“Фэйсбүүкт регистрийн дугаараар бүртгүүлдэг байх заалт орж байгаа”

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Live“Фэйсбүүкт регистрийн дугаараар бүртгүүлдэг байх заалт орж байгаа”

“Фэйсбүүкт регистрийн дугаараар бүртгүүлдэг байх заалт орж байгаа”
17 : 48
2019-5-2

“Фэйсбүүкт регистрийн дугаараар бүртгүүлдэг байх заалт орж байгаа”

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалт уялдааг хангах цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Энэ хуулийн төслүүд нь засгийн газрын нэр нүүр болж  хамгийн үр дүнтэй явж байгаа ажлын нэг нь мэдээлэл, харилцаа холбооны шинэчлэлийн ажил. Цаашид мэдээлэл технологийн шинэ систем бүх сумдад үйлчилгээ үзүүлдэг болно. ингэхдээ 365 сумд бүрэн холбогдох боломжтой байгаа юу.

 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат:

Засгийн газрын тогтоол хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тус тогтоолд Хур систем болон суурь системтэй холбоотойгоор төрийн үйлчилгээний хэлбэрийг өөрчлөн операторын горимд  энэ оны аравдугаар сараас шилжихээр болж байгаа. Ингэснээр бүх сум, аймаг, дүүрэгт гээд улсын хэмжээнд хэрэгжих ажил юм. Бэлтгэл ажил нь  хангагдсан гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Энэ чиглэлд хийж байгаа ажил Засгийн газрын гялтайх нэг ажил нь. Тоон мэдээллээс харахад 21 мянган иргэн зөвхөн хурууныхаа хээгээр төрийн үйлчилгээг авч байна. Энэ төрийн хүнд суртлыг багасгаж байгаа гэсэн үг. Хур системд  87 байгууллага холбогдсон гэж байна.Гэтэл үүний дөнгөж 27 нь төрийн байгууллага байна. Уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулснаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна гэж харж байна. Түүхэндээ анх удаа IT-гийн даатгалын аудитын тогтолцоог оруулж  ирснээр ямар давуу талууд бий болох вэ. Хурууны хээний мэдээлэл хэрхэн хамгаалагдаж байгаа вэ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат:

Хур систем, дан систем, төлбөр тооцооны систем зэрэг нь байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох цахим байдлаар төлбөр тооцоо хийх гэх мэт боломжууд бүрдсэн. Ирэх аравдугаар сараас хэрэгжих тогтоолын төслийн хүрээнд иргэнээс ямар нэгэн лавлагаа мэдээлэл шаардагдахгүйгээр иргэн өөрийгөө таниулж төлбөрөө төлсөн тохиолдолд төрийн үйлчилгээг авах боломжтой болно. өөрчлөн операторын горимоор ажиллах учраас нэг цэгээс аль ч байгууллагын үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын тухайд Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулаад яамдаас санал авч байна. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Ингэснээр цахим орчимд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ахиц гарна. Мөн Цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг тус төв нь хариуцдаг болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлага хангалтгүй байна. Төрийн үйлчилгээг ил тод, цахим болон бусад байдлаар иргэд  үзүүлж байгаа нь зөв. Гэхдээ уялдуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаар асуудал  нь өнгөрсөн хугацаад фэйсбүүк компанийн удирдлагууд манай улсад ирэхэд нь бид уулзсан. Нийгмийн сүлжээнд цахим гэмт хэрэгт турхирах, хар тамхи, мансууруулах бодис сурталчлах, бусдын нэр хүндийг гутаах зэрэг сөрөг мэдээллийн талаар их яригддаг.  Бид үүнийг цэгцэлж чадахгүй л байгаа. Энэ талаар фейсбүүк компанийн удирдлагуудаас асуухад цэгцлэх боломжтой л юм билээ. Цаашид холбогдох байгууллагууд нь энэ асуудалд яаж ажиллах вэ. Нийгмийн сүлжээнд  хүний нэр хүнд, төрийн нэр хүндийг хамгаалмаар байна. Одоо бол дуртай нэгэн нь бусдыгаа гүтгэдэг боллоо. Энэ асуудлыг монголын төр, төрийн байгууллагууд нь шийдэж чадахгүй байгаа нь маш сул дорой байгаагийнх.  Энэ асуудалд хэрхэн анхаарах талаараа мэдээлэл өгөөч.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат:

Фэйсбүүктэй холбоотой асуудалд үйлчлүүлэгчийн үүрэг гэдэг заалтад хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэнэ гэсэн заалт орж байгаа. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна. 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурсан. Ирэх зургаадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана гэж харж байна. Бүртгэлтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар авах, нийгмийн сүлжээ орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг нөхцөлүүд хангагдана.

Ажлын хэсэг:

Цахим орчинд иргэн болон хуулийн этгээдийн мэдээллийг хамгаалах чиглэлд нэлээд ажлууд хийж байгаа. Фэйсбүүк компанитай сүүлийн жилүүдэд ажиллаж ирсний үр дүнд хоёр ч удаа манай улсад ирж тодорхой асуудлуудаар ярилцсан. Цаашдаа цахим орчин дахь бүртгэлгүй, хуурамч хаягуудыг ирүүлж устгах ажлууд шат дараатай хийгдэнэ.

 УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн сүлжээтэй холбоотой асуудал орж байгаа. Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаяг, бусдын нэрээ нэвтэрхийг хориглох заалт орж ирсэн. Хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэнэ гэсэн байна. Нийгмийн сүлжээнд эерэг, сөрөг зүйлийн аль аль нь бий. Иргэдийн мэдээлэл авах үндсэн эрх ашгийг зөрчихгүйгээр хууль бус үйлдлүүдэд бид тодорхой хязгаарлалт тавих шаардлагатай байгаа юм. Хамгийн гол нь хяналтыг  нь хэрхэн тавьж, хариуцлага оногдуулахаар оруулж ирж байгаа вэ. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийг даруй оруулж ирэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Б.Саранчимэг гишүүний ярьж байгаа асуудал бол Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиудаар зохицуулагдах юм. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр ямар зохицуулалтыг хийх боломжтой вэ гэхээр нийгмийн сүлжээнд хуурамч хаяг ашиглах, буруу зөрүү мэдээлэл тараах зэрэг тохиолдолд технологийн түвшинд хязгаарлах,  ядаж илрүүлдэг байх тэр боломжийг нь зохицуулахаар оруулж ирсэн. Тухайлбал регистрийн дугаар,  цаанаа бүртгэлтэй үүрэн телефоны дугаараар нийгмийн сүлжээнд нэвтэрдэг байх зэрэг иймэрхүү байдлаар зохицуулалт  хийхээр тусгаж байгаа.

УИХ-ын гишүүн  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх байсан ч хуралдааны цаг дууссан учир түр завсарлав.  Иймд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

17 : 00
2019-5-2

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гэснийг хуулийн төслөөс хасна гэсэн байна. Үүнийг яагаад хассан бэ. Мал ус бохирдуулдаггүй гэдгийг бид хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Хэд хэдэн нуур, тойрмын ус малаас болж бохирдсон тухай ажлын хэсгээс хэллээ. Малын амьсгалаас бусдыг хүн ашигладаг. Аргал нь хүртэл түлш болдог юм.

Махны үнэ өслөө гэж иргэд бачимддаг. Мэргэжлийнхэн нь бэлчээрийн даац хэтэрлээ гээд 2 талтай юм болоод байна. Үүнийг бодож үзээрэй. МАА салбараас хүнсээ өөрсдөө хангаад, экспортолдог орон болох нь манай улсын гол боломж юм.

Уг хуулийн төсөлд усны бохирдол нэмэгдэх бүрт ус бохирдуулсны нөхөн төлбөр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн төсөлд маш тодорхой тусгасан байна. Мөн  ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт өөрчлөлтийг хийжээ. Хуулийн төсөлд доод болон дээд төлбөрийн хязгаарыг зааж, Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтоох юм байна. Тодруулбал, хууль батлагдсаны дараа ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэх аж.

Уул уурхайн компаниудыг ус бохирдуулсны төлбөрт их бохирдолтой ус хаяж байвал их төлнө, бага бохирдолтой ус хаяж байвал бага төлөх зохицуулалт тусгагджээ.

 Энэ удаагийн өөрчлөлтөөр мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авахгүй гэдийг  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ийн гишүүн, Б.Саранчимэг тодотголоо.

Хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, үүнийг дагаад зөвхөн Туул гол гэхгүй бусад олон гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид онцолж буй.

16 : 19
2019-5-2

22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг баталлаа

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 67.4 хувийн саналаар тус тогтоолын төслийг баталлаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Гутайн давааны гурван лицензийг цуцалсан, одоо цаашид хэрхэх вэ. Хэнтий аймгийн хойд хэсгийн газар нутгийг Ханхэнтийн дархан цаазат газарт хамруулах уу эсвэл Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт хамруулах уу гэдэг асуудал байна. Манай Хэнтий аймгийн хоёр газар болох Улзын гол, Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газарт оруулахаар болж байна. Энэ сайн нь хэрэг хэдий ч Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор аваад үзвэл тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ дэндүү бага байгаа. Тусгай хэрэгцээнд авсан газруудаа хамгаалж чадаж байна уу.

Ажлын хэсэг:

Гутайн даваа, Онон-Балжийн өргөтөлтэй холбоотой асуудлаар нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээд үүн дээр үндэслэн холбогдох зардал, үр нөлөөлөл,тандан судалгааг хийгээд УИХ-ын тогтоолын төслөөр үзэл баримтлалыг нь батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлсэн. Үүний дараа холбогдох яамдаас судалгаа авч, Засгийн газраар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Утайн давааг байгалийн цогцолборт газрын ангиллаар 80 га орчмыг авна. Онон-Балжийн өргөтгөлийг 100 га орчимд нарийвчилсан судалгаа хийгдсэн.

Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтын талаар ажлын хэсэг мэдээлэл өгөхдөө “Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 102 тусгай хамгаалалтын газар бий. Түүнээс байгалийн цогцолборт болон дархан цаазат газарт улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа байгуулагдан ажиллаж байна. 365 байгаль хамгаалагч газар дээр нь хяналт шалгалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. 2018 оны судалгаанаас харахад зөрчлийн илрүүлэлт болон зөрчил арилгах хувь өнгөрсөн жилүүдээс 20 хувиар өссөн” гэдэг тайлбарыг өгөв.

2030 он гэхэд Монгол Улсын газар нутгийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:

БОАЖЯ 2014 оноос хойш судалсан 22 газрыг тусгай хамгаалалтад авъя гэдэг саналаа оруулж ирж байгаа. Тусгай хамгаалалтын бүс суурин газраас хэдэн километрт байхыг тодорхой тусгаж өгмөөр байна” гэдгийг хэлсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар Тусгай хамгаалалтад авсан болоод л орхиж болохгүй” хэмээн хэллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

15 : 37
2019-5-2

22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ 22 ГАЗАР БАГТАЖ БУЙ ГАЗАР:

  1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар
  9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
  12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
  15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр
  19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч  байна.

13 : 03
2019-5-2

АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь,  Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн    87.5 хувь нь тус тус дэмжлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалыг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Цээсүрэнгийн Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд энэ талаарх  УИХ-ын чуулганы санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад бичгээр хүргүүлэхээр тогтов.

АТГ-ын даргаар сонгогдсон З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан

АТГ-ын дэд даргаар сонгогдсон Ж.Батсайхан нь:

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

АТГ-ын удирдлагуудыг томилсоноор үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.

11 : 38
2019-5-2

Б.Дэлгэрсайхан: Миний найз Х.Энхжаргал нэг ч бизнесменүүдийн толгойд гар хүрээгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрбээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Эрх мэдэлтэн албан тушаалтнууд сургалтын сангаас эхлээд бүх зээлийг авчихсан байна. Тэгээд энэ асуудлыг нийтэд нь нялзааж байгаад намжааж байна. Энэ асуудлуудыг тодорхой болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой, Капитал гээд асуудал үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулаарай. Хуулиар хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлээрэй. Иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох хүсэмжлэл дээр тулгуурлаж ажиллаарай. Өмнөх АТГ-ын удирдлагуудаар томилогдсон хүмүүсийг зарим асуудалд шуурхай ажилласан гэж боддог. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ ахиц гаргасан. Өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхэд одоогийн удирдлагууд ахиц гаргаж ажилласан. Өмнөх парламентын гаргасан хууль тогтоолыг эргэж харах шаардлага байна уу. Тухайлбал, Өршөөлийн тухай, Ил тодын тухай хууль гээд. Олсон орлогууд нь ил болсон байх. Орлогыг нягталж үзэж болдоггүй юм гэхэд үйлдлийг нь шалгаж болохгүй юу. Хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулахад гар хөлийг нь боомилж байгаа тал байна уу.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон хууль хяналтын байгууллага дээр бүртгэгдсэн. Хуулиар энэ хөрөнгийг бүртгэхгүй гэдэг хуулийг баталсан. Тагнуул дээр хадгалсан. Гэхдээ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа. Үйлдлийг нь Өршөөлийн хуулиар нээлттэй орхисон.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

УИХ-ын гишүүн маш эр зориг шаардах ажил хүлээж авах гэж байна. Баярлах зүйл байхгүй. Ажлыг та хэдийг сайн хийх байх гэж найдаж байна. Хамгийн гол нь эр зоригтой байж чадах уу. ЖДҮ-чдийн асуудал, Хуульзүйн сайдыг шалгах асуудал орж ирвэл зориг гаргаж чадах уу. Оффшорыг шалгах асуудалд хэрхэн хандах вэ. Та хоёр тохироогоор яваагүй бол ЖДҮ-чдийн асуудлыг оруулж ирнэ биз дээ. Хуулийн байгууллагуудтайгаа тэмцэх шаардлага гарах байх шүү.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

Миний бие хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй. Ажлаа авсны дараа таны асуусан хэргүүдэд эргэж мэдээлэл өгч болох байх аа.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

Есөн жил гаруй энэ байгууллагад ажилласан, удирдлагууд нь ямар нөхцөлд ажилладаг вэ гэдгийг би мэднэ. Албан үүргээ гүйцэтгэхэд харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Оффшорын эсрэг асуудалд санал санаачилга гарган идэвхтэй ажиллах болно.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Та хоёр хариуцлагатай ажилд очиж байна шүү. Анхны дарга нь учир битүүлгээр амиа алдсан. Нэг дарга нь шоронд байгаа. Х.Энхжаргалын хувьд том хэргүүдийн эсрэг хөдөлж чадсан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж байгаа. Эдийн засгийн том, том хэргүүд дээр маш сайн ойлголттой ажиллаж байсан хүн шүү. Х.Энхжаргал даргын дутууг нь гүйцээж ажиллаарай. Том хэргүүдтэй тэмцэхэд маш их бэрхшээл, саад гарна. Хамгийн ойрын хүнээр чинь нөлөөлүүлэх гэж үзнэ. Оюутолгой хэрэг бол жинхэнэ дээрэм болсон. Та хоёрыг гурван сая нүд ажиглана шүү. Сайн ажиллаарай.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Нэр дэвшигчдийг салбартаа туршлагатай хүмүүс гэж харж байна. Өмнөх удирдлагуудын тухайд магтах зүйл бий. Төрийн өндөр албан тушаалтнууд хулгай хийсэн бол шоронгийн хаалга татдаг юм гэдгийг Х.Энхжаргал дарга харуулсан шүү. Үүнийг та хоёр баллуурдах вий. Улс орноо хулгайлсан хулгайчдыг амьдрах боломжгүй болгох ёстой. Өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажлыг хэрхэн авч явах нь уу гэдгийг хүн бүхэн харж байгаа шүү. Нийгэмд гэмт хэрэг, зөрчил гаргахгүйн төлөө та бүхэн ажиллах ёстой шүү. Улс төрийн захиалгаас хол байгаарай. Амьдралд чинь гай болно шүү. Шударга бус бүхэнтэй л хатуу тэмцээрэй. Үүнийг зүрх сэтгэлдээ тээж ажиллаарай.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

Авлигаас ард түмнийг соён гэгээрүүлэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажилладаг байгууллага. Хэрэв би энэ албан тушаалд томилогдвол анхаарч ажиллах болно.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. тухайн салбартаа олон жил ажиллаж байгаа залуус.Та хоёр хүнд шалгуурын дундуур явна. Яагаад гэвэл хуулийн байгууллагуудын удирдлагууд эздийнхээ төлөө ажилладаг гэсэн энэ хар нэрээс салгахын тулд тууштай сэтгэл гаргаж ажиллаарай.

Дараагийн асуудал тухайн үед буюу 2015 онд УИХ-ын дарга нь шийдвэр гаргасан байна.  Бондын мөнгө идсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Нууцын зэрэглэлтэй зүйлийг ил болгох хэрэгтэй. Ялангуяа энэ бонд. АН-ын маш их хөрөнгө идсэн үйл явдал шүү. Дарга нар идсэн болохоор л нууц гэчихдэг. Энэ дээр хоёр дарга анхаарах ёстой. З.Энхболд дарга өөрийгөө өмөөрөх хэрэг байхгүй. Та МАН-ыг ямар ажил хийхийг та заахгүй. Та 2012-2016 онд Тавантолгой Гашуунсахайт чиглэлийн төмөр зам барих тогтоол гаргасан байна. Та энэ үед аль улсын парламентын дарга байсан юм бэ. Их хурал дээр орж ирж хүн бүхнийг загнаж байдаг. Тайлбар хийгээд хүн загнаад сууж байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдгийг бас шалгах ёстой. Маш том дүнтэй мөнгө явж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

АТГ-ыг анх хуулийг байгуулж байгуулахаас эхлээд энд ажиллаж байгаа хүмүүсийг ёс зүй, эх оронч сэтгэл, хүн чанар хүнд замыг туулна. Хаана очиж хугардаг бол гэсэн бодол сэтгэлтэйгээр энэ байгууллагыг байгуулж байсан. Нэр дэвшигчид болзол шалгуурыг бүрэн хангаж байна гэж үзэж байна уу. Цэц дээр байгаа асуудал гээд маргаан олон сараар үргэлжиллээ. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх тогтоол дотор 22.1.3-ыг иш татах ёстой байсан. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн заалт байгаа. Зургаан жилийн хугацаагаар томилогдоно. Энэ хугацаанд хэдэн хүн ч томилогдсон зургаан жилийн хугацаагаар ажиллана. Энэ байгууллагын удирдлага ойрхон битгий солигдож байгаасай гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:

Хоёр нэр дэвшигч хоёулаа хуулийн шаардлага хангасан. Энд эргэлзэх зүйл байхгүй. Долоон байгууллагын томилгооны хоёрт нь нөхөн томилогдсон хүн үлдсэн хугацаанд ажиллана гэж заасан. Ерөнхийлөгч өмнө хоёр хүний бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж байгаа. 33 наяд төгрөг гэж яриад байгаа. Хэрвээ бондын мөнгийг бүгдийг шамшигдуулсан бол 3.2  их наяд болно шүү. Бондын мөнгөөр барьсан засмал замаар иргэд зорчиж байна. 80 мянган айл орон сууцанд амьдарч байна. Арай ингэж баримжаагүй улстөржиж болохгүй. Шалга, шалга нуугаад байх юм байхгүй. Энд ярих биш хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

АТГ-ын даргыг сольж байгаа нь хууль зөрчсөн асуудал шүү гэдгийг би хэлж байгаа. Өмнө нь хоёр ч удаа оруулж ирэхэд нь  хойшлуулж байсан. Монгол Улсад өнөөдөр ямар хууль хэрэгжээд байна вэ. Ер нь асуудалд үзэмжээр хандаж байгаа шүү. АТГ-ын өмнөх дарга нарыг нь аваад үзвэл анхны дарга нь  хилийн чанадад нас барсан, дараагийнх нь шоронд орсон, мөн дараагийн дарга нь өргөдлөө өөрөө өгч байсан. Одоогийн даргыг нь хүчээр чөлөөлж байна. Х.Энхжаргалыг чамгүй сайн ажиллаж гэж харж байна.  Намайг ингээд ярихаар МАНАН,мафаа өмөөрч байна гэж харах байх. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Хаана очиж байгаагаа одоо биш очоод мэдэх байх, та хоёр. Шалгагдаж байгаа том хэргүүдтэй  танилцаад бид юун дээр ирчхэв гэдгээ ойлгох байх. Өмнөх дарга чинь сайн ажилласан шүү. Миний найз Х.Энхжаргалыг балбах гээд юм олж чадаагүй. Х.Энхжаргал нэг ч бизнесмений толгойд гар хүрээгүй шүү. Энэ зарчмыг бүү алдагдуулаарай. Очоод өмнөх даргаа хэр ажилласныг нь та хоёр дүгнээд олон нийтэд мэдээлэл өгөөрэй. Намайг оффшортой их холбодог юм. Намайг гурван жил шалгаж байна. Та хоёр намайг сайн шалгаад өгөөрэй. Миний өмнөөс санаа зовж байгаа хүмүүсийг сэтгэлийг нь тайвшруулж өгөөрэй. Мөн төрөөс төрсөн тэрбумтнуудаа ялгаж салгамаар байна. Энэ тал дээр сайн ажиллаарай.

10 : 54
2019-5-2

Ж.Батзандан Түр хорооны даргаар сонгогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Түр хорооны гишүүд гаргасан. Уг саналын чуулганаар хэлэлцэж санал хураалт явуулахад гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Түр хорооны даргаар сонгогдлоо.

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтсан.

10 : 04
2019-5-2

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий  Түр хороо байгуулагдсан. Түр хороо өчигдөр  (2019.05.01) анхны хуралдаанаа хийж, хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Түр хорооны гишүүд гаргасан. Уг саналыг чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх юм.

Хоёрдахь хэлэлцэх асуудал болох Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хорооны  гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж