Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэгдэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх, бүх шатны өвөлжилтийн комисс хуралдаж дүнгээ нэгтгэн ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр үүрэг болголоо. “Ажлын гүйцэтгэл, чанар тухайн ажлыг хариуцсан хүнээс шууд шалтгаална. Зарцуулсан хөрөнгө оруулалт, гүйцэтгэлд хариуцсан албан тушаалтнууд хариуцлагагүй хандсанаас болж, зарим зам засварын ажил оройтож эхэлж байгааг энэ үеэр хотын дарга шүүмжилж байлаа. Тус зөвлөлгөөнд баяр наадмын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 128 жолоочийг саатуулсан, мэргэжлийн хяналтын байцаагчид 2,7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний үйлчилгээг зогсоож учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн талаар мэдээлэл хийлээ. Мөн баяр наадмыг зохион байгуулах хорооныхон, дүүргүүд идэвхтэй сайн оролцсон талаар дурдсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн талаар нийслэлийн төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү, нийслэлийн орлого зарлагын талаар товч мэдээлэл хийлээ. 2009 оны төсвийн орлогын төлөвлөгөөг 7,6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр гэр хорооллыг барилгажуулах ажилд зарцуулах бөгөөд гүйцэтгэлийг хангаж ажиллах үүргийг Улаанбаатар хотын ерөнхий менежерт хариуцуулж байгааг энэ үеэр мэдэгдлээ. Мөн нийслэлд энэ онд дөрвөн чиглэлийн эх үүсвэрээс зам засварын ажилд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4,65 тэрбум төгрөгийн 13 төсөл хэрэгжүүлэхээс зургаа нь бүрэн, тав нь гэрээ байгуулах, нэг ажил нь сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа юм байгаа аж. Үүнээс 100 айл Лхам худалдааны төвийн арын замыг шинэчлэх ажил сонгон шалгаруулалт хоёр удаа хүчингүй болсон шалтгаанаар түр хойшилжээ. Харин Баянзүрх дүүргийн 11 хороо Алтан-Овоотод тавих 1,2 км замын зурагт өөрчлөлт орсноор ажил оройтож эхэлжээ. Замын сангийн хөрөнгө оруулалтаар 6,4 тэрбум төгрөгийн 24 төлөвлөгөөт ажил гүйцэтгэхээс 18-ийг  нь шалгаруулж, засварын ажил эхлүүлжээ. Саппорогийн аюулгүйн тойрог, гурвалжингийн гүүрний засвар 65 хувьтай гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалт компани ажиллаж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 25-нд Улсын комисст хүлээлгэж өгөх талаар Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Од нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцохдоо мэдээллээ. Дүүргүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэсэн байгаа тул харьяа дүүргүүдийн орон сууцны дулаан халаалтын засвар үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн засварын ирэх сарын 25-нд бүрэн дуусгавар болгохыг хотын дарга хатуу санууллаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж