Цахим платформуудыг бүтээгчдийн F8 чуулга уулзалтаар Марк Цукерберг фейсбүүкт хийгдэх шинэчлэлүүдийн талаар танилцуулжээ. Тэрбээр нэн түрүүнд фэйсбүүкийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өөрийн бүтээлээ инстаграм болон бусад платформуудтай хоршуулахаар болжээ.
Цукерберг фэйсбүүкийг зөвхөн зурвас илгээх болон зураг хуваалцах үйлдэлтэй болгон шинэчлэхээр шийджээ.
Тэрбээр энэ талаар “Ирээдүйд би фэйсбүүкийг илүү аюулгүй цахим орчин болгохыг хүсэж байна. Тиймээс шинэчилсэн фэйсбүүкээр хэрэглэгчид зөвхөн таньдаг, ойр дотны хүмүүстэйгээ харилцах болно. Нэг үгээр хэлбэл, зөвхөн өөрийн танилуудаар хүрээллээ бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс танихгүй хүмүүстэй харилцсанаас үүдэн хувийн мэдээллээ алдах асуудал гарахгүй.
Миний хийхээр төлөвлөж байгаа дараагийн шинэчлэл бол илүү аюулгүй цахим харилцаа юм. Энэ нь фэйсбүүк мессенжерээр харилцсан хүмүүсийн зурвасууд тодорхой хугацааны дараа устгагдах бөгөөд шаардлагатай үед хэрэглэгч харилцсан зурвасаа сэргээн авах боломжтой. Ингэснээр цахим халдлагаас үүдэх уршиг багасна” гэж хэлжээ.
Түүний мэдээлснээр IOS үйлдлийн систем дээр шинэчлэгдэн гарах фейсбүүкийн хувилбар 30 мегабайт хэмжээтэй байх аж. Ингэснээр бидний одоо хэрэглэж буй фэйсбүүкийн хэмжээний 20 хувьтай тэнцэх хэмжээтэй болох юм байна.
Өнгөрсөн жилийн F8 чуулга уулзалтад Цукерберг фэйсбүүкээр дамжуулан болзох үйлчилгээ нэвтрүүлэх гэж буйгаа мэдэгдсэн. Энэ жилийн чуулган дээр тэрбээр энэхүү үйлчилгээ 14 оронд нэвтэрснийг хэллээ. “Секрет Краш” нэртэй энэхүү нэмэлт өргөтгөл нь хэрэглэгчдэд өөрийг нь сонирхож, болзох хүсэлтэй байгаа хүмүүсийг мэдээлэх үүрэгтэй юм.
Мөн хэрэглэгч өөрийнхөө харилцаа тогтоохыг хүсэж байгаа хүмүүсээ нууц жагсаалтдаа оруулж болно. Энэхүү өргөтгөл нь хэрэглэгчид тохирох хүнийг санал болгох, хэрэглэгчийн нууц жагсаалтад орсон хүн өөрийг нь сонирхож буй тохиолдолд мэдээлэхээр програмчлагджээ.
Эх сурвалж: The Verge
Х.ДАВААСАМБУУ