Хөвсгөлд алга болсон охин нутгийн айлд байжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд алга болсон охин нутгийн айлд байжээ

Хөвсгөлд алга болсон охин нутгийн айлд байжээ

НЭМЭЛТ: Алга болсон охиныг 16.00 цагийн орчимд олжээ. Охин Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад “Охин маань олдчихлоо. Цэнгэл багийн айл буюу нутгийн эмээгийнд байжээ. Тэр айлд байсныг нутгийн иргэн хараад хэлж өглөө. Дөнгөж сая охиноо олсон болохоор дараа мэдээлэл өгье” гэв.


Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин сураггүй алга болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X…сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30 буюу мягмар гаригийн 19.00 цагийн орчимд байрнаасаа гараад сураггүй болсон байна.

Охиныг хайхаар тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар тус өдрийн 21.00 цагаас эхлэн өчигдөр оройны /2019.05.01/ 21.00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэмэгдүүлж,  аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Рашаант сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг үргэлжүүлсээр байна.

Ингээд сураггүй алга болсон охины нагац ах С.Эрдэнэбилэгтэй утсаар холбогдсон юм.

 С.ЭРДЭНЭБИЛЭГ: ОХИНТОЙ ХАМГИЙН СҮҮЛД АНГИЙН БАГШ НЬ УУЛЗСАН 

 -Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрнаас 11 настай охин алга болсон гэж дууллаа. Ар гэрийнхэнд нь сураг дуулдсан болов уу?

 -Одоогоос хоёр хоногийн өмнө /2019.04.30/ оройн 19.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдардаг тавдугаар ангийн сурагч охин дүү маань сураггүй алга болчихлоо. Ямар ч хэл сураггүй. Сургуулийн камерт дүрс нь хальт харагдаад л өнгөрсөн байна лээ. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд аймаг орон нутгийн хамтарсан баг эрэн хайлаа. Одоо хотоос Онцгой байдлын албан хаагчид нэмэгдэж ирээд байна. Охиныг эрэн хайх ажиллагааг сургуулийн дотуур байрнаас нь зүүн хойд зүгт хайж байна. Учир нь охины гэр сумын сургуулиас зүүн хойд зүгт байдаг юм.

-Алга болсон охин айлын хэд дэх хүүхэд байв?

-Алга болсон охин маань миний дүүгийн хүүхэд. Би нагац ах нь байгаа юм. Аав, ээж нь хоёр хоног ууланд эрэн хайх ажиллагаанд оролцоод явж байгаа. Дүүгийнх маань гурван хүүхэдтэй. Айлын том охин нь сураггүй алга болоод, бид аргаа барж сууна.

 -Дотуур байранд дүү нар нь хамт амьдардаг байсан уу?

-Сургуулийн дотуур байранд зургаан настай дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Тухайн өдөр дүүдээ ч юу ч хэлэлгүй байрнаасаа гараад явсан байна лээ.

-Охин алга болдог өдөр суманд гадны машин явж байсан эсэхийг шалгасан  болов уу?

-Тухайн өдөр суманд гадны нэг машин явж байсан гэсэн. Тэр машины явж байсан бичлэгт камерт бичигдсэн байсан. Цагдаагийн байгууллагаас бичлэгийг шалгаж байгаа гэсэн.

-Тэр өдөр охинтой өөр уулзсан хүн бий юу?

-Тухайн өдөр ангийнх нь багш нь охиныг ангидаа үлдээсэн гэсэн. Багш нь охинтой юу ярьсныг сайн мэдэхгүй байна. Охин ангиасаа цүнхээ ч авалгүй явсан байсан. Тэгээд ангиасаа гарч, дотуур байрны тасаг руугаа орсон. Тэгээд дотуур байрандаа 20-30 минут сууж байгаад байрнаасаа гүйж гарсан нь камерт бичигдсэн байсан.

 -Ангийн багш нь ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?

-Ангийнх нь багш нь ар гэрийнхэнтэй нь одоо хүртэл холбогдоогүй ээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж