Тэмээний ноосны бэлтгэлийн стандарт шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Тэмээний ноосны бэлтгэлийн стандарт шинэчлэгджээ

Манай улсын тэмээн сүрэг 1954 онд хамгийн их буюу 895.0 мянгад хүрч байсан үетэй 1991 оныг харьцуулахад хоёр дахин буурчээ.  Тэмээний тоо толгой ингэж буурсан нь 1990 онд мал хувьчлал явагдснаар махны гарц сайтаагаар нь тэмээг их хэмжээгээр маханд зориулан нядлах болсон, нөгөө талаас уламжлалт маллагаа алдагдаж тэмээний хэрэглээний (уналга, ачлага) ач холбогдол багасч мотоцикл, машин түлхүү ашиглах болсон зэрэгтэй холбоотой юм.

Зах зээлийн шилжилтийн үед тасралтгүй 20 жилийн турш буурч байсан тэмээн сүргийн тоо толгой 2009 оноос эхлэн багахан хэмжээгээр өсч байна. Тиймээс  Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тэмээн сүргийг өсгөх, амьдын ашиг шим, тэр дундаас ноосон ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Тэгвэл Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран тэмээний ноосыг бэлтгэхдээ самнах болон сэрмэн хайчлах гэсэн шинэ технологи ажиллагааг туршсан нь тэмээний ноосны чанар, боловсруулалтын гарцыг дээшлүүлсэн, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн чухал ажил болоод байна.

Тэмээний ноосыг торомны, их биеийн, зогдор гэж гурав ангилдаг

Тэмээний ноосыг чанараар нарийвчлан ангилах, бэлтгэлийн аргыг өөрчлөн стандартад тусгах, тэмээний ноосыг тухайн чанарын ангилалд нийцүүлэн бэлтгэхийн тулд малчдад, ойлгомжтой арга аргачлалтай байх зэрэг асуудлуудтай холбоотойгоор тэмээний ноосны бэлтгэлийн стандарт (MNS 0036:2007)-ыг шинэчлэн өөрчилжээ. Уг стандартыг дараах шаардлага, үндэслэлийг харгалзан өөрчилсөн байна.  Үүнд, хуучин стандартаар тэмээний ноосыг торомны, их биеийн, зогдор гэж гурав ангилсан байдаг нь  биеийн хэсэг болон насаар нь хамтад ангилснаар ноос бэлтгэлийн үед түвэгтэй байдлыг үүсгэдэг юм байна. Тухайлбал, үйлдвэрлэгчид зах зээлд эрэлт ихтэй нарийн, зөөлөн торомны ноос авах сонирхолтой байдаг гэтэл торомны  эр, эм бүх ноосыг холиод “Торомны ноос” гэж бэлтгэдэг. Энэ нь боловсруулах үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтын цэвэр гарцыг багасгаж байгаа тул үнэлэмж нь төдийлөн дээшлэхгүй байна гэдгийг албаныхан хэлж байв.  Мөн торомны ноос гэдэг ангилалд гурав хүртэл насны тэмээг хамруулдаг нь олон улсын зах зээлд Монгол ноос, ноолуурын үнэлэмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй хамгийн дээд чанарын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүнд олгох “Монголын Хаан ширхэгт” гэрчлэх тэмдгийн шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй байгаа тул ангилалтыг илүү нарийн тодорхой болгох, малчид нь тэмээний ноосыг тухайн анги чанараар ялган бэлтгэхийн тулд мэдэж байвал зохих арга , аргачлалтай байх зэрэг ач холбогдолтой юм. Тиймээс малчид маань  энэхүү MNS 0036:2015 шинэчилсэн стандартаар тэмээний ноосоо бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүд нь чанартай түүхий эдийг илүү үнээр худалдан авч түүгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллаж, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх нь харилцан ашигтай байх боломжийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж