”Нийслэлийн цөөрөм ширгэж, шувууд буцжээ”

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

”Нийслэлийн цөөрөм ширгэж, шувууд буцжээ”

Хотоо хотын дайтай болгох гэсэн ажил заримдаа учир утгаа алдах шиг. Хот тохижуулах ажил төрийн зарим албан хаагчдын “мөнгө угаах” хэрэгслийн нэг болсоор удсаныг нотлох баримтууд бидний эргэн тойронд байсаар байна. Өнгөрсөн сард нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргийн удирдлагуудад иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх захирамж гаргасан. Энэхүү захирамжийг ч хоромхон хугацаанд хэрэгжүүлж байна. Ингэснээр 14-хөн хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, талбайгаар сакура ургуулан япончуудыг “алмайруулав”. Нов ногоон зүлэг тарьж, нуур цөөрөм байгуулах зэрэг “гэрлийн хурдаар” бүтээн байгуулалт хийж, нийслэлчүүдийн нүдийг орой дээр гаргав. Харамсалтай нь тэд бүгд хямд өртөгтэй хиймэл “тариалалт” байлаа. Энэ ажилд Чингэлтэй дүүрэг гэхэд л 40 орчим сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл Асашёрюгийн цэцэрлэгт хүрээлэнд хиймэл сакура ургуулж, резинэн галуу, нугас нууранд шумбуулжээ. Харин одоо өнөө сакура нь “үхчихэж”. Нуурын ус ширгэжээ. Галуу, нугас нь ч халуун зунаар “нутаг буцсан” бололтой.

Харин Баянгол дүүргийн харьяа олны хэлж заншснаар III,IV хорооллоос баруун дөрвөн зам руу уруудах замын дундах талбай нэг л өглөө цэл ногоон зүлгэн ширдэгтэй болчихов. Хүүхдүүд гайхан хөл нүцгэн алхалж байсан нь ч саяхан. Одоо харин гэрийн ширдэг аятай хиймэл зүлэг үе үехэн гарах ширүүн салхинаар сөхөгдөж жолооч нарыг сандраах болжээ. Баянзүрх дүүрэг мөн л 20 гаруй сая төгрөгөөр нэг өдрийн настай цэцгийн өдөрлөгийг энэ сарын 9-нд зохион байгуулсан гэж бодохоор нийслэлийн бусад дүүргүүд энэ хэмжээний зардал гаргаж, хоромхон хугацаанд хиймэл цэцгээр хэдэн өдөр гангарахаар нийслэлийн төсөв яаж дутах нь ойлгомжтой.  Хотоо тохижуулах ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас хийсэн ингэж тайлбарлаж байна.

-Нийслэлийн дүүргүүд хот тохижуулах, орчноо сайжруулах ажлын хүрээнд танай дүүрэгт ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-Наадмын өмнө цэцгийн баяр арга хэмжээг зохион байгуулж, цэцэрлэгжүүлж, явган хүний зам талбайг тохижуулах үүднээс ширээ сандал, хүүхэд, залуусын амрах, зугаалах бүхий л тав тухыг хангах орчныг бүрдүүлж өгсөн. Саппорогийн аюулгүйн тойргийг дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсонтой холбогдуулан хөл бөмбөгийн сэдвээр иж бүрэн тохижуулсан.

-Хаанаас, хичнээн төгрөгийн зардал гаргасан бэ?

-Энэ үеэр дүүргээс 20 гаруй сая төгрөг зарцуулж, ногоон байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг зэргийг бүхэлд нь шинэчилэн засварласан. Иж тохижилтын ажлыг хийсэн.

-Танай дүүрэгт зарим газарт хиймэл зүлэг дэвссэн байсан. Ямар өртөгөөр оруулж ирсэн бэ?

-Зүлэг ургуулах хугацааны хувьд давчуу байсан болохоор энэ зүлгийг дэвссэн нь үнэн. Дүүргийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Тиймээс эдгээр орон сууцнуудад засварын ажил байнга хийж, төв магистралуудыг ухаж сэндийчдэг. Тэгэхлээр жил бүрийн тарьсан модыг маань ухаад хаядаг, зүлэг ногоог сэндийчээд л хаячих юм. Бид нэг ч гэсэн газар турших маягаар хиймэл зүлгийг засвар хийсэн газраа хуулж аваад, засвараа дуусангуут эргүүлээд дэвсэх жишээтэй. Хөрөнгө хүч хэмнэхээс гадна орчны соёлжилтонд нөлөөлөх зорилгоор хиймэл зүлгээр тохижуулж байгаа юм. Бидний туршиж буй зүлэг бол нийтийн эзэмшлийн талбайд тохирсон хөлддөггүй, доор нь элс дэвсэхээр тор мягийнх болохоор хөрсны зүлэг ургах боломжийг хаадаггүйгээрээ онцлогтой. Үнийн хувьд Монголд анх удаа орж ирж байгаа болохоор хөөрхөн үнэтэй. Хамгийн гол нь хийгээд дуусахаар л хоног хүрэхгүй хугацаанд машин тэргээр дайраад, ухаад авчих юм. Цэцэг тарихлаар шөнөөр хөрстэй нь ухаад явах гэж байсан ч тохиолдол гарч байсан. Орчноо тохижуулж байгаа улсын хөрөнгийг дээрээс нь нойр хоолоо хасан байж тохижуулсан зүйлийг битгий эвдэн сүйтгээч ээ гэж хэлмээр байна.

-Энэ жилийн мод тарих өдрөөр хичнээн хэмжээний мод тарьсан бэ?

-Нийтдээ 38 мянган мод тарьсан. Арчилгаа, услагаа хийдэг хүмүүсийг тусгай томилон ажиллуулж байгаа. Мэргэжлийн хүн арчлахгүй бол мянган мод тариад нэмэргүй. Ногоон байгууламж гэдэг чинь хүүхэд шиг арчлуулж байж, хүний нүд сэтгэлийг баясгах хэмжээнд хүрч байгаа юм шүү дээ гэв.

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр асар үнэтэй гээд байгаа тэрхүү зүлгийг үнэхээр авах хэрэг байсан эсэхийг мэдэхгүй юм. Уг зүлгийг ямар шидтэн ургуулсан талаар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан “Хугацааны хувьд хотын даргаас давчуу үүрэг өгсөн учраас хиймэл зүлэг дэвсэж, хот тохижилтонд нийтдээ дүүргийн төсвөөс 20 гаруй сая төгрөг зарцууллаа” гэж байгаа нь үнэнд гүйцэгдмээр хариулт гэж хэлж болох юм. Хэдий цаг хугацааны хувьд давчуу байсан хэдий ч ийм өндөр өртөгөөр хиймэл зүлэг хийсэнд орвол зун болж, наадмаа хийх, орчноо ногооруулах ажлыг зайлшгүй хийхээс хойш эртхэн санаж, сэдсэн бол зүлэг, ногоог өөрөөр нь ургуулж зардлаа хэмнэж болох л байсан байх. Мөн нийслэлийн хэмжээнд өнгөрсөн тавдугаар сард сүрийг үзүүлж, чухлыг бадруулан байж суулгасан модод өнөөдөр юу болсоныг уншигч авхай надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Нийслэлийн ганцхан дүүрэг болох Баянзүрх дүүрэг гэхэд Баянзүрх уулаа моджуулах нэрийдлээр 290 га газарт нэг сая суулгацыг ургуулах ажилд 250 сая гаруй төгрөг зарцуулж, тодорхой мэргэжлийн байгууллага тендэр нэрийн дор “ургуулж” байгаа гэнэ. Мод тарьж ургуулна гэдэг буянтай сайн ажил ч гэлээ хэдэн жилийн дараа цаг уурын дулаарал, цөлжилт гээчээс болоод үр дүнгээ өгсөнгүй гэдгээр халхавч хийгээд битгий өнгөрчихөөсэй билээ. Энэ мэтээр нийслэлийн төсөв “хиймэл” ургамалд зарцуулагдаж байна. Дашрамд дурьдахад залуусын хот гэж нэрлэгдэх Дархан-Уул аймгийн хоёр уулыг холбосон дүүжин гүүр барьж, унаган төрхөө хадгалсан цэцэрлэгт хүрээлэн бий болгож чадаж байхад нийслэл удирдсан хотын мээр “хиймлээр тохижуулсан” цэцэрлэгт хүрээлэнг хараад сэтгэл хангалуун байж чадсан л юм байх даа.

       Хотын даргын санаачилсан “Цэцгийн баяр” арга хэмжээ нүдээ олсон үүрэг даалгавар байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэхээр нийслэл хотынхоо өнгө төрхөд санаа тавьж, ард иргэдийнхээ амарч тухлах цэцэрлэгт хүрээлэнг бий болгоё гэвэл үүрэг даалгавраа хиймэл зүлэг, мод хүчилтөрөгч ялгаруулдаггүйг мэдмээрсэн. Цаг улирал ээлжилж, зун болох нь үнэн. Жил жилийн наадам болдгоороо л болно. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг урин дулаан цагт эхлүүлж, цэцэгээ ургуулж, модоо тариад, ажлын байраар хангасан бол гэж бодох юм. Ингэж унтсанаа сэрж, үхсэнээ сэхнэ гэчийн үлгэрээр нэг нь хийж, нөгөөх нь хийлгэсэн болж хэдхэн хоногийн настай, хүний нүд хуурсан ажил хийх ч гэж дээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж