Морины жүчээнд мэндэлсэн “дүрсгүй” хаан

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Морины жүчээнд мэндэлсэн “дүрсгүй” хаан

Морины жүчээнд мэндэлсэн “дүрсгүй” хаан

Японы Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын том хүү болон 1960 онд мэндэлсэн, өдгөө 59 настай, угсаа залгамжлах хунтайж Нарухито тавдугаар сарын 1-ний өдрөөс Япон улсын 126 дахь сүр жавхлант Эзэн хаан болсон билээ. Бид энэ удаагийнхаа “ХҮМҮҮС” буланд Рэйва эриний анхны хаан Нарухитогийн тухай онцолж байна.


Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Японы Эзэн хааны ордны морины жүчээнд мэндэлжээ. Түүний бага нас аз жаргалаар дүүрэн өнгөрсөн тухай Японы Эзэн хааны ордны тэмдэглэлд бичсэн байдаг аж.

Нарухито дөрвөн наснаасаа зөвхөн Японы хааны удам болон язгууртан гэр бүлүүдийн хүүхдүүд хүмүүждэг Гакусюин боловсролын системийн дагуу боловсрол эзэмшиж эхэлжээ. Тэрбээр хөгжим, теннис, бейсбол тоглох, ууланд авирах, морь унах дуртай, багагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан аж.

Акихито хүүгээ 14 настайд нь бизнес эрхлэгч Колин Харперынд нэг жилийн хугацаатай суулгахаар Австрали руу явуулсан нь Японы эзэн хаадын гэр бүлийн түүхэнд өмнө нь тохиож байгаагүй үйл явдал болжээ. Угсаа залгамжлах ханхүү ч Харперын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцсон байна. Тэрбээр Австралийн төвд орших Улуру хаданд авирчээ.

Дунд ангиасаа газар зүйг илүүтэй сонирхон, улмаар Гакусюин их сургуульд суралцан, түүхийн бакалавр, магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн тэрбээр их сургуульд байхаасаа зам тээврийг ихэд нухацтай судлах болжээ. Нарухито “Зам гэдэг зүйл хүнийг үл мэдэгдэх ертөнцөд хүргэдэг. Миний хувьд мэдээ орсон цагаасаа эхлэн өөрийнхөөрөө чөлөөтэй байх боломжгүй, хатуу дэг жаягтай амьдрал туулсаар ирсэн. Тиймээс зам гэдэг миний хувьд урд өмнө нь огт үзэж байгаагүй газарт маань намайг аваачих үнэ цэнэтэй зүйл юм” хэмээн ярьжээ.

Нарухито 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба, 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн байна. Нарухитогийн дараа титмийг түүний дүү Фумихито өвлөж, харин түүнийг хүү Хисахито нь залгамжлах аж.

-МИЧИКО ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ ШИНТО ШАШИНД ЭЛСЭН ОРСНООР ХААНЫ ГЭР БҮЛД БАГТЖЭЭ-

Нарухито ямар учраас морины жүчээнд мэндэлсэн бэ? Энэ тухай үнэнийг тухайн үеийн хаан, түүний өвөө Хирохитогийн гэр бүл маш ихээр нууцалжээ. Хожим ил болсон энэ түүхийг Акихито хааны хатан Мичико Ромын Католик шашинтай байсантай холбон тайлбарласан аж. Тухайн үед Хирохито хааны гэр бүл тэдний дотор хатан Кожүн угсаа залгамжлагч хунтайж Акихитогийн гэрлэлтийг эрс эсэргүүцэж байжээ.

Хатан Кожүн Мичико болон Нарүхито нарыг угсаа залгамжлагч хунтайж Акихитогийн ирээдүйн үйл хэрэгт дарамт болно гэж хүртэл хэлж байсан удаатай аж. Гэхдээ Мичико хатан Ромын католик шашинтай гэр бүлээс гаралтай, шашны сургуульд хүмүүжсэн ч баптизм хүртэж байгаагүй учир Японы уламжлалт Шинто шашинд элсэн орж, хааны гэр бүлд багтжээ.

Нарухито хунтайжийн аав Акихито нь Японы түүхэнд хааны гэр бүлийн хатуу дэг жаягийг хамгийн ихээр өөрчилсөн хүн болж үлдэж буй юм. Мөн түүнийг олон зуун жил үргэлжилсэн зарим уламжлалыг эвдсэн гэж шүүмжлэх хүмүүс бий аж. Тэрбээр өөрөө энэ хатуу дэг жаягийн улмаас хатныхаа хамтаар маш их зүйлийг даван туулсан тул хүүхдүүддээ хатуу хандаагүй аж. Үүний хамгийн том жишээ нь бага охиноо жирийн хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн явдал юм.

-БАРУУНЫ ХЭВ МАЯГТАЙ ХУНТАЙЖ-

Нарухито хунтайжийн хувьд 1986 онд Испанийн гүнж Инфанта Эленатай цай ууж суухдаа өөрийн хатан Масако Овадатай танилцжээ. Тэрбээр жилд хамгийн өндөр чадвартай 800 хүн өрсөлдөж, ердөө 20 хүнийг ажилд авдаг маш ширүүн өрсөлдөөнтэй Гадаад харилцааны яамны сонгон шалгаруулалтад бэлдэн, Токиогийн их сургуульд суралцаж байсан Масакод сэтгэл алдарч, боломж гарах бүрт уулзалдах болсон аж. Тэдний харилцааны тухай 1987 онд анх хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр тухайн үед л Масако Овадаг нэр хүндтэй ахмад дипломатчийн охин, Орос болон АНУ-д боловсрол эзэмшсэн, таван хэлтэй, Харвардын их сургуулийн Япон судлалын тэнхимийн тэргүүн, соёл, ёс заншлын бие төлөөлөгч болохыг мэдсэн байна.

Харамсалтай нь, Масакогийн өвөө Юутака Эгахейха нь 1930-аад оны үед Японы хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Минамато хотын цэвэр усны нөөцөд их хэмжээний химийн пластик хорт бодис хийж, олон мянган хүнийг хордуулж, ургийн гажиг үүсгэсэн “Chisso” корпорацийн санхүүгийн сүйрлийг хаацайлж байсан гэх маргаантай хэрэгт холбогдож байснаас болж хааны гэр бүлд багтах ёсгүй гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Үнэндээ Масако ч гэсэн өөрийн карьерыг хөөхийн тулд хааны гэр бүлийн гишүүн болохыг хүсээгүй гэдэг. Тэрбээр аавынхаа адилаар дипломатч болохыг хүсдэг байжээ. Гэхдээ Нарухито хунтайж өөртэй нь гэрлэснээр дипломатчийн ажлаа хамгийн өндөр байр сууриас хийх боломжтой гэж ятгасаар уламжлалын дагуу гурван удаа гэрлэх санал тавьсны дараа зөвшөөрүүлсэн байна.

Шинэ хааны хувьд бэйсболын үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд Японы мэргэжлийн бэйсболын лигийн “Yomiri Giants” багийн фен аж. Мөн тэрбээр хийл хөгжмийг мэргэжлийн төвшинд тоглодог ба нилээд барууны хэв маягтай гэдгээрээ хааны гэр бүлийнхнээс ялгардаг аж.

Нарүхито хунтайж болон Масако нарыг барууны хэв маягтай гэж шүүмжилдэг байжээ. Үнэндээ тэд ёс заншлаа хамгийн хатуу дагаж мөрдөн, залуу хойчдоо өвлүүлэн үлдээхийг ихэд чармайдаг аж.

-НАРУХИТО ГЭРГИЙ МАСАКОГИЙН ХАМТ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙВ-

Угсаа залгамжлагч хунтайж Нарухито өөрийн эцэг Акихитог 1989 онд хаан ширээнд суусан цагаас эхлэн дараагийн хаанд өргөмжлөгдөн, гадаад оронд улсаа сурталчлах болон дипломат харилцаанд анхааран ажилласаар иржээ. Тэрбээр 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба улс, 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн байна.

Нарухито 2007 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өөрийн хатан Масакогийн хамтаар манай улсад айлчилж байсан юм. Мөн түүнийг дэлхий дахин ирээдүй хойчид цэвэр усны нөөцийг үлдээхээр тэмцэж буй шаргуу хөдөлмөрөөр нь сайн мэддэг.

Нарухито 28 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэгдэж байв. Тэрбээр дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Оксфордын их сургуульд боловсрол эзэмшжээ.

Эзэн хаан Нарүхито хэрэв угсаа залгамжлах хүүтэй болохгүй бол түүний угсааг хэн залгамжлах вэ гэсэн асуулт гарч тулгарч буй аж. Тэрбээр Айко гэх ганц охинтой. Мэдээж 59 настай шинэ Эзэн хаан болон 55 настай хатан Масако нар дахин хүүхэдтэй болох, тэр тусмаа хүүтэй болох магадлал тун бага юм.

Японы эзэн хааны гэр бүлийг ихэнх хүмүүс билэг тэмдэг төдий гэж хүлээж авдаг. Хэдий тэд хууль тогтоох эрх мэдэлгүй ч энэ улсын олон мянган жилийн түүх, соёлын биет өв болж явдаг аж. Зөвхөн тэдний МЭӨ 600 оноос эхлэн хөтөлж ирсэн ургийн бичээс нь жинхэнэ цэвэр Япон цус, удам судрыг хадгалж буй хэлбэр аж. Эзэн хааны гэр бүлийн амьдралын хэв маяг, сургаал нь өндөр ёс суртахуунтай энэ улсын иргэдийн хүмүүжлийн багана юм.

Японд шинэ эзэн хааныг залах ёслолыг дагаад тус улсад хоёр асуудал тулгарч буй юм байна. Эхнийх нь 2600 жилийн түүхтэй Японы хаант засаглалд өмнө нь хэзээ ч нэгэн зэрэг хоёр эзэн хаан аж төрж байгаагүй явдал. Өөрөөр хэлбэл, урд нь зөвхөн өмнөх хаан нас барсан тохиолдолд дараагийн хүнд хаан ширээ шилжин очдог байжээ. Одоогоор Акихито хааныг өөрийн эрх мэдлийг өгсний дараагаар ард түмэн түүнийг хэрхэн хүлээн авч, өндөр алба хэргэмтэй хүмүүс түүнтэй хэрхэн харьцах тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Японы Эзэн хааны гэр бүл 18 гишүүнтэйгээс 13 нь хаан ширээг шууд залгамжлан авах эрхтэй аж. Тэдний дунд Акихито хааны дунд хүү буюу Нарухито хааны төрсөн дүү болох хунтайж Акишино болон түүний цорын ганц бага хүү болох 12 настай Хисахито нар бий.

Японы хуулиар эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй тул Аикод ямар ч боломж байхгүй. Харин Акихито, Мичико нарын хоёр дахь хүү хунтайж Фумихитогийн бага хүү Хисахито угсаа залгамжлах хунтайж болох нь гарцаагүй болжээ. Хисахито авга ах, аавынхаа дараа гурав дахь үеийн угсаа залгамжлагч байсан бол энэ сараас хоёр дахь үеийн угсаа залгамжлагч болов.

Эх сурвалж: NHK, Japan news, Japay today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж