаар… Ам.долларын ханшийг хяналтаасаа алдаж, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулна” гэж сонгууль болгоноор хэлдэг худал амлалтад нь иргэд дөжирсөн энэ үед МАН-аас 49 ЖДҮ-чин, концессчид, “60 тэрбумчид” гэхмэтчилэн авлига, албан тушаалын гэмт хэргийн мастерууд тодров. Юун Н.Энхбаяр! Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг “хулгайлж” хамтдаа хөлжсөн тэд 2020 онд сонгогчидтой нүүр тулахаас айж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөхөөс өмнө, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “тусламж”-тайгаар өөрсөдтэйгөө холбоотой хэргүүдийг амжиж хаалгаж байгаа тухай мэдээллүүд хэвлэл хийгээд сошиалаар нэг хөврөх боллоо. Зүйл анги дээрээ хэрэг наймаалцаж, дахин зүйл анги нэмүүлэхийн цондон л дээ, энэ үнэн бол. УИХ-д 64 суудалтай үнэмлэхүй хүчээрээ түрээ барьж, ард түмний нүднээс далд ийнхүү хавтаст хэргээр наймаалцаж буй МАН-ынханд 2020 оны сонгуульд дахин ялах боломж тун бага үлдлээ. Суудал дээрээ Сүр Данзан царайлцгааж, хий эргэхээс өөр гавьтай зүйл юу ч хийцгээсэнгүй, тэд. Тиймээс сонгогчдын тархийг угааж, эрх баригч хүчний суудалд эргэн залрах ШБОС-ыг яг одоо л бодож олох цаг. Харин тэр сэдэв юу вэ. Женко Х.Баттулгын “Монгол ялначууд” шиг Хятадын эсрэг суртал ухуулга явуулж, сошиал болон массыг автуулах “зэвүүн” төлөвлөгөө юу байж болох вэ… У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынханд энэ сэдэв бэлэн. Тэр бол Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэрэг. АН эрх барьж байсан буюу 2012-2016 оныг эс тооцвол 2000 оноос хойш эрх баригч хүчний сэнтийд тасралтгүй заларсан МАН-ынхан илрүүлэхийг хүсдэггүй, илрэхээс айдаг энэ хэргээр 2020 оны сонгуулийн шоу хийхээр Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд гурвыг улсын яллагчийн дүрд тоглуулж, ард түмнээс кока авах улс төрөө хэдийнэ хийгээд эхэлчихлээ. Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргээс үүдсэн гол “зовиур” чухам аль нам, бүлэглэлд байна вэ. Ц.Нямдоржийн улайрсан улс төрийн ачаар энэ “зовиур” эрх баригч хүчнийхэн дотор байгаа нь бараг тодорхой болов. Хорин жил зовиурлаж байгаа “шарх”-н дээр хамгийн их “давс” цацаж, өөртөө ашиг унагаж байгаа хүн нь ч Ц.Нямдорж сайд.

С.Зоригийг алагдахаас өмнөх улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ. Энэ талаар ажиглагчид янз бүрээр тайлбарладаг ч тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан З.Энхболд, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэг нар “Эрдэнэт”-ийн халуун өдрүүдийн эсрэг тэсрэг дүрээр тодорч, Ш.Отгонбилэг агсныг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаас “хуссан”-д хонзогносон Ерөнхийлөгч Н.Багабанди Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад санал болгосон Да.Ганболдын нэрийг долоон удаа буцааж, харин С.Зоригийг Ерөнхий сайдаар томилуулахыг зөвшөөрчихсөн байсан нь үнэн. Монгол Улс С.Зориг гэдэг Ерөнхий сайдтай болохын даваан дээр аймшигт хэрэг болсон нь ч бодит явдал. Харин түүнээс хойш хоёр жилийн дараа УИХ-ын 2000 оны сонгуульд Н.Энхбаяр тэргүүтэй тухайн үеийн МАХН-ынхан “С”Зоригийг хөнөөсөн хэргийг заавал илрүүлнэ” гэх албан бус амлалттайгаар оролцсон юм. Хэрэг гарах үед ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөн “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг илрэхгүй” хэмээн мэдэгдсэн нь МАХН-ыг УИХ-д 72 суудалтай болж, үнэмлэхүй ялалт байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан энэ хэргээр шоудаж, Д.Мөрөнгөөр худал хэлүүлснийхээ үр дүнд эрх мэдэл, албан тушаал, авлигын “Аалзны тор”-оо хэлхэж эхлэх боломжоо ийн бүрдүүлсэн билээ. Харин одоо У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Н.Энхбаярын үед хэрэгжүүлсэн энэ технологийг Ц.Нямдоржоор удирдуулж, Ж.Батзандан, Лу.Болд нарыг хөлсний тэмцэгч болгон байж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь жүжиг юм аа. Энэ бол хэлмэгдүүлэлт шүү. Үгүй, тэр аймшигт эрүүдэн шүүлтийн бичлэгийг харцгаа даа. Тагнуулынхан гэж муухай яргачид байгаа биз” гэсэн суртал ухуулгатайгаар давтаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчдийг шүүх хурал болсноос эхлэн улс төрийн тавцнаа улайстал өрнөсөн энэ улстөржилт, тэр сөрөг ПР-ын санхүүжилтийг МАН дахь удам дамжсан олигархи-хунтайж дааж байгаа гэх мэдээлэл ч бий.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй задарна” гэж мэдээлсний дараахан тодорхой хүрээнд баярын үдэшлэг болсон гэх яриа Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордонд одоо ч сэм өрнөдөг нь нууц биш. Өнгөн дээрээ “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх нэрийн дор хөөрхий ардуудыг хэлмэгдүүлчихлээ” гэж хамгийн шударга үгсийг хэлэх тэд үнэн хэрэгтээ хөшигний цаана ард иргэдийг тохуурхан даажигнаж, өөрсдөө албан тушаал, эрх мэдэл наймаалцан буй нь ч худлаа биш болжээ. Дотроосоо 49 ЖДҮ-чин “өндөглүүлсэн” МАН-ынханд 2020 оны сонгууль угтаж, иргэдээс нэмэх оноо авах хоёрхон сэдэв байгаа нь “Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэрэг. МАН-ын жирийн гишүүдээ хүртэл “Энэ УИХ-ын гишүүд чинь бүгд гэмт хэрэгтнүүд юм байна шүү дээ” гэж уулга алдтал гайхшруулж байгаа эрх мэдэлтнүүд өдгөө хавтаст хэргүүдээрээ Ц.Нямдорж сайдад барьцаалагдсан дүр зураг харагдаж байна. Төрийн ордонд сэтгүүлчдийг үгээрээ “өшиглөх” болсон мань сайд чуулганы танхимд эр бар загнаж намын нөхдөө нэрээр нь дуудан хуруугаараа чичилж “Хөөе, чамайг би мэднэ шүү. Тэр явдлыг чинь мартаагүй шүү” хэмээн занаж, сүрдүүлж байгаагаас харахад шүү дээ. Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсны дараа АН-ынхныг “Даргагүй нам сонгуульд яаж оролцохыг харна аа” гэж заналхийлж байсан шигээ эвгүй авирыг тэр одоо намынхандаа гаргаж байна. Ямартай ч МАН 2020 оны сонгуульд ялах, аль эсвэл ялагдах эсэх нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгах “Түр цагдаагийн газар”-ын дарга Ц.Нямдоржоос шалтгаална. Түүний гарт намынхаа ч, намынхныхаа ч хувь заяаг шийдэх хамгийн том хөзөр бий. Тэр бол МАН-ынхны холбогдсон гэмт хэргүүдийн жагсаалт, бас С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэрэг. Харин Ц.Нямдорж сайд захиалагчийн хэргийг шалгах болоход яагаад сандарч бачимдаад байна вэ. Энэ нууц нь ил болбол мань шударга сайд улс төрийн тавцнаас бүрмөсөн арчигдаж, МАН 2021 онд гудамжинд галын наадмаа хийцгээх биз. Хэрэв МАН УИХ, НИТХ-ын 2020 оны сонгуульд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд гурваас болж ялагдвал хөлд нь хамгийн их чирэгдэх хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Учир нь тэрбээр “МАН-ыг сонгуульд хоёр удаа ялагдуулсан” гэх хэргийн гол эзнээр хоёр дахиа тодорно. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн карьер үүгээр дуусгавар болохыг үгүйсгэх аргагүй юм. С.Зоригийг хөнөөсөн хэргээр улайран улстөржиж, өс хонзонгийн хэрэгслээ болгосон Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд гурвын хүчин чармайлтын үр дүнд “Ардын намын түүх Сүхийн үед эхэлж, Сүхийн үед төгсгөл болно” гэдэг үг биеллээ олох ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч тэд Түр хороо нэртэй “Түр цагдаагийн газар” байгуулж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргүүдээр “тоглох” ажилдаа орцгоолоо. Эрүүдэн шүүлтийн бичлэгийг үзүүлж олон нийтийг айдаст автуулсан тэд одоо ямар баримтаар ард түмнийг айлгах бол.

Эх сурвалж: www.ANALIZ.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж