Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас дэлхийн 180 орныг хамруулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл зэрэг олон үзүүлэлтийг харгалзан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  индексийг жил бүр гаргаж англи, орос, хятад, солонгос зэрэг 20 гаруй хэлээр орчуулан түгээдэг ажээ.

2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Туркменистан сүүл мушгиж 180-д бичигдэж Умард Солонгос 1 байр ахиж 179-рт жагсчээ. Африк төвийн тухайд, өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп 40 байр ахиж 110-рт, Гамби 30 байр ахиж 92-рт тус тус эрэмбээ дээшлүүлсэн байна.

Улс төрийн үймээн самуунтай байгаа Венесуэл улс 5 байр ухарч 148-рт багтсан бол цахим орчин, хараат бус хэвлэл мэдээлэлд үзүүлэх дарамт нэмэгдсэн ОХУ улс 1 байр ухарч 149-рт  жагсчээ. БНХАУ-ын хувьд жилийн жилд доогуур бичигддэг хэвээр байна. Эрх чөлөөний орон АНУ энэхүү жагсаалтын 48-д бичигдэж байна. Монгол улсын хувьд энэ жилийн жагсаалтад нэг байр урагшилж 70-рт жагсаж байгаа боловч сүүлийн жилүүдэд байнга ухарсан үзүүлэлттэй байсан.

Дэлхий даяар тавдугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан хэвлэн нийтлэх үүргээ биелүүлснийхээ төлөө хүчирхийлэл, дарамт шахалтад өртөж, харийн нутагт хоригдож буй сэтгүүлчдийн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдсан “One Free Press Coalition” хэмээх байгууллагаас гаргасан дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж буйн жишээ болсон сэтгүүлчдийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү байгууллагыг дэлхийн томоохон хэвлэлүүд болох “Assiociated Press”, “Reuters”, “Time”, “Forbes” зэрэг байгууллагууд хамтран байгуулсан ба дээрх жагсаалт сар бүр шинэчлэгддэг аж.

Азори Гванда- Танзанийн чөлөөт сэтгүүлч, сураггүй алга болсон

Чөлөөт сэтгүүлч Азори Гванда нь Танзани улсын иргэн бөгөөд тус улсын алс зайдуу нутагт нууцлаг цуврал аллагуудын тухай сурвалжилж байсан. 2017 оны арваннэгдүгээр сард сураггүй алга болсон. Танзанийн засгийн газар түүний алга болсон хэргийг зөнд нь хаяж, мөрдөн шалгах ажиллагааг хангалттай зохион байгуулаагүй учир одоог хэр нь сэтгүүлч үхсэн эсвэл амьд эсэх нь тодорхойгүй байгаа.

Вэй Лон, Кай Соё О– “Reuters агентлагийн сэтгүүлч, зураглаач. Улсын нууц задруулсан хэргээр Мьянмарт хоригдож байгаа

Мьянмарын армийнхны гарт яргалагдаж, харамсалтайгаар амиа алдсан шашны цөөнх Роханжи иргэдийн талаар сурвалжлага бэлтгэж байхдаа тус улсад баривчлагдаж, өдгөө 500-аад хоног хоригдоод байна. Мьянмар улсын дээд шүүхээс “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдэд улсын нууц задруулсан хэрэг тулгаж, долоон жилийн хорих ял оноогоод зогсохгүй тухайн үед хийж байсан бүхий л дүрс бичлэг, баримт материалуудыг нь хураан авахаар шийдвэрлэсэн.Тэд шоронд хоригдож байгаа ч саяхан дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналыг хүртсэн.

Мигуэль Мора, Лисиа Пинеда- Үзэн ядалтад өдөөн турхирсан хэргээр хоригдож буй Никарагуа улсын сэтгүүчид

Никарагуа улсын ард иргэд Ерөнхийлөгч Даниел Ортегагийн эсрэг жагсаал цуглаан хийж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарахад цагдаа нар жагсагчид руу гал нээж 300 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн жил болсон. Энэхүү үйл явдлыг сурвалжилж, мөргөлдөөний явцыг шууд дамжуулсан “100 % Noticias” телевизийн байранд цагдаа нар дайран орж нэгжлэг хийн хүчирхийлэл, терроризм сурталчилсан, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр тус телевизийн захирал Мигуэль Мора, Редакц хариуцсан захирал Лисиа Пинеда нарыг баривчлан хорьсон бөгөөд тэдний ямар нэгэн хууль зүйн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарласан байна.

Мирослава Блич Бельдучиа- Улс төр дэх томоохон авлигын хэргийг эрэн сурвалжилж байгаад алагдсан Мексик сэтгүүлч

2017 оны гуравдугаар сард Мексикийн “La Jornada” сонины сурвалжлагч Мирослава нь улс төр дэх томоохон авлигын хэрэг болон улстөрчдийн холбоотон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн холбоо сүлжээг эрэн сурвалжилж байхдаа амиа алдсан. Ами алдахаасаа өмнө хэд хэдэн удаа сүрдүүлгэд автаж байсан ба цогцосных нь дэргэдээс “Чанга дуугарсных нь төлөө” гэсэн бичиг олдсон байдаг. Хэргийг мөрдөн шалгах явцад нэг сэжигтэнг илрүүлэн байцааж байгаа аж. Мексик улс нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчидгөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр хамгийн олон сэтгүүлч Мексикт амиа алддаг байна.

Клаудиа Дюк-Тэтгэвэртээ гарсан Колумбын эрэн сурвалжлах сэтгүүлч

Улсынхаа өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илчлэхийн тулд идэвхтэй тэмцэж байсан Клаудиа нь маш их дарамт шахалт, эрүүдэн шүүлт амссан ба бүр хүчээр цөллөгт явуулж байсан аж. Колумбын дээд шүүхээс тус улсын Аюулаас хамгаалахын өндөр албан тушаал эрхэлдэг гурван этгээдийг 2003,2004 онуудад Клаудиа болон түүний охиныг удаа дараа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан боловч тэд одоо бүгд эрх чөлөөтэй явж байгаа.

Махмод Абу Зэйд, Ала Абделфатах- Египтийн нийтлэлч, зураглаач

Хүний эрх зөрчил болон улс төрийн томоохон албан тушаалтнуудын талаар хийсэн ажил нь тэднийг улс орны эсрэг гэмт хэрэгтнүүд болгон хувиргаж таван жил торны цаана суулгасан юм. Таван жилийн дараа тэд суллагдсан ч өдөр бүр 6.00 цагт цагдаагийн хэлтэс дээр очиж бүртгүүлэх үүрэг хүлээсэн.

Аасиф Султан- Эх орнхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр хоригдсон Энэтхэг сэтгүүлч

Аасиф Султан нь 2018 оны наймдугаар сард Кашмир дахь мөргөлдөөнийг сурвалжилсныхаа төлөө улс эх орны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж шоронд хоригдсон. Эрүүл мэндийн байдал нь хүндэрсээр байгаа ч цагдаа нар түүнийг удаа дараа эрүүдэн шүүсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.

Жамаль Хашогги- Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан “Washington Postсонины сэтгүүлч

2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт бичиг баримт хөөцөлдөх гэж ороод түүнээс хойш сураггүй алга болсон. Удалгүй Туркийн талаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус консулын газарт бүлэг этгээдүүд түүнийг унтуулах тариа хийж хөнөөгөөд мөчлөн хувааж консулын газраас авч явсан нь тогтоогдсон.  Энэхүү хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман шууд холбоотой, хэргийн захиалагч гэгдэж байсан ч Саудын Арабын эрх баригчид хэргийг өөрсдөөсөө холдуулсаар байгаа. Учир нь сэтгүүлч амиа алдахаасаа өмнө улс эх орныхоо удирдагчдыг ялангуяа угсаа залгамжлах ханхүүг маш их шүүмжилж бичдэг байсан аж.

Мими Мефо- Цахим гэмт хэрэг, хуурамч мэдээлэл тараасан хэргээр баривчлагдсан Камеруны сэтгүүлч

2018 оны арваннэгдүгээр сард Камеруны баруун хэсэгт болсон хямралын талаар сурвалжилснаас гадна сэтгүүлчдийн эрх зөрчигдөж, хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн боомилж байгаа талаар дуу хоолойгоо өргөж, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцдэг байсан ба түүнийг хуурамч мэдээлэл тараасан, цахим гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлан хорьж байна.

Анна Нимириано- Заналхийллийн дор үгээ хэлсээр байгаа Өмнөд Суданы сонины редактор

Ажил үүргээ гүйцэтгэж, ард иргэдэд улс эх орны үнэн бодит төрхийг илчилснийхээ төлөө шоронд хоригдож буй мэргэжил нэгтнүүдийнхээ талаар нийтлэл бичиж, хэвлэл мэдээллийг хараат бус болгохын төлөө тууштай тэмцдэг тэрбээр Засгийн газрын маш хүнд дарамтан дор ажиллаж байна. Сонинг хаах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан ч түүний тууштай тэмцлийн үр дүнд хараахан хааж чадаагүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж