Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ. Хуралд тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, мөн тус холбооны хуулийн зөвлөх, санхүүгийн ажилтнууд оролцов.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тамирчдын хуурамч визний асуудлаас үүдэн олны анхаарлын төвд ороод буй Чөлөөт бөхийн холбоонд Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчид болон дэмжигчдээс бүрдсэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо”-ноос арав гаруй асуулга хүргүүлж, Чөлөөт бөхийн холбооны Их хурлыг хуралдуулахыг шаардсан юм. Эдгээр асуулгад энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан тайлбар хүргүүлж байгаа аж. Ингэхдээ холбооны дүрэм, ёс зүй, визний асуудал, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн асуудлыг багцлан ярив.
Хуралд оролцогчдын өгсөн мэдээллийн хамгийн чухал нь болох тамирчдын визний асуудалд хариулт өгсөн байдлыг онцлон хүргэе. Энэ талаар МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх дараах тайлбарыг хийлээ.
О.БАЯНМӨНХ
-“Саяхан Катарын Доха хотноо болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжаагүй манай гурван тамирчин Дубайн онгоцны буудалд саатуулагдсан талаар тодруулга хийе. Тус тэмцээнийг зохион байгуулагч Катарын бөхийн холбооноос тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг хилээр визгүй, төлбөргүй оруулах тухай албан бичиг ирсэн, нэгд. Хоёрт, тэмцээнд оролцох журмын дагуу Монголын баг тамирчдын тоо болон нэрний мэдүүлгийг явуулсан үндсэн дээр Катарын хилээр орох зөвшөөрлийн хуудас ирсэн. Энийг гадуур виз гэж яриад байгаа. Виз биш шүү. Үүнийг дахин онцлон хэлье. Ямар нэгэн виз авна гэсэн зүйл байгаагүй. Зөвхөн мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн дагуу хуудас ирсэн. Энэ дагуу цаашаа орох хэрэгтэй. Тамирчин бүр дээр ирсэн энэ хуудсыг гадаад паспортын хамт хил дээр шалгуулаад цаашаа орно. Дараагийн асуудал… Мэдүүлгийн хуудсан дээр бид эрэгтэй баг дээр 23, эмэгтэй баг дээр 14 хүний нэртэй мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг явуулахад процедурын алдаанууд гарсан. Оффисын аппаратын зүгээс бичиг бүрдүүлэлтийн тал дээр хянаагүй, нягтлаагүйгээс алдаа гаргасан. Хариуцлага тооцох хэмжээнд асуудал ярина. Хариуцлагаа хүлээнэ ээ. Хил дээр ямар нэгэн виз олгоогүй шүү. Овог, нэр, төрсөн он сар энэ тэр гээд юм юу ч байхгүй шүү… Дээрх асуудалтай холбогдуулж МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг ойрын хугацаанд хуралдуулна. Холбооны зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй гэж яриад байгаа. Тийм асуудал байхгүй. Харин яаралтай шуурхай арга хэмжээ авахад гүн туслалцаа үзүүлсэн Кувейт дэх ЭСЯ-ны Алимаа, Эмират айрланс компанийн Номуулан, Содзул, Бээжин дэх Элчин сайд Ц.Сүхбаатар, ГХЯ-ны Консулын газрын дарга Н.Батаа, холбооны Удирдах зөвлөлийн гишүүддээ баярласан талархаснаа илэрхийлье” гэлээ.
Ерөнхийдөө бол МЧБХ-ны удирдлагууд Түр хорооныхны тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж, МЧБА болон ерөнхийлөгч Д.Дагвадорж маш сайн ажиллаж байгаа, санхүүгийн тайлан зөрчил байхгүй гэсэн тайлбар өгч байна.
Хурлын үеэр холбооны ерөнхийлөгч Д.ДАГВАДОРЖ:
“Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан талаараа тайлбар хийе. Маш ноцтой асуудлыг хөндсөн. Д.Дагвадорж болон Удирдах зөвлөл юу хийсэн бэ гэдгийг эхлээд шалгаад, та бүхэнд нэгдсэн мэдээлэл хүргэлээ. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийсэн. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина. Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ. Визний асуудал дээр холбоо хариуцлагаа тооцно.
Би тамирчдыг айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны лигийн финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүй байхгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталлаа, хэцүү байна гээд байдаг юм.
Түр хорооноос тавьсан шаардлагатай тодорхой танилцаагүй, өчигдөр харсан. Намайг бялдууч, хоёр нүүртэй, засрашгүй этгээд гэж доромжилсон байна. Энэ бол шаардлага биш шүү, багш нараа. Энэ хүний нэр хүнд, холбооны үйл ажиллагааг гутаасан доромж шүү. Би хэр баргийн юмыг хэлүүлээд явдаг. Нэг тогоонд явсан хүмүүс намайг гутаан доромжилж байгаад сэтгэл эмзэг байгаа. Энэ асуудлаар хуулийн байгууллагуур явах уу, яах уу гэдгээ зөвлөнө” гэхчлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Харин Түр хорооны гишүүдийн зүгээс “МЧБХ-д хандаж тавьсан асуулгад бүрэн хариулт өгсөнгүй. Асуудлыг тойруулж ярилаа. Бид Д.Дагвадорж гэж хүний ёс зүйн асуудлыг хөндөж тавьсан нь учиртай. Тавих ч болно. Ийм хүнээр удирдахуулахгүй. Дэлхийн аваргаас медаль авсан тамирчнаа “Чи чадлаараа аваагүй. Мөнгөөр авч өгсөн шүү” гэж дарамталдаг даргатай баймааргүй байна. Хэрэв тэд гаргасан олон алдаагаа хүлээн зөвшөөрч, их хурлыг хуралдуулахгүй бол холбооны удирдлагуудтай холбоотой ноцтой баримтуудыг үндэслэн, Дэлхийн бөхийн холбоонд хандана” гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Өнгөрсөн жилийн ААШТ-ий багийн шагнал гардуулах ёслолд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын оронд өөр хүнээр яагаад шагнал авахуулсан тухай сэтгүүлчийн асуултад Асашёорюү Д.Дагвадорж дараах хариултыг өгсөн юм. / МЭДЭЭГ УНШИХ /
-"Казахстан гэж хүн байхгүй ээ. Сырымбек гэж Баян-Өлгийд төрсөн Монгол Улсын иргэн хүн. Төв Азид Монголыг төлөөлж суугаа Монголын казах хүнийг яагаад Казахстан хүн гээд байгаа юм. Цөөнхийг, Өлгийчүүд ээ бид дэмжих ёстой. Тэр хүн МЧБХ-ны Баян-Өлгийг хариуцсан болон Төв Азийг хариуцсан албан ёсны дэд ерөнхийлөгч хүн. Тэр тэмцээний албан бланк дээр МЧБХ-ны эрэгтэй багийн ахлах гэж бичигдсэн. О.Пүрэвбаатар багш үгээ бодож хэлэх хэрэгтэй. Улсынхаа цөөнхүүдийг ингэж болохгүй биз дээ. Бид цөөнхөө дэмжих ёстой".
Б.ЭНХ
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД