Циркийн байргүйгээс циркийн урлаг дампуурсан

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Циркийн байргүйгээс циркийн урлаг дампуурсан

Циркийн байргүйгээс циркийн урлаг дампуурсан

Соёл, урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж , цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох юм. Эдүгээ 78 жилийн түүхтэй циркийн урлагийн салбар өнөөдөр царцанги байдалд орж, уран бүтээлчид нь дэлхийн өнцөг булан бүрт тарсан нь нууц биш. Гадаад харилцааны яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсыг сурталчлах урлаг соёлын арга хэмжээ, тоглолт сүүлийн гурван жилийн байдлаар нийт 350 удаа болжээ. Харамсалтай нь энэ бүх соёлын үйл ажиллагаанд Монголын нэг ч цирк, уран бүтээлчид бүртгэгдээгүй аж. Яагаад гэвэл дэлхийн 47 улс оронд Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаманд Монгол циркчдийн бүртгэл байдаггүй, тэд Элчин сайдын яамтайгаа харилцан холбоотой ажилладаггүй учраас тэр аж. Циркийн уран бүтээлчдийг Гадаад харилцааны яамнаас Монгол Улсыг дэлхийд сурталчилсан урлаг соёлын сурталчилгааны арга хэмжээнд урьж тоглуулахыг хүсдэг ч тэд дотоодод олддоггүй, гадаадад бүр ч асуудалтайг тус яамны ГССХГ-ын захирал Х.Мандахцэцэг хэлэв. Тэрбээр “Циркийн урлаг бол хил хязгааргүй. Энэ утгаараа циркчид үргэлж аялан тоглолттой, нүүдэллэж байдаг байх. Монгол Улсыг гадаадад сурталчилсан урлаг соёлын арга хэмжээнд Монголын нэг ч цирк бүртгэлгүй байгаа нь магадгүй үүнтэй холбоотой. Нөгөө талаас циркийн уран бүтээлчид тухайн оронд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамтайгаа харилцан холбоотой байх шаардлагатай байна. Гадаад харилцааны яамнаас циркийн уран бүтээлчдийг дэмжих асуудалд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна” гэлээ. Циркийн салбарын төлөөллүүд Монголд циркийн урлагийг толилуулах орчин нөхцөл нь бүрдээгүй, цалингүй, тоглолтоос олсон ашгаараа ажилладаг учраас гаднын улс орнуудад ажиллахаас өөр аргагүй болсон гэх байр суурийг илэрхийллээ.

ЦИРКИЙНХЭН НҮҮДЛИЙН ШУВУУ ШИГ ГАДНЫН ОРНУУДЫГ ЗОРИХ БОЛСОН

Шинэ цирк төвийн захирал Д.ЗОРИГТ: 

-Циркийн өмнө тулгамдаж буй асуудлыг Соёлын өвийн тухай хуульд тусгах нь маш чухал байна. Энэ салбарыг харьяалалтай болгох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 40 гаруй циркийн продакшин, хамтлаг байна. Тэднийг нэгтгэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал, орчныг сайжруулах, циркийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүргэх асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа юм. Монголын циркийн уран бүтээлчид өнөөдөр ихэнх нь дэлхийн цирк, зочид буудлын захиалгаар тоглож, бас ажиллаж байна. Нүүдлийн шувууд шиг гаднын орнуудыг зорьж, Монголдоо уран бүтээлчгүй болох нь. АНУ, Франц, Англи, Токиод зэрэг улс орнуудад монголчууд циркийн студи байгуулах болсон. Тийм учраас циркийн салбарыг   Монголдоо харьяалалтай болгоход төрөөс анхаарах хэрэгтэй. Циркийн уран бүтээлчид уран нугаралт, акробат гэх мэт цөөн хэдэн үзүүлбэрээрээ л дэлхийд амжилт үзүүлж байгаа болохоос биш цогц үзүүлбэр агаарын номер, амьтны цогц үзүүлбэр, илбийн гайхамшигт үзүүлбэрээр амжилт гаргах нөхцөл боломжгүй болсон. Шалтгаан нь, циркийн байр, сургалтын асуудал нөлөөлж байна. Өнөөдөр Монголд бүрэн хэмжээний циркийн тоглолт хийгдэхээ больсон нь үүнтэй холбоотой.  Үүнийг зохицуулах асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр шийдэх байх. Монголын циркийн уран бүтээлчдийг чиглүүлэх зайлшгүй шаардлага бий.

                                                               МОНГОЛД ЦИРКИЙН УРЛАГИЙГ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ

Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.НОРОВСАМБУУ:

-Шавь сургалтаар өмнө нь циркийн онцгой төрөл, зарим номерт шаардагдах үзүүлбэрүүдэд боловсон хүчнийг төрөөс бодлогоор бэлддэг байсан. Одоо бол шавь сургалт зөвхөн уран нугаралт, зарим номеруудын хамтлагуудаар бэлтгэгдэх хандлагатай болж. Шавь сургалтаар уран бүтээлчдийг бэлтгэх нь Циркийн урын сантай холбогдох ёстой. Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Нэгдүгээрт, циркийн боловсон хүчнийг бэлтгэхдээ  асуудалд төрөл жанр, үзүүлбэрээс шалтгаалдаг байлаа. Ингэхдээ ЗХУ-д боловсрол эзэмшүүлдэг байлаа. Монголын циркчид жил бүр баяр ёслол, улиралд тоглолтын программыг төлөвлөдөг байсан энэ  бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гаднын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Жишээ нь, би 2017 онд багшийнхаа 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд тоглолтын  томоохон хөтөлбөр гаргая гэхэд тоглолтод зориулж  сургуулилт хийх байр хоёр хоногийн л хугацаатай өгч байгаа юм. Гэтэл циркийн урлаг орон зай хэрэгтэй урлаг. Харамсалтай нь шаардлагатай байгаа энэ орон зай алга байна шүү дээ.Монголд циркийн урлагийг хүмүүс мэддэггүй.   Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.

ГАДААДААС ЭХ ОРОНДОО ТОГЛОЛТ ХИЙХЭД БАЙРГҮЙ

“Үүр Ариг” ХХК-ны “АМЬД СҮЛД” ХАМТЛАГ:

– Циркийн барилга хувьчлагдсанаас хойш циркчид тархай бутархай байдалтай болсон.   Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг төрийн байгууллагаас циркийн уран бүтээлчдийн нэгдсэн сан байхгүй гэдгийг хэллээ. Яах вэ,циркийнхэн  чиглэл, чиглэлээрээ өөр, өөрсдийн уран бүтээлээ тасралтгүйгээр дэлхийд толилуулж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж явна. Бид морьтны гайхамшигт үзүүлбэрийг  гаднынханд гайхуулж явна. Зөвхөн морин үзүүлбэр гэлтгүй бүргэд, чоно гээд өөрсдийн үзүүлэх боломжтой бүхий л төрлөөр гаднын орнуудад аялан тоглолт хийдэг. Гэтэл хэн ч мэдэхгүй л байна.  Монголын циркчид гадаадаас эх орноо зориод тоглолт хийе гэхэд зориулалтын байр алга. Циркийн байр нь хувийн өмч болсон. Төрөөс дэмжлэг алга. Бид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс гаднын улс орнуудад ажиллаж, тоглохдоо авьяас чадвар, залуу нас, амь насаа зориулж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байна. Циркийн салбарын өмнө тулгамдаж буй асуудалд төрөөс нэгдсэн бодлого гаргаж, анхаарлаа хандуулах дэмжиж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр цаг үеэ олсон зөвлөгөөн болж байна гэж харлаа.

ЦИРКЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.БАТХУЯГ: 

-Циркийн уран бүтээлчдийн 90 хувь нь гаднын улс орнуудад тоглолт хийж, ажилладаг. Тийм учраас өнөөдрийн зөвлөгөөнөөр Төрийн соёлын бодлогод циркийн салбарт тулгамдаж буй асуудлыг зайлшгүй тусгах шаардлагатайг хэлэлцэж, цаашид үе шаттайгаар хөгжүүлэхэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, зорилтуудыг тодорхойлох юм. Циркийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, шавь сургалт, цаашид энэ салбарыг хөгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Циркийн холбоодыг нэгтгэж, уран бүтээлчдийн нэгдсэн бүртгэлийн санг яаралтай бий болгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар дотоодын хэдхэн уран бүтээлчдийн мэдээллээс өөр бүртгэл алга байна шүү дээ.  Цирк 1990 он хүртэл төрийн өмчийн харьяалалтай байсан бол зах зээлийн шинэчлэлтийн үеэр хувьчлагдсан. Үүнээс хойш циркийн уран бүтээлчид хувийн студи, продакшн бий болж, маш олон холбоод байгуулагдсанаар нэгийгээ дэмжих биш үгүйсгэх хандлагатай болсон. Энэ асуудлыг өнөөдрийн  газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөнөөр шийдэх бодлогыг тодорхойлох боломж бүрдлээ.

Энэ бүхнээс үзвэл дэлхийн өнцөг булан бүрт тархаж, бор зүрхээрээ циркийн урлагийг авч яваа уран бүтээлчдэд Монголдоо тоглолт хийх байрны асуудал болон цалинг нь шийдвэл тэд эх орондоо тоглолт хийхээс татгалзахгүй аж. Эх орноо гэсэн сэтгэл зүрх тэдэнд байдаг ч тоглолт хийх байр сууцгүйн дээр нь амьдрахын эрхэнд гаднын орныг зорих хүсэлдээ хөтлөгдөж, нүүдлийн шувууд шиг эх орноосоо явахаас өөр аргаггүй байдалд хүрснийг буруутгах аргагүй. Хэрэв төрөөс бодлогоор дэмжвэл эх орондоо циркийн бүрэн хэмжээний тоглолт хийхэд татгалзах зүйлгүйг циркийнхэн хэлж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж