Avengers-ын шинэ анги тасалбар борлуулалтаар үзэгдэж дуулдаж байгаагүй аварга амжилт тогтоож, кино театруудын дэлгэцнээ гарсан эхний долоо хоногтоо 1.2 тэрбум ам.долларын орлого оллоо.
Avengers: Endgame зөвхөн АНУ, Канадад гэхэд л 350 сая ам.долларын орлого олж, супер баатруудын багийн Infinity War нэртэй жилийн өмнө гарсан бүтээлийнхээ борлуулалтын амжилтыг эвдэв. Comscore Incийн судалгаагаар АНУ, Канадын кино театруудын дэлгэцнээ гарсан эхний хэдэн долоо хоногт орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтын эхний дөрөвт Walt Disney-н бүтээлүүд орж байна. Avengers-ээс гадна Star Wars франчайзын The Last Jedi, The Force Awakens уг жагсаалтад байна.
Endgame БНХАУ-ын зах зээлээс 330.5 сая ам.доллар олоод буй төдийгүй дэлхийн бусад 44 улсад борлуулалтаараа тэргүүлснийг Disney ням гарагт мэдэгдэв. Avengers: Endgame-д супер баатруудын супер эрч хүч дутаагүй бололтой. Уг бүтээл нь:
- Кино театрын дэлгэцнээ гарснаасаа хойш тав хоногт тасалбарын орлого нь нэг тэрбум ам.доллар давсан анхны кино.
- АНУ-ын зах зээлд дэлгэцнээ гарсан эхний өдрөө 156.7 сая ам.долларын орлого олсноор 2015 онд The Force Awakens-ийн 119 ам.долларын орлого олсон амжилтыг эвдлээ.
- Кино театрын тасалбар борлуулалтын түүхнээ бямба, ням гарагийн орлогоор тэргүүлэв.
- АНУ, Канадад 4,622 кино театрын дэлгэцнээ үзүүлсэн нь бас нэг шинэ амжилт боллоо.
Ер нь Disney-н Marvel студийн сүүлийн шинэ бүтээл нь 2008 онд Iron Man-ээс эхтэй нийт 22 киноны үйл явдалтай утгын холбоотой гэж болно. Энэ удаа Captain America, Hulk, Black Widow зэрэг Avengers-ын супер баатрууд хорвоо ертөнцийн амьд амьтдын талыг нь арчин хаясан галактик хоорондын хорон санаатан Таностой тулах хэрэг гарлаа.
“Даян дэлхийн кино хорхойтнуудын сонирхлыг ийм ихээр татаж чадсан нь бидний хувьд гайхалтай хэрэг боллоо” хэмээн Walt Disney Pictures-ийн кино бүтээлийн түгээлт хариуцсан ерөнхийлөгч Кэтлин Тафф мэдэгдэв.
Endgame-ийг үзэгчдийн 57 хувь нь залуу эрчүүд байна. Нийт үзэгчийн гол хэсэг болж буй 28 хувь нь алдарт френчайзыг анх мэндлэх үед өсвөр, бага насныхан явсан буюу эдүгээ 25-34 настай үзэгчид байгаа юм.
Star Wars франчайзыг ч мөн эзэмшдэг Disney шинэ бүтээлийн борлуулалтынхаа урьдчилсан таамгыг ихэвчлэн тун болгоомжтой дэвшүүлдэг. Тус компани Endgame-ийг нээлтийн долоо хоногтоо 300 сая ам.долларын орлого олно хэмээн анх тооцоолж байжээ.
Борлуулалт одоогийн эрчээрээ үргэлжилбэл 2.07 тэрбум ам.долларын орлого олсон 2015 оны The Force Awakens-ын амжилтыг эвдэж болзошгүй байна. Холливудын түүхэнд үүнээс илүү орлого олсон хоёр бүтээл байдаг нь 2009 оны Avatar, 1997 оны Titanic юм.
Marvel студи нь Disney-н хувьд мөнгө үйлдвэрлэдэг машинаас өөрцгүй. S&P Global-ын судалгааг үзвэл тус студийн бүтээл, 2018 онд дэлгэцнээ гарсан Infinity War кино театрын тасалбар, телевизийн дамжуулалт, тоглоомын худалдаа хамарсан нийт борлуулалтаараа 985 сая ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ