Автобусны жолооч хүн мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч хүн мөргөжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 423 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн 18 хэрэг бүртгэгдэж, нэг хүн нас барж, 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан талаар тус газраас мэдээллээ.  

Сүүлийн үед автобусны жолоочид хурд хэтрүүлэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс явган зорчигчдыг гэмтээх, амь насыг нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр автобусны жолооч осол гарган явган зорчигчдийг гэмжээтээ. Сүхбаатар дүүргийн нутагт Дарь эхийн замд “Автобус-3” ХХК-ны автобусны жолооч 14 настай хүүг мөргөсөн байна. Мөн Чулуун овооны Цагдаагийн постын баруун замд “Мяралзаа” ХХК-ны  автобусны жолооч  69  настай эмэгтэйг мөн мөргөж гэмтээжээ.

“Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ  гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа  хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэж  заасан байдаг.  Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар нь зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдлөөд явдаг, дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох  зэрэг зөрчлийг  гаргаж байна. Иймд энэ асуудал дээр нийслэлийн Тээврийн газар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна” гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж