Наадмын концерт гадаа талбайд болно

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Наадмын концерт гадаа талбайд болно

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталсан юм.

Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулах аж.

Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулна. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох ажээ. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болох юм байна.

Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.

Баяр наадам болоход 52 хоног үлдээд байна. Ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай  гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  хангаж ажиллахыг тэрээр анхаарууллаа.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж