Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2019.05.01) 11 цаг 33 минутад 52.6 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэхээр товлоод байсан ч УИХ-ын гишүүн Л.Болд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батдавааг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр, 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирлаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа гэв. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд З.Дашдаваа нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилуулахаар санал болгож буй Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлжээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд Ж.Батсайхан нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд, С.Бямбацогт нар асуулт асууж, нэр дэвшигч нар болон Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нараас хариулт авсны эцэст нь санал хураалт явуулав.
Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 нь тус тус дэмжсэн. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалыг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Цээсүрэнгийн Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахдаа, дэлхийн худалдаа, эдийн засаг өнгөрсөн зуунд эрчимтэй хөгжиж хүн төрөлхтний хэрэглээ, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Энэхүү үсрэнгүй хөгжил дэвшлийг оюуны бүтээл туурвил, шинэ санаа, ашигтай загвар, барааны тэмдэг болон оюуны бусад өмчгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэллээ. Иймд оюуны өмчийг хамгаалах, хөгжил дэвшлийг хурдасгах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх зорилгоор улс орнууд хамтран Парисын конвенц, Венийн конвенц зэрэг чухал баримт бичгүүдийг баталжээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэгдэн хамгаалагдаж байгаа тухай дурьдсан байдаг байна. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа талаар төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа. Дэлхийн ДНБ-ий 90 орчим хувийг оюуны өмчийн хамгаалалт сайтай 45 орон бүрдүүлдэг байна. Тухайлбал, АНУ-ын патент, барааны тэмдгийн газраас оюуны өмч түлхүү ашигладаг эдийн засгийн салбарууд нь нийт 27.9 сая ажлын байрыг бий болгосон бөгөөд 4 жилийн хугацаанд 0.8 сая ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ-ий 38.2 хувийг бүрдүүлжээ. Мөн Сингапур, Япон, Солонгосын туршлагаас харахад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж инновац, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг төрийн алсын хараа, зорилт зорилго болгосноор богино хугацаанд эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн баримтыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж, мөн зүйлийн 2-т “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.” гэж, Арван зургадугаар зүйлийн 16.8-д Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлахдаа “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан. Улсын хэмжээнд патентын мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд 2010-2017 онд шинэ бүтээлийн 1555 мэдүүлгийн 70 хувь, бүтээгдэхүүний загварын 1817 мэдүүлгийн 94 хувьд патент олгохоор, ашигтай загварын 1065 мэдүүлгийн 80 хувьд гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байдаг байна. Түүнчлэн гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад хамгаалалт хүссэн, олон улсын гэрээ конвенцын дагуу олон улсын мэдүүлэг гаргах нь түгээмэл бөгөөд нийт олгосон шинэ бүтээл, патентын 30 хувь, ашигтай загварын гэрчилгээний 5 хувь, бүтээгдэхүүний загварын патентын 60 хувь, барааны тэмдгийн гэрчилгээний 85 хувь нь гадаадын иргэн, хуулийн этгээдэд олгогджээ.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа гэв.
Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ БОХХААБХороонд хүргүүлэхээр тогтов
Хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 3 дугаар хавсралтад дурдсан Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 21 цэгийн солбилцол нь төслийн 2 дугаар хавсралтад дурдсан Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солбилцолтой нь давхацсан зөрчил үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Болд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Энхболд, С.Бямбацогт, Н.Оюундарь нар улсын тусгай хамгаалалттай газруудын ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, энэ талаарх төрийн бодлогын уялдааг сайжруулах, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг үр ашигтай болгох шаардлагын талаар сануулж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг төсөлтэй холбоотой саналыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний ирүүлснийг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм.
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэх санал гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр болон төсөлд тусгагдаагүй зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргахыг хориглоно” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ