Цахилгааны төлбөр "нэмэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Цахилгааны төлбөр "нэмэгдэнэ"

Цахилгааны төлбөр "нэмэгдэнэ"

News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Эрчим хүчний яамыг онцолж байна.


Эрчим хүчний чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг өнгөрсөн оны намар болсон ТЭГ зогсолт харуулсан. 2018 оны есдүгээр сард ТЭЦ-IV цахилгаан станц тэг зогсолт хийж, бүтэн нэг өдрийн турш нийслэлчүүдийн хувьд “гамшиг” болсон. Тэгвэл энэ цагаас хойш Эрчим хүчний салбарт ямар ажлууд хийгдэв. Дахин энэ салбарт “тэг” зогсолт үүсэх эрсдэл үүсэх үү.

"ТЭГ" ЗОГСОЛТ ХИЙХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

Салбарын сайдын хэлснээр өнгөрч буй өвлийг эрчим хүчний салбар өнтэй давчээ. Тэрбээр өвлийн оргил ачааллын үед цахилгааны хэрэглээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 70-90 МВт-аар өссөн дүнтэй гарсан нь өнгөрч буй өвөл дулаахан болсонтой холбоотой гэнэ. 2018 онд  хасах 40 хүрэхэд салхин станцууд зогсч, системд дутагдал үүсч байсан бол энэ өвөл иймэрхүү ноцтой хүндрэл гараагүй байна. Харин тэг зогсолтын дараа “Улаанбаатар дэд станц дээр гарсан аваарыг эс тооцвол Төвийн бүсэд ноцтой хүндрэл саатал гарсангүй гэж хэлж болно. Өмнө энэ дэд станц дээр 2015 онд төстэй аваар гарахад улс орон даяараа тоггүй болж байсан энэ удаа зүүн бүс тасалдаад өнгөрсөн. Энэ нь өмнөх аваарын дараа холбогдох арга хэмжээг сайн авч хэрэгжүүлсний үр дүн. Өвөл өнгөрсөн гээд манай салбарынхан тайвшраагүй. Хаврын болзошгүй салхи шуурганаас сэрэмжлэх зорилгоор системийн өндөр хүчдэлийн шугамуудад үзлэг байнга хийж байна. Энэ хүрээнд жижиг сажиг зөрчил, гэмтлийг цаг алдалгүй засч залруулж ажиллаж байна” гэж тодотгосон.

Усан цахилгаан станц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн гурван асуудлыг шийдвэрлээгүй нөхцөлд дахин “тэг” зогсолт үүсгэх аваар гарах эрсдэл байсаар байгааг ч салбарынхан дурдаж буй. Тиймээс ТЭЦ-IV дөрвөн генераторыг шинэчлэх төслийг эхлүүлж, зарим төслүүдийн ТЭЗҮ хийж байгаа аж. Энэ талаар Ц.Даваасүрэн сайд “Таван толгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюу толгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг Рио тинтотой хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд УЦСтанц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна. Энэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний системд удаан хугацаагаар тог тасарч “0” зогсож, хөлдөх аюул багасна. Мөн эрчим хүчний систем өөрийн тохируулгын нөөц эх үүсвэртэй болно. Маш чухал ач холбогдолтой төсөл юм. Экспортын том төслөөс гэвэл, Шивээ овоогийн эрчим хүчний цогцолборын ТЭЗҮ-г Хятадын талаас хүлээн аваад судлах, санал солилцох ажил хийгдэж байна” гэсэн юм.

ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН ҮҮ?

Цахилгааны нэг кВт тутмын үнэ тавдугаар сарын 1-ээс эхлэн нэмэгдэж байгаа гэх мэдээлэл өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Үнэ нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргадаг юм. Ахуйн хэрэглэгч гэр хорооллын хэрэглэгчид буюу 650 мянган өрх бий. Монголчуудын дундаж хэрэглээ сардаа 220 кВт-ыг хэрэглэдэг аж. Эрчим хүчний салбар өөрөө санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг, бараа бүтээгдэхүүн нь импортын бараа байдаг зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг учраас тарифт зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Гэхдээ тавдугаар сарын 1-ээс цахилгааны төлбөрийг нэмээгүй бөгөөд айл өрхөд бус уул уурхай, үйлдвэр зэрэг эрчим хүч ихээр хэрэглэдэг байгууллагуудад төлбөрийг шингээх байдлаар цаашид зохицуулалт хийх юм байна. Айл өрхүүд сард 6-8 мянга орчим төгрөг, жилд 60 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд зах зээлийн өртгөөс хөнгөлөлттэй үнээр цахилгааны төлбөр төлдөг аж.

Мөн энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга О.ТЛЕЙХАН “Эрчим хүчний зохицуулах хороо үнэ нэмдэг байгууллага биш бөгөөд хуулиараа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниуд үнэ тарифаа нэмэгдүүлэх саналаа ирүүлдэг. Бид хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хянаж үзээд, бодит тариф мөн эсэхийг хянаад баталгаажуулдаг. Одоогоор 35 компаниас санал ирчихсэн байна. Хуулиар тогтоосон тариф гэж бий. Өнгөрсөн жил дөрвөн том салхин станц ашиглалтад орсон бөгөөд тарифын зөрүү гарсан. Тиймээс хуулийн дагуу тариф хөдөлгөх зайлшгүй шаардлага гарч байгаа.

Харин энэ талаар Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН “Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 60 гаруй тэрбум төгрөгийг тэд төлж байна. Энэ хэмжээ оны сүүлчээр хоёр дахин өсч 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой” гэсэн тайлбарыг өгсөн юм.

"УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.САРАНЖАВЫГ ЧӨЛӨӨЛӨВ

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас мягмар гаригт чөлөөлжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.  Тэгвэл зургаан сарын дараа  дахин хуралдаж албан тушаалаас чөлөөлсөн байна. Тэрбээр, томилогдохоосоо өмнө нь "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан билээ. Түүнээс өмнө Түлш эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "УБЦТС" төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж