ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс ажилдаа оржээ. Сүүлийн өдрүүдэд түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоолны хордлогод орж Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Таныг хордуулсан гэх мэдээлэл гарсан. Үнэн үү?
-Улсын дөрвөн өдрийн ажлыг алдлаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс болж ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна.Хоолны хордлого өгөөд эмчлүүлж байсан юм. Гайгүй болох байх гэж бодож байтал хөл рүү орж хугацаа алдаж, эмч нар яаралтай Солонгост очиж шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ерөнхийдөө идээт маягийн үрэвсэл үүсчихсэн байсныг мэдэхгүй явснаас цаг алдсан. Солонгост очоод жижиг мэс засалд орсон.
-Хөлний үү?
-Тийм ээ.
-Хордуулсан гэсэн мэдээлэлд та тайлбар өгөөч?
-Тийм зүйл байхгүй. Хоолны хордлогод ороод хордлого тайлах эмчилгээнд эндээ хэд хэд эмнэлэгт орсон. Тэр үед хүмүүс харсан байхыг үгүйсгэхгүй.
-Хоолны хордлого нь улмаар хөлөндөө нөлөөлсөн гэж ойлгох уу
-Тэгж ойлгож болно. Би ч гэсэн бас гайхсан. Ийм л онош гарсан. Би сүржигнээд байх дургүй хүн. Янз бүрийн мэдээлэл гарч хүмүүсийн санааг зовоосондоо уучлалт хүсч, санаа зоволтгүй гэж хэлмээр байна. Нэлээн хэдэн сар эмчийн хяналтад байж эмчлүүлэх шаардлагатай болсон.
-Яг юунаас хордсон юм бэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй яриад байх хэрэг байхгүй болов уу. Элэгний үндсэн 2-3 үзүүлэлт нь өндөр болсон байна гэдэг мэдээллийг надад өгсөн. Хордчихлоо, хордуулчихлаа гэсэн байдлаар би хүлээж аваагүй. Би л өөртөө анхаарал тавиагүйгээс дархлаа суларсан байх. Хамгийн гол нь идээт үрэвсэл үүссэнийг анхаараагүйгээс ийм байдал боллоо.
-Монголынхоо эмнэлгүүд эмчлүүлж болоогүй юмуу?
-Орон нутагт томилолттой нэлээд олон цагаар ажиллаж байсан. Тухайн үедээ үзүүлж хэд хэдэн эмч нар зөвлөж байсан. Сүүлдээ босож чадахгүй болсон учраас Солонгост очиж нарийн шинжилгээнд орохгүй бол эрсдэлтэй байж магадгүй гэж үзээд л явсан.
Холбоотой мэдээ