Нэг сэдэв, найман эх сурвалж: ХУУРАМЧ МЭДЭЭ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Нэг сэдэв, найман эх сурвалж: ХУУРАМЧ МЭДЭЭ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ

Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт маш олон шинэ ойлголт бий болж байна. Тухайлбал, Fake news буюу хуурамч, худал мэдээ, тролл буюу хуурамч сэтгэгдэл гэх зэргийг ашиглан өнөөдөр популистууд ард иргэдийн сэтгэл хөдлөл дээр тоглолт хийн, эрх мэдэлд хүрч байгаа асуудал нь Монгол төдийгүй дэлхийн олон улс оронд толгойны өвчин болжээ. Үүний хэрээр мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүнд унаж, эрх чөлөө нь хумигдаж, хүндхэн сорилттой нүүр тулж байна

Хэвлэлийн эрх чөлөөний дэлхийн өдөр маргааш буюу тавдугаар сарын 03-нд тохионо. Энэ өдөрт зориулан NEWS агентлаг “Хуурамч мэдээлэл ба Сэтгүүлзүй” гэсэн сэдвийн дор “Нэг сэдэв, Найман эх сурвалж” контентоо бэлтгэлээ.

ЭХ СУРВАЛЖ 1

Сонин, сэтгүүл, радио тоо цөөрч, телевиз, сайтын тоо нэмэгдэж байна

Юуны өмнө, өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбар ямар түвшинд байгаа талаарх судалгааг хүргэе. Тус судалгааг монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан юм.

2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл

СОНИН

2017 онд сонины тоо өмнөх оныхоос нэгээр цөөрч 88 болжээ. Гаралтын давтамжийн хувьд 10-14 хоног тутмын сониныг эс тооцвол бусад сонины тоо мөн буурсан. 2016 онд өдөр тутмын 11 сонин байсан бол “Улс төрийн тойм” сонин 2017 оны 4-р улирлаас давтамжаа өөрчилж, 7 хоног тутам гарах болсон. Сонины тоо буурахын хэрээр борлуулалтын тоо ч бас буурч байгаа бөгөөд энэ хандлага 2017 онд мөн хадгалагдсан байна. 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулахад сонины борлуулалтын тоо 800 мянга орчмоор буурсан.

  • Өдөр тутмын-9
  • 3-4 хоног тутмын-3
  • 7 хоног тутмын-23
  • 10-14 хоног тутмын-36
  • Сар тутмын-11

 

СЭТГҮҮЛ

2017 онд 10 сэтгүүл гарахаа больж, 1 сэтгүүл шинээр мэндэлснээр хэвлэмэл сэтгүүлийн тоо өмнөх 2016 оныхоос цөөрч 71 болсон байна. Нийт сэтгүүлийн 34 хувийг сар тутмын, 36 хувийг улирал тутмын сэтгүүл эзэлж байна. Зах зээлд нийлүүлж буй нийт сэтгүүлийн 91 хувь буюу 1.4 сая хувь ширхэг сэтгүүлийг худалдан борлуулжээ. Сэтгүүл уншигчдын хувь хэмжээ 2016 онтой харьцуулахад буурсан бөгөөд газар зүйн хувьд авч үзвэл орон нутагтай харьцуулахад Улаанбаатар хотын иргэдийн сэтгүүлийн хэрэглээний давтамж өндөр байна.

  • 7 хоног тутмын-5
  • 14 хоног тутмын-3
  • Сар тутмын-25
  • 2 сар тутмын-6             
  • Улирал тутмын-27

РАДИО                        

2017 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан радиогийн тоо 48 болж, өмнөх оноос 8-аар цөөрчээ. Хамрах хүрээний хувьд авч үзвэл МҮОНР-ийн 2-р суваг “Алтан сан” радио хаагдсанаар үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг радио 3 болон буурсан байна. Бүсийн хэмжээнд болон Улаанбаатар хотод эфирээ цацаж буй радиогийн тоонд өөрчлөлт ороогүй бол орон нутагт 7 радио хаагдаж, 17 болсон байна. Радиогийн 7 хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг Улаанбаатар хотод 150 болж өмнөх оноос 1 цагаар хасагдсан бол орон нутагт 3 цагаар нэмэгдсэн байна. 2016 онтой харьцуулахад радионууд цахим орчин болон нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ түгээх нь нэмэгдсэн байна.  

ТЕЛЕВИЗ

2017 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевизийн тоо өмнөх оноос хоёроор нэмэгдэж 127 болсон. Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг 1 телевиз үйл ажиллагаагаа зогсоож, 2 телевиз шинээр байгуулагджээ. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацаж буй 16 телевизийн 7 хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 130 болж, өмнөх 2016 оноос 4 цагаар хасагдсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотынх 121 цаг болж, 1 цагаар багассан бол орон нутагт 99 цагт 2 цагаар багасчээ. Хамгийн хүртээмжтэй телевизийг МҮОНТВ,”Монгол”, “Боловсрол суваг” тэргүүлж буй бөгөөд мэдээ, уран сайхны кино голлон үзэж байна. Телевизийн сувгийг сонгохдоо 2 хүн тутмын нэг нь санамсаргүй байдлаар сонголт хийж буй бөгөөд өдөрт дунджаар 2-3 цагийг телевиз үзэхэд зарцуулж байна.

МЭДЭЭЛЛИЙН САЙТ

2017 онд мэдээллийн 2 сайт хаагдаж, 6 сайт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр мэдээллийн сайтын 2016 оныхоос 4-өөр нэмэгдэж 100 болсон байна. Эдгээр 100 сайт нь “Монголын сайтын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциац”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”-д хуваагдан харьяалагддаг. 2016 онтой харьцуулахад интернэтийн хэрэглээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутагт ч нэмэгдсэн байна. Хэрэглэгчид интернэтэд холбогдоод хамгийн түрүүнд Фэйсбүүкээ шалгадаг бөгөөд өдөрт дунджаар 2-5 цагийг интернэт ашиглахад зарцуулж байна. Нас залуужих тусам интернэтийн орчинд өнгөрөөх цаг нэмэгдэж байна.

ХАРЬЯАЛАЛ

Монгол Улсад байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн /ХМХ/ дийлэнхийг буюу 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Ялангуяа телевизийн салбарт хувийн харьяалал давуу байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 10 телевиз тутмын 9 нь хувийн эзэмшилд байна. Харин ТББ, иргэний холбоод дэргэдээ радио ажиллуулж, сонин, сэтгүүл гаргах нь түгээмэл байна.

 

Сонин

Сэтгүүл

Радио

Телевиз

Мэдээллийн сайт

Хувийн байгууллага

72

63

78

91

92

ТББ, Иргэний холбоо

11

25

10

6

6

Улс төрийн нам/эвсэл

2

0

0

0

0

Төрийн байгууллага

15

12

12

3

2

2017 оны байдлаар ХМХ-ийг олноор эзэмшиж буй байгууллагууд

Эзэмшил

Нийт тоо

ХМХ-ийн нэр

Борлуулалтын нийт тоо/ 7 хоногийн нэвтрүүлгийн цаг

МОНЦАМЭ агентлаг

6

“Монголын мэдээ” сонин /хятад хэлээр/

273,000 ш

“Монгол цушин” сонин /япон хэлээр/

“Mongol Messenger” сонин

“Mongolia Today” сэтгүүл

“Новости Монголии” сонин /орос хэлээр/

“Хүмүүн бичиг” сонин /монгол бичгийн/

Эгэл ХХК /Орон нутгийн сонины холбоо/

6

“Дундговийн амьдрал” сонин

242,000

“Завхан” сонин

“Их Алтайн мэдээ” сонин

“Монгол говь” сонин

“Өвөрхангайн элч” сонин

“Хэнтийн мэдээ” сонин

“Монгол масс медиа” групп

7

“Үндэсний тойм сэтгүүл

72,000

“Asian ox” телевиз

133 цаг

“Боловсрол суваг” телевиз

133 цаг

“Dreambox” телевиз

84 цаг

“Moviebox”

160 цаг

“Eagle news” телевиз

132 цаг

www.eagle.mn сайт

 

“Монгол ньюс” групп

6

“Өнөөдөр” сонин

2,252,800 ш

“UB Post” сонин

“MN25 суваг” телевиз

126 цаг

“Shop Mongolia” телевиз

112 цаг

www.unuudur.mn

 

MMJ ХХК

6

“Алаг хорвоо” сонин

-

“Болсон явдал” сонин

-

“Далд амьдрал” сонин

-

“Байлдан дагуулагч” сонин

-

“Хоёулаа” сонин

-

“Янаг хорвоо” сонин

-

“Масс” агентлаг

4

“Их Монгол” FM радио

168 цаг

“Масс” телевиз

40 цаг

ETV телевиз

133 цаг

www.mass.mn сайт

 

“Медиа” групп

3

NTV телевиз

161 цаг

“Smart” FM радио

168 цаг

www.time.mn

 

National News Corporation

4

“Засгийн газрын мэдээ” сонин

1,177,600 ш

“Forbes Mongolia” сэтгүүл

 

“Bloomberg TV Mongolia” телевиз

118 цаг

www.ubinfo.mn сайт

 

“Сэрүүлэг констракшн” ХХК

4

“Сэрүүлэг” сонин

163,200 ш

“Монголчуудын амьдрал” сонин

“Эрүүл амьдралын радио” FM 104.0

168 цаг

TV8 телевиз

168 цаг

БОЛОВСОН ХҮЧИН

Хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4462 хүн ажиллаж байна. Телевизийн салбарт хамгийн олон буюу 2443 хүн ажиллаж, нийт ажиллагсдын 55 орчим хувийг бүрдүүлж байна. Насны хувьд авч үзвэл нийт ажилтнуудын 40 орчим хувийг 30 хүртэлх насныхан, 33 орчим хувийг 30-40 насныхан бүрдүүлж байна. Энэ салбарын олонх нь буюу 54 хувь эмэгтэй байна. Цалингийн хувьд өмнөх 2016 оныхоос онцын өөрчлөлтгүй, шийдвэр гаргах түвшний удирдах ажилтны дундаж цалин 1 сая 800 мянга, сэтгүүлчид 780 мянга, техникийн болон туслах ажилтан 710 мянга, захиргаа, үйлчилгээний ажилтан 600 мянган төгрөгийн дундаж цалинтай байна.

Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн 

ЭХ СУРВАЛЖ 2

СУДАЛГАА: Хэвлэл мэдээллийн салбар гэр бүлд ээлтэй бус салбар
1120

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн хүрээлэн Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудал, цалин хөлсний түвшин, энэ салбарт Үйлдвэрчний эвлэлийг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг мэдэх зорилгоор судалгаа явуулжээ.

Энэ чиглэлийн судалгааг хэвлэл мэдээллийн салбарт анх удаа хийсэн болохыг онцолж байна. Судалгаагаар: 

  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эдийн засгийн байдал (өрхийн орлого, орон сууцны байдал, өр, зээл)
  • Хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн байдал (хэвлэл мэдээллийн салбарт хувиараа бизнес эрхэлдэг эсэх,  хөдөлмөрийн гэрээний төрөл)
  • Ажил, хөдөлмөрийн нөхцөл (ажлын цаг, үргэлжлэх хугацаа, ачаалал,  цалингийн түвшин, нэмэлт урамшуулал, даатгалд хамрагдсан байдал, ажлаас халагдах нөхцөл, хууль бусаар ажлаас халагдахад ямар нэгэн хамгаалалт байдаг эсэх, хэвлэл мэдээллийн салбарт анх ажилд хэрхэн орсон байдал, туршилтын хугацаагаар ажилласан нөхцөл)
  • Ажлын байрны сэтгэл ханамж, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт
  • Сэтгүүл зүйн нөхцөл байдлын тухай ерөнхий үнэлэмж, сэтгүүл зүйн ирээдүйд итгэх итгэл,  хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтийн тухай ойлголт, байр суурь)
  • Мэргэжлийн сургалт, өөрийгөө хөгжүүлэх боломж (ажилд орох, өсөн дэвжихэд мэргэжлийн мэдлэг боловсрол хэр чухал бөгөөд хамааралтай байдал, ажлаа хийнгээ мэргэжлийн мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддаг эсэх, сургалтад хамрагдсан давтамж, нэр төрөл)
  • Мэргэжлийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд учирч буй саад бэрхшээл, сурч боловсрохтой холбоотой төлбөрийн асуудал (ажил олгогчоос сургалтын төлбөр төлдөг, дэмждэг эсэх)
  • Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ, түүний үүрэг, хариуцлага, шаардлага, хэрэгцээний тухай ойлголт, төсөөлөл. ҮЭ-ийг хэн байгуулах, хэн санхүүжүүлэх  ёстой тухай ойлголт
  • Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ байгуулагдах үйл явцад оролцох хүсэлтэй эсэх байгуулагдвал гишүүнээр элсэх эсэх,  гишүүнчлэлийн төлбөр хураамж төлөх бэлэн байгаа эсэхийг судалсан байна.

Судалгаанд Улаанбаатар хот болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдыг хамруулжээ.

2019 оны эхний улирлын байдлаар Монголд хэвлэл мэдээллийн 430 орчим хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж, эдгээрт 4500 хүн ажиллаж байна. 2100 орчим бүтээлч ажилтнууд буюу сэтгүүлч, сурвалжлагч, редакторууд 670 удирдах албан тушаалтан байна.

Хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын дунд 26-35 насныхан буюу ид амьдралаа хөл дээр нь босгож буй залуучууд 60 орчим хувийг эзэлж байна. Нийт ажиллагсдын 92 хувь нь дээд, магистр ба түүнээс дээш боловсролтой байна.

Ажиллагсдынх нь дийлэнхийг залуус эзэлдэг, өндөр боловсролтой ажиллагсадтай салбар байна. Гэр бүлийн байдлын хувьд 62 хувь нь гэр бүлийн хариуцлагатай буюу гэрлэсэн, 70 хувь нь дунджаар 2 хүүхэдтэй. Судалгаанд оролцогсдын 50-иас дээш хувь нь телевизэд, 19 % нь сонин сэтгүүлд, радио фм-д 8%, мэдээллийн сайтад 14%, 2% бусад салбарт ажиллагсад байсан.

Өрхийн эдийн засаг, санхүүгийн байдал: өрхийн гишүүдийн тоо дунджаар дөрөв, ажил эрхэлдэг гишүүдийн тоо дунджаар хоёр байна. Судалгаанд оролцогсдын өрхийн дундаж орлого улсын дунджаас доогуур байна.

Гурван өрх тутмын нэг нь өрхийн орлого хүрэлцдэггүй (31%), таван өрх тутмын хоёр нь өрхийн орлогын хүрэлцээ дунд зэрэг (40%) огт хүрэлцдэггүй (4%) гэсэн бол таван өрх тутмын нэг нь өрхийн орлого хүрэлцдэг (21%)  гэжээ.

Ерөнхийдөө сэтгүүлчдийн гэр бүлийн 77% -ийн өрхийн орлого хүрэлцдэггүй аж. Ажиллагсдын 60 орчим хувь нь цалин бага, цалингаа өгдөггүй, өсөх ирээдүй муутай, хамт олон даргатай зөрчилтэй гэсэн шалтгаанаар 1-4 удаа ажлаа сольсон тогтвор суурьшил муутай ажилладаг байна.

Харин ажиллагсдын 92% нь хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг. Мөн хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Ажлын цагийн хувьд салбарын ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг 7 хоногийн 6.5 өдөрт ажилладаг. Долоо хоногийн 7 өдрийн зөвхөн хагас өдрийг нь гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой, хэвлэл мэдээллийн салбар гэл бүлд ээлтэй бус салбар юм байна.

Амралтаа эдэлдэг эсэх: салбарын ажиллагсдын талаас илүү хувь нь нийтээр амрах өдрүүдээр ажилласан бол нөхөн амарч чаддаггүй (62%), цалингаа нөхөн авч чаддаггүй (60%), тэр ч байтугай ээлжийн амралтаа эдэлж чаддаггүй, эдэлж үзээгүй ч ажиллагсад олон байна.

Цалин хөлсний төвшин: Энэ бүх тоо мэдээнээс харахад сэтгүүлчдийн цалин өндөр бус байх нь ойлгомжтой. ҮСХ-ноос 2019 оны 1-р улиралд ажиллагсдын сарын дундаж цалин 990 мянган төгрөг (татварын дараах)  гэж тогтоосон бол хэвлэл мэдээллийн салбарынх 664 мянган мянган төгрөг байна.

Ажиллагсдын 92% нь өндөр боловсролтой ч улсын дунджаас 30 гаруй хувь доогуур цалин авдаг юм байна. Ажиллагсдын 63% нь нэмэгдэл цалин авдаггүй. Салбарын ажиллагсдын 89% нь НД, ЭМД-ын шимтгэлээ төлдөг.

Орон нутагт гурван хүн тутмын нэг нь НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй. Ажиллагсдын 40 орчим хувь нь хөдөлмөрийн эрх зүйн мэдлэгээр тааруу.

Туршилтаар ажилласан гурван хүн тутмын хоёр нь цалинтай ажилладаг. 30 орчим хувь нь цалингүй ажилласан. Сэтгэл ханамжийн байдлын хувьд хамт олны уур амьсгалдаа хамгийн өндөр сэтгэл ханамжтай харин цалиндаа хамгийн сэтгэл ханамж муутай байна.

Өөрийгөө хөгжүүлэх, сургалтад суух боломжийн талаар: ажиллагсдын 76 % нь сургалтанд суух хүсэлтэй. Сургалтад хамрагдахад хамгийн их тулгардаг бэрхшээл санхүүгийн бэрхшээл (49%) аж.

Үйлдвэрчний эвлэлийн талаар: ажиллагсдын 78.5% нь сонсох төдий мэдээлэлтэй. Салбарт тусгайлсан ҮЭБ хэрэгтэй гэж судалгаанд оролцогсдын 62% нь үзсэн. Байгууллага ҮЭ-Хороотой байх ёстой гэж 50-иас дээш ажилтантай томоохон байгууллагад ажиллагсад үзсэн. Гурван хүн тутмын нэг нь үйлдвэрчний эвлэл байгуулах үйл явцад оролцох хүсэлтэй. 36 хувь нь гишүүний хураамжаа төлөхөд бэлэн гэжээ.

Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн 

 

ЭХ СУРВАЛЖ 3

Баримтыг шалгах, онлайн хэрэгслийг ашиглах чадвартай сэтгүүлчид олон улсад эрэлттэй байна
41585449_2030804773653427_5275268795055734784_n

Дэлхий дахины веб (www) бий болсноос хойш буюу сүүлийн 30 жилд асар олон тооны веб сайт бий болж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй өрсөлдөж эхэлсэн. Үүний улмаас радио, телевиз, сонин, сэтгүүлүүд ч мөн онлайн платформтой болохтой зэрэгцээд маш олон сорилт сэтгүүл зүйн өмнө тулгарч байгаа билээ. Тэдгээрийн нэг нь цахим ертөнцөд өргөнөөр тархах болсон үзэн ядах үг хэллэг, хуурамч мэдээллийг яах вэ гэдэг асуудал юм. Энэ талаар Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагчдын нэг, Ройтерс агентлагийн сэтгүүлч Д.Мөнхчимэгийн байр суурийг хүргэе.


"Сүүлийн үед сошиал медиа маш эрчимтэй хөгжиж байна. Хүн бүр лайв хийж, хүссэн мэдээллээ олон нийтэд түгээх боломжтой болсон. Зарим талаар энэ нь сайн. Гэхдээ энэ их замбараагүй мэдээллийн эрин үед үзэн ядах үг хэллэг, хуурамч мэдээ зэрэг нийгмийг сөргөлдүүлэн бутлах, олон нийтийг төөрөгдүүлэх муу үр дагавартай зүйл ч их болж байна. Хүний хэлээгүйг хэлсэн болгоод гаргачихдаг, байгаагүй газар нь байсан юм шиг зураг эвлүүлээд нийгмийн мэдээллийн сүлжээнд оруулах зэрэг нь маш хялбар болсон. Энэ бүхэн сэтгүүл зүйн салбарын хувьд томоохон сорилт, нөгөө талаас харахад мэргэжлийн ур чадвараараа ялгарах боломж болж харагдаж байгаа юм.

Тухайлбал, хуурамч мэдээ элбэг болохын хэрээр мэдээллийг нягтлан шалгах арга улам бүр нарийсч, сэтгүүлчдийн ашиглаж болох хэрэгслүүд буюу Tools ч элбэг болж байна. Факт-чекэр гэдэг мэргэжил хүртэл гарч ирээд, зарим томоохон редакц зөвхөн мэдээллийг нягтлан шалгах үүрэгтэй баг, хэлтэстэй хүртэл болж эхэлсэн. Зөвхөн энэ чиглэлээр дагнан ажилладаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй, факт-чекингийн төвүүд ч олноор бий болчихсон байгаа.

Цахим орчинд мэдээллийг нягтлан шалгах (Online verification) онлайн хэрэгслүүд бий болж, улам бүр хөгжиж байна. Их сургуулиуд, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд, технологийн компаниуд ийм хэрэгслүүдийг улам бүр хөгжүүлэх, илүү хүртээмжтэй болгох чиглэлд ажилласаар байгаа. Энэ нь нийгмийн ач холбогдолтой учраас ихэнх нь үнэгүй, нээлттэй байдаг нь сайн хэрэг. Тэр бүх арга хэрэгслүүдийг Монголын сэтгүүлчид ч ашиглаад, мэдээллийг нягталж шалгах боломж нээлттэй байгаа юм. Гэхдээ үүнд тодорхой чадвар хэрэгтэй. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс факт-чекингийн чиглэлээр чадавх бэхжүүлэх томоохон төсөл эхлүүлэх бэлтгэл ажлаа хийж байгааг энэ дашрамд дуулгая.

Сэтгүүл зүйн уламжлалт аргаар баримт, мэдээллийг нягтлан шалгахын зэрэгцээ онлайн хэрэгслүүдийг ашиглаад сурчихсан судлаачид, сэтгүүлчид олон улсын хэмжээнд маш эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагддаг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбар дахь “секси” мэргэжлүүдийн нэг яах аргагүй болоод байна.

За тэгээд интернетийн хөгжлийг дагаад маш олон шинэ ажлын байр бий болж байгаа нь мөн харагддаг. Тухайлбал, паблик эдитор, сошиал медиа эдитор зэрэг албан тушаал олон улсын томоохон хэвлэлүүдэд элбэг болж байна. Манайхан маш их бодож, судалж, бөөн юм болж нэг гоё нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэчихээд тэрийг гаргахаар нь мартаад, дараагийн юмаа хийгээд эхэлдэг дээ. Тэгвэл паблик эдитор, сошиал медиа эдитор зэрэг нь тэдгээр бүтээлийг хэрэглэгчдэдээ хүргэх, тэдний сэтгэгдлийг авах, сэтгүүл зүйн бүтээл нь олон хүнд, тэр тусмаа шийдвэр гаргагчдад хүрч, тодорхой өөрчлөлт бий болгох чиглэлд нэг талаас анхаарч ажилладаг юм билээ.

Нөгөө талаас, тухайн редакцийн сайт дээр уншигчид нь ямар сэтгэгдэл бичиж байгаа, тэд реакциас юу хүсэж, хүлээж байгааг судалж, бодлого гаргаж байдаг.

Манай томоохон сайтуудын хүртэл мэдээний араас хүмүүс аймшигтай сэтгэгдлүүд бичих нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Новш, орк, тэнэг, малаас эхлээд “Наадахыгаа ал”, “Цаазаар ав!” гэх мэтийн хэн нэгнийг, эсхүл хэсэг бүлэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, дайрч давшилсан, бүр хүчирхийлэлд шууд уриалан дуудсан сэтгэгдлүүд маш их ажиглагддаг. Үүнийг үзэн ядах үг хэллэг гээд байгаа юм.

Ц.Чимэддондог багш бид хоёр Фридрих-Эбертийн сан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэгт контент анализын судалгаа өнгөрсөн жил хийж байсан. Нийт 43 сайтаас 80 орчим бүтээлд анализ хийж үзэхэд аймшигтай дүр зураг харагдаж байлаа. 

Харин гаднын томоохон хэвлэлд тиймэрхүү сэтгэгдэл огт харагддаггүй. Яагаад гэхээр тэд мэдээгээ, бүтээлээ гаргачхаад манайхан шиг мартчихдаггүй. Тэр нь хүнд яаж хүрч байна, хүмүүс юу гэж байгааг ажигладаг. Үзэн ядах үг хэллэгээс урьдчилан сэргийлэх тал дээр технологийн шийдлүүдийг ашигладаг. Үнэ цэнэтэй, сайн сэтгэгдлүүдийг нүдэнд харагдахуйц байрлуулдаг, сэтгэгдэл хариуцсан хүн нь уншигчидтайгаа харилцаж, хариу өгч, амьд харилцаа бий болгодог. Энэ мэт янз бүрийн туршлага байдаг юм билээ.  

Өнөөдөр хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэг зэрэгтэй олон улс тэмцээд эхэлчихлээ. Энэ нь сэтгүүлчдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал, Германы хуулиар Facebook, Twitter зэрэгт репорт хийсэн тохиолдолд сошиал медиа платформууд 24 цагийн дотор хариу өгдөг байх жишээтэй. Гэтэл Монгол Улсад үүнийг огт тоохгүй байна. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс Фэйсбүүк дэр үзэн ядах үг хэллэгт мониторин хийх явцдаа 137 репорт явуулахад хоёрхон хариу ирсэн. Гэтэл Германд хүн хуультай болохоор асуудлыг хялбархан шийдэж байна. Гэтэл манайхан туйлшраад бүгдээрээ одоо хуультай больё гээд хуулийн төсөл бичээд регистрийнх нь дугаараар бүртгэнэ гээд яриад эхэллээ. 

Хамгийн гол нь бид Германыг дуурайж, хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг шиг юм болох вий. Платформоос хариуцлага нэхэх, Facebook-с хариуцлага нэхэх, хэрэглэгчээс хариуцлага нэхэх гэдэг бол өөр асуудал. Гэтэл бид Германтай адил платформоос хариуцлага нэхээд та нар хагас жил тутамдаа тайлан гарга, та нар репорт хийсэн даруйд наадахынхаа учрыг 24 цагийн дотор ол гээд сууж байдаг. Бид Герман биш шүү дээ. Бид тэд нараас хариуцлага нэхээд л, нөгөөдүүл нь гурван сая хүнтэй монголын хуулийг дагахгүй л байхгүй юу. Энэ нь яваандаа сэтгүүлчдийг дарамталдаг болчихвий. Яагаад ингээд яараад байгаа юм вэ. Сонгууль дөхчихсөн байна. Би энэ үзэгдлийг айдастай харж байгаа. 

 

ЭХ СУРВАЛЖ 4

Хуурамч мэдээлэл үнэн мэдээллээс зургаа дахин хурдан түгээлттэй байдаг
Untitled-2

Бидний амьдарч буй XXI зууныг “Мэдээллийн эрин зуун” гэж нэрлэх нь бий. Мэдээлэл олж авах суваг, дамжуулах хурд нэмэгдсэнээр хүн төрөлхтний хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж байгаа нь гарцаагүй үнэн. Гэвч “Гэрэл байвал сүүдэр байдаг” гэдэг шиг сөрөг талууд бас гарч ирж байна. Тэрхүү сөрөг тал нь “Fake news” юм. Өнөөдөр fake news хэмээн нэрлэгдэж буй хуурамч, худал мэдээлэлтэй дэлхийн улс орнууд тэмцэж эхлээд байна.

Хуурамч мэдээлэл хэр ноцтой вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, терроризм, дүрвэгсдийн хөдөлгөөн зэрэг асуудалд хуурамч мэдээлэл нөлөөлсөн гэж үздэг.  Мөн Турк улсын Истанбул хотод болсон шөнийн клубын халдлага үйлдсэн этгээдтэй адил төрхтэй Киргиз залууг хуурамч мэдээллийн улмаас буруутгажээ. Үүнээс болж бүс нутгийн хэмжээнд Киргиз иргэдээс болгоомжлох хандлага бий болжээ.

Үүнээс гадна, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн хийсэн судалгаагаар, Монгол Улсад хуурамч мэдээ, троллыг ашиглан популизм, үндсэрхэг үзэл ярьдаг, бодлого биш эмоци дээр “тоглодог” технологи 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй нөлөөлсөн. Энэ үед цахим орчинд хятад тавчиг болон банан нь ДОХ халдааж байна гэх зэргээ хятадыг үзэн ядуулах хуурамч мэдээгээр нийгмийн сэтгэлзүйг удирдан, бодлого ярихаас илүү үндсэрхэг үзлийг худал мэдээгээр дэвэргэсэн үзэгдэл гарсныг та бид нүдээрээ харж байна

Худал мэдээ, хуурамч сэтгэгдлийн ачаар "гудамжны" популистууд сошиал орон зайд орж ирж, хараа хяналтгүй, цензур бага нөхцөл байдлыг ашиглаж, сонгуулийн үеэр сөрөг сурталчилгаа явуулж байна. Гэхдээ хуурамч мэдээлэл нь аяндаа санамсаргүй байдлаар цахим ертөнцөд орж ирэх нь ховор бөгөөд бараг бүх хуурамч мэдээллийг тодорхой зорилготойгоор хөрөнгө, хүч зарцуулан хийж зориудаар олон нийтийн сүлжээнд тараадаг байна. Монголчуудын хэвлэл мэдээллийн боловсрол өндөр биш учраас хуурамч мэдээнд шууд итгэдэг, мэдээг нягталдаггүй, шүүн тунгаадаггүй. Иймд цахим орчинд хуурамч мэдээг бусдад түгээх нь элбэг. Хуурамч мэдээлэл үнэн мэдээллээс зургаа дахин хурдан түгээлттэй байдаг гэх судалгаа  хүртэл бий.

Тэгвэл сүүлийн үед худал мэдээ гэх нэр томьёоноос татгалзан хуурамч мэдээлэл гэж нэрлэх болсныг “Глоб Интернэшнл” төвийн  тэргүүн Х.Наранжаргал дуулгалаа.  Учир нь мэдээ бол олон нийтийн эрх ашигт нийцсэн нотлогдсон зүйл байх ёстой.  Мөн энэ хэм хэмжээнд нийцээгүй мэдээлэл нь  мэдээний тэмдэг тамга “дарагдаагүй” гэсэн үг. Энэ утгаараа “худал мэдээлэл” гэдэг нь мэдээллийн найдвартай байдлыг бууруулж буй утга учиргүй тэс хөндлөн зүйл хэмээн мэргэжилтнүүд үзэх болжээ.

Э.БУРАМ

ЭХ СУРВАЛЖ 5

Худал мэдээнд хэрхэн хууртахгүй байх вэ?
zurag

Хуурамч мэдээллийг хэрхэн таних, яаж бодит мэдээллийг ялгах вэ гэсэн асуултыг хэрэглэгчид их тавих болжээ. Та ямар нэг мэдээллийг уншаад эргэлзэх сэтгэл төрж байгаа дараах асуултуудад хариулт хайгаад үзээрэй.

-Энэ мэдээллийг хэн хийсэн байна вэ, автор нь хэн бэ, ямар хэвлэл мэдээллийн байгуулага вэ?

-Эх сурвалжуудыг нэрлэж үү, баримт байна уу?

-Яагаад энэ мэдээллийг хийсэн юм бол, зорилго нь юу вэ?

-Ямар нэг зүйлийг дутуу орхисон юм шиг мэдрэмж төрөв үү, өөр эх сурвалжийн мэдээллийг оруулж болох байсан уу?

-Хэн энэ мэдээллээс “ашиг” хүртэх вэ, энэ мэдээлэл хэнд ашигтай вэ?

-Эсрэгээрээ энэ мэдээлэл хэнд хохирол учруулж болох вэ?

ЭХ СУРВАЛЖ 6

IT компаниуд улс төрийн шинэ хүчин болж байна
Google Plus and Facebook

Өнөөдөр та бидний амьдралыг төр засаг удирдах уу аль эсвэл томоохон технологийн корпорациуд удирдах уу гэсэн сорилт дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Томоохон IT корпорациудын хөгжил, эдийн засагт үзүүлж буй нөлөө, инновацийн хөгжил, нийгмийн тогтвортой байдал зэргээс харахад улстөрчид технологийн салбарын "акул"-уудыг салгах, тэднийг тогтоон барихыг эрмэлзэж байна.

Энэ талаар АНУ-ын сенатор Элизабет Уоррен Facebook, Google, Apple, Amazon зэрэг том корпорациудыг хэдэн арван жижиг компани болгон хуваах, бүтээгдэхүүнээ өөрсдийн платформ дээрээ хөгжүүлэх зэргийг хориглохыг санал болгов. Монополийн эсрэг сулхан эрхзүйн орчин нь технологийн салбарт инноваци, өрсөлдөөнийг огцом буурахад хүргэжээ. Үүний зэрэгцээ хөрөнгөжсөн капиталистууд инновацийн стартапыг санхүүжүүлэх шийдвэрээ гаргаж чадахгүйд хүрсэн байна. Учир нь, тэд энэ салбарын "акул"-ууд бизнесийг нь залгихаас айж байгаа гэнэ. Улмаар IT корпорациуд "хориотой" бүс бий болгож эхлэв. Энэ бүсэд хөрөнгө оруулагчид ямар нэгэн эрсдэлгүйгээр хөрөнгө оруулалтаа хийх боломжтой гэв. Гэсэн хэдий ч үр дүнд нь, технологийн стартап, өсөх ирээдүйтэй залуу компаниуд багасч, 2012 онтой харьцуулахад санхүүжилтийн хэмжээ 22 хувиар буурчээ.

Зах зээл дээр өрсөлдөгч нь цөөрч байгаа үед технологийн "акул"-ууд маш хэрцгийгээр хоорондоо өрсөлдөж байна. Тэр тусмаа тэд хэрэглэгчийн нууцыг хамгаалах чиглэлд хүчтэй өрсөлдөх болжээ. Учир нь, нэг систем дэх хэрэглэгчийн мэдээллийн төвлөрөл болон платформын эмзэг байдал нь хэрэглэгчид мэдээллээ алдах хамгийн том замыг нээж өгсөн. Тухайлбал, Facebook, Google-ээс 168 сая хэрэглэгч хохирсон үйл явдал саяхан болсон. Улмаар зуу, зуун хэрэглэгчийн мэдээлэл олон нийтэд ил болов.

SurveyMonkey ба Recode компанийн санал асуулгын үр дүнд АНУ-ын иргэд Facebook, Google-д итгэх итгэл нь буурсан гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд тус хоёр компани жагсаалтын хамгийн доор эрэмблэгджээ. Харин хэрэглэгчийн мэдээллийг алдсан хариуцлагаа Марк Зукерберг өнөөг хүртэл хүлээгээгүй байна.

Томоохон корпорацийн үйл ажиллагаа хэрэглэгчийн сэтгэл ханамжаар зохицуулагдахгүй. Учир нь, өнөөдөр Facebook болон Google нь үнэгүй ашиглагдаж байна. Иймээс тэдгээрийг төлбөртэй болгох хэрэгтэй гэсэн санаачилга ч гарчээ.

Харин үр дүнд нь технологийн акул болсон өнөө үеийн залучуудыг энэ ертөнцөөс хязгаарлах болно гэв. Энэ байдал ч Европын холбоонд ажиглагддаг. Тэд Google-ийг хайлтын системдээ үйлчилгээгээ хууль бусаар сурталчилсан хэмээн буруутган 2.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан. Харамсалтай нь, нөхцөл байдал юу ч өөрчлөгдөөгүй.

Гэхдээ сенатор Уоррены хэлж буйгаар өнөөдөр Google, Facebook, Amazon нь монополиос илүү болчихсон. Тэд яг Facebook тэргүүтэй улс төрийн шинэ хүчин мэт харагдаж байна. Тэд хариуцлага хүлээхээс айхгүй байна гэв. Тэд түрхэн зуур л сурталчилгаагаа устгаж байна. Зарим нэг нь өөр хот руу шилжинэ, ажлын байрыг багасгана гэх зэргээр хот, мужийг айлгах асар их хүчин чадалтай болсон гэв.

УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ

Сүүлийн арван жилийн хугацаанд технологийн том корпорациуд лоббид тав дахин их зардал гаргасан бөгөөд Уолл-Стритийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр Вашингтон үеэрлэсэн. Жишээлбэл, 2018 онд интернэт компани 77 сая ам.долларыг улстөрчдийг дэмжихэд зарцуулав. Тухайн үед АНУ-ын таван том компани нийлээд 16.6 сая ам.долларыг зарцуулсан. Тэд монополио хамгаалахын тулд татварыг нэмэх, контент болон хэрэглэгчийн нууцлалын мэдээллийг Засгийн газрын хяналтттай болгох зэргээс зугтаж байна хэмээн улстөрчид хэлж байна.

Google компани 2010 оны эхэнд Эрик Шмидт гэх хүний удирдлага дор байхдаа лоббинд зарцуулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн.  Шмидт нь Novell компанийн ерөнхий захирал байх үед түүний компани Sun Microsystems болон IBM –тай хамтран Microsoft-ийн нөлөөний эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Зах зээлийн төлөөх тэмцэлд Novell ялагдаж, Шмидт Вашингтон болон IT-ийн "акул"-уудуутай сайхан харилцаатай байх ёстой гэдгээ ойлгосон гэдэг.  Шмидт 2013 онд Google-ийн ТУЗ-ын дарга байхдаа өөрийн ашиг сонирхлоо дэмжихэд 80 мянган ам.доллар зарцуулав. Мөн онд Цагаан ордонтой тэнцэх хэмжээний 16 мянган м.кв талбайг түрээсэлсэн. Лоббинд зарцуулж буй шууд зарлагаас гадна Силикон хөндий улстөрч болон ард түмэнд зөөлөн хүчний аргаар нөлөөлж байв. Тэд санхүүжилт, судалгааны төв, худалдааны холбоо зэргээр иргэний нийгэмд нөлөөлж байдаг.

Үүний зэрэгцээ Google-д 183 хүн ажилладаг бөгөөд ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засгийн газрын 58 ажилтан IT корпорацид ажилд орсон байдаг байв. Жишээлбэл, ерөнхий прокурор асан Эрик Холдер 2016 онд Airbnb-д ажилд орсон, харин Обамагийн зөвлөх асан Дэвид Плуфф 2014 онд Uber-т, хожим нь 2017 онд Чана Зукербергийн санаачилсан төсөлд /CZI/ хамтран ажиллах болжээ. Энэ төсөлд Жорж Бушийн сонгуулийн компанит ажлын зөвлөх ч ажилладаг.

Силикон хөндийн корпорацийн платформ сонгуулийн санал хураалтад нөлөөлөх хүчин зүйлс болж байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал, АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 35 сая удаа хуурамч мэдээ цацагдсан бөгөөд үүнд Facebook, Google, Twitter голлох үүрэг гүйцэтгэжээ. Удалгүй энэ скандалын дараа Cambridge Analytica нийгмийн сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулсан бөгөөд улс төрийн сурталчилгаа, хуурамч мэдээ түгээхэд ашиглагджээ.

Энэ мэт төстэй үйл явдал 2016 онд Brexit-ийн санал хураалтын үеэр болсон. Хэдийгээр хэрэглэгчийн мэдээлэлтэй холбоотой скандал байнга тасрахгүй байгаа ч IT "акул"-ууд уснаас цэвэр гарч, өөрсдийнхөө платформ дээр тавьсан контентын агуулгадаа хариуцлага хүлээхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Улс төрийн сурталчилгаанд хэн хамгийн их мөнгө зарцуулж байна вэ? Аравдугаар сарын сүүлээр Facebook АНУ-д энэ үзүүлэлтийг тодорхойлж болох апп зохиожээ. Ингээд судлаад үзтэл Техас мужийн сенат Бето О’Рурк нийгмийн сүлжээнд 5 сая ам.долларыг сурталчилгаанд зарцуулсан тогтоогдов. Хэдийгээр Марк Зукерберг худал мэдээллийн асуудлыг шийднэ гэх боловч өнөөдөр улс төрийн сурталчилгаагаар дамжуулан Facebook орчинд тархи угаалт нээлттэй байсаар байна.

Домогт өгүүлснээр, XVII зуунд Их Британийн зүчээний эзэн Томас Хобсон нэгэн үйлчлүүлэгчид хамгийн ойр зүчээний орох хаалганаас авч явах морио ав эсвэл өөр морь байхгүй хэмээн санал болгожээ. Үүнээс хойш Хобсоны саналыг эрх чөлөөт сонголт хэмээн нэрлэх болов. Үүнтэй адил өнөөдөр технологийн корпорациуд эрх чөлөөт, хараат бус интернэт эсвэл БНХАУ шиг улсын хяналттай интернэт алийг нь сонгох талаар сорилттой тулгарч байна.

Хуурамч, худал мэдээлэл газар авч байгаа энэ үед улс орнууд өөр өөрсдийн сонголтоо хийж байна. Тухайлбал, Европ, ОХУ төрийн хяналт дор интернэт ашиглах тухай хэлэлцэж эхэлсэн бол Германд нийтлэгдэж буй контентын агуулгад хатуу хяналт тавих, Канадад улс төрийн сурталчилгаанд хатуу хяналт тавих замаар асуудлаа шийдвэрлэж эхлээд байна.

Э.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: FORBES

 

ЭХ СУРВАЛЖ 7

Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна
Press2

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас дэлхийн 180 орныг хамруулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл зэрэг олон үзүүлэлтийг харгалзан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  индексийг жил бүр гаргаж англи, орос, хятад, солонгос зэрэг 20 гаруй хэлээр орчуулан түгээдэг ажээ.

2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Туркменистан сүүл мушгиж 180-д бичигдэж Умард Солонгос 1 байр ахиж, 179-рт жагсчээ. Африк төвийн тухайд, өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп 40 байр ахиж 110-рт, Гамби 30 байр ахиж 92-рт тус тус эрэмбээ дээшлүүлсэн байна.

Улс төрийн үймээн самуунтай байгаа Венесуэль улс таван байр ухарч, 148-рт багтсан бол цахим орчин, хараат бус хэвлэл мэдээлэлд үзүүлэх дарамт нэмэгдсэн ОХУ улс нэг байр ухарч 149-рт  жагсчээ. БНХАУ-ын хувьд жилийн жилд доогуур бичигддэг хэвээр байна. Эрх чөлөөний орон АНУ энэхүү жагсаалтын 48-д бичигдэж байна. М

Дэлхий даяар тавдугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан хэвлэн нийтлэх үүргээ биелүүлснийхээ төлөө хүчирхийлэл, дарамт шахалтад өртөж, харийн нутагт хоригдож буй сэтгүүлчдийн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдсан “One Free Press Coalition” хэмээх байгууллагаас гаргасан дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж буйн жишээ болсон сэтгүүлчдийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү байгууллагыг дэлхийн томоохон хэвлэлүүд болох “Assiociated Press”, “Reuters”, “Time”, “Forbes” зэрэг байгууллагууд хамтран байгуулсан ба дээрх жагсаалт сар бүр шинэчлэгддэг аж.

Азори Гванда- Танзанийн чөлөөт сэтгүүлч, сураггүй алга болсон

Чөлөөт сэтгүүлч Азори Гванда нь Танзани улсын иргэн бөгөөд тус улсын алс зайдуу нутагт нууцлаг цуврал аллагуудын тухай сурвалжилж байсан. 2017 оны арваннэгдүгээр сард сураггүй алга болсон. Танзанийн Засгийн газар түүний алга болсон хэргийг зөнд нь хаяж, мөрдөн шалгах ажиллагааг хангалттай зохион байгуулаагүй учир одоог хэр нь сэтгүүлч үхсэн эсвэл амьд эсэх нь тодорхойгүй байгаа.

Вэй Лон, Кай Соё О- “Reuters агентлагийн сэтгүүлч, зураглаач. Улсын нууц задруулсан хэргээр Мьянмарт хоригдож байгаа

Мьянмарын армийнхны гарт яргалагдаж, харамсалтайгаар амиа алдсан шашны цөөнх Роханжи иргэдийн талаар сурвалжлага бэлтгэж байхдаа тус улсад баривчлагдаж, өдгөө 500-аад хоног хоригдоод байна. Мьянмар улсын дээд шүүхээс “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдэд улсын нууц задруулсан хэрэг тулгаж, долоон жилийн хорих ял оноогоод зогсохгүй тухайн үед хийж байсан бүхий л дүрс бичлэг, баримт материалуудыг нь хураан авахаар шийдвэрлэсэн.Тэд шоронд хоригдож байгаа ч саяхан дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналыг хүртсэн.

Мигуэль Мора, Лисиа Пинеда- Үзэн ядалтад өдөөн турхирсан хэргээр хоригдож буй Никарагуа улсын сэтгүүчид

Никарагуа улсын ард иргэд Ерөнхийлөгч Даниел Ортегагийн эсрэг жагсаал цуглаан хийж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарахад цагдаа нар жагсагчид руу гал нээж 300 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн жил болсон. Энэхүү үйл явдлыг сурвалжилж, мөргөлдөөний явцыг шууд дамжуулсан “100 % Noticias” телевизийн байранд цагдаа нар дайран орж нэгжлэг хийн хүчирхийлэл, терроризм сурталчилсан, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр тус телевизийн захирал Мигуэль Мора, Редакц хариуцсан захирал Лисиа Пинеда нарыг баривчлан хорьсон бөгөөд тэдний ямар нэгэн хууль зүйн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарласан байна.

Мирослава Блич Бельдучиа- Улс төр дэх томоохон авлигын хэргийг эрэн сурвалжилж байгаад алагдсан Мексик сэтгүүлч

2017 оны гуравдугаар сард Мексикийн “La Jornada” сонины сурвалжлагч Мирослава нь улс төр дэх томоохон авлигын хэрэг болон улстөрчдийн холбоотон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн холбоо сүлжээг эрэн сурвалжилж байхдаа амиа алдсан. Ами алдахаасаа өмнө хэд хэдэн удаа сүрдүүлгэд автаж байсан ба цогцосных нь дэргэдээс “Чанга дуугарсных нь төлөө” гэсэн бичиг олдсон байдаг. Хэргийг мөрдөн шалгах явцад нэг сэжигтэнг илрүүлэн байцааж байгаа аж. Мексик улс нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчидгөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр хамгийн олон сэтгүүлч Мексикт амиа алддаг байна.

Клаудиа Дюк-Тэтгэвэртээ гарсан Колумбын эрэн сурвалжлах сэтгүүлч

Улсынхаа өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илчлэхийн тулд идэвхтэй тэмцэж байсан Клаудиа нь маш их дарамт шахалт, эрүүдэн шүүлт амссан ба бүр хүчээр цөллөгт явуулж байсан аж. Колумбын дээд шүүхээс тус улсын Аюулаас хамгаалахын өндөр албан тушаал эрхэлдэг гурван этгээдийг 2003,2004 онуудад Клаудиа болон түүний охиныг удаа дараа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан боловч тэд одоо бүгд эрх чөлөөтэй явж байгаа.

Махмод Абу Зэйд, Ала Абделфатах- Египтийн нийтлэлч, зураглаач

Хүний эрх зөрчил болон улс төрийн томоохон албан тушаалтнуудын талаар хийсэн ажил нь тэднийг улс орны эсрэг гэмт хэрэгтнүүд болгон хувиргаж таван жил торны цаана суулгасан юм. Таван жилийн дараа тэд суллагдсан ч өдөр бүр 6.00 цагт цагдаагийн хэлтэс дээр очиж бүртгүүлэх үүрэг хүлээсэн.

Аасиф Султан- Эх орнхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр хоригдсон Энэтхэг сэтгүүлч

Аасиф Султан нь 2018 оны наймдугаар сард Кашмир дахь мөргөлдөөнийг сурвалжилсныхаа төлөө улс эх орны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж шоронд хоригдсон. Эрүүл мэндийн байдал нь хүндэрсээр байгаа ч цагдаа нар түүнийг удаа дараа эрүүдэн шүүсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.

Жамаль Хашогги- Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан “Washington Postсонины сэтгүүлч

2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт бичиг баримт хөөцөлдөх гэж ороод түүнээс хойш сураггүй алга болсон. Удалгүй Туркийн талаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус консулын газарт бүлэг этгээдүүд түүнийг унтуулах тариа хийж хөнөөгөөд мөчлөн хувааж консулын газраас авч явсан нь тогтоогдсон.  Энэхүү хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман шууд холбоотой, хэргийн захиалагч гэгдэж байсан ч Саудын Арабын эрх баригчид хэргийг өөрсдөөсөө холдуулсаар байгаа. Учир нь сэтгүүлч амиа алдахаасаа өмнө улс эх орныхоо удирдагчдыг ялангуяа угсаа залгамжлах ханхүүг маш их шүүмжилж бичдэг байсан аж.

Мими Мефо- Цахим гэмт хэрэг, хуурамч мэдээлэл тараасан хэргээр баривчлагдсан Камеруны сэтгүүлч

2018 оны арваннэгдүгээр сард Камеруны баруун хэсэгт болсон хямралын талаар сурвалжилснаас гадна сэтгүүлчдийн эрх зөрчигдөж, хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн боомилж байгаа талаар дуу хоолойгоо өргөж, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцдэг байсан ба түүнийг хуурамч мэдээлэл тараасан, цахим гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлан хорьж байна.

Анна Нимириано- Заналхийллийн дор үгээ хэлсээр байгаа Өмнөд Суданы сонины редактор

Ажил үүргээ гүйцэтгэж, ард иргэдэд улс эх орны үнэн бодит төрхийг илчилснийхээ төлөө шоронд хоригдож буй мэргэжил нэгтнүүдийнхээ талаар нийтлэл бичиж, хэвлэл мэдээллийг хараат бус болгохын төлөө тууштай тэмцдэг тэрбээр Засгийн газрын маш хүнд дарамтан дор ажиллаж байна. Сонинг хаах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан ч түүний тууштай тэмцлийн үр дүнд хараахан хааж чадаагүй байгаа аж.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ 8

Авлига цэцэглэсэн газар хэвлэлийн эрх чөлөө хумигддаг
Cartoon-media-corruption

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас дэлхийн 180 орныг хамруулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл зэрэг олон үзүүлэлтийг харгалзан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  индексийг гаргасан. Монгол улсын хувьд энэ жилийн жагсаалтад нэг байр урагшилж 70-рт жагсаж байгаа боловч сүүлийн жилүүдэд байнга ухарсан үзүүлэлттэй байгааг бөгөөд хэвлэлийн эрх чөлөөний хувьд тулгамдсан асуудалтай, хагас эрх чөлөөтэй орны тоонд багтдаг билээ. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдаж байгаагийн нэг хүчин зүйл нь авлига гэдгийг судлаачид тэмдэглэж байна. 

Өөрөөр хэлбэл, хаана чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжил сул дорой байна, тэнд авлига цэцэглэж, газар авч байдаг. Хаана авлига их байна, тэнд хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл хөгжих бололцоо боогдож хумигддаг. Нүүрлэх аюул нь өнөөдөр асар их болж байгааг судлаачид онцлон тэмдэглэжээ. 

Брюсселд тєвтэй Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны баримт бичигт: “Хэрвээ сэтгvvлчид авлига, ядуурал, айдас, болгоомжлолын нєхцєлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чєлєє гэж байхгvй” (There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear) гэж тусгагдсан байдаг. 

Тэгвэл Монгол Улсын авлигын индексийг хэвлэлийн эрх чөлөөний индекстэй харьцуулж үзэхэд сүүлийн жилүүдэд Монгол Улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа ухарсан байдалтай, мөн хэвлэлийн эрх чөлөө нь жил ирэх тусам хумигдаж байгааг харж болохоор байгаа юм.

 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж