Либертари зарчимдаа дөхүү амьдарч буй хүн

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Либертари зарчимдаа дөхүү амьдарч буй хүн

Либертари зарчимдаа дөхүү амьдарч буй хүн

-Философич Б.Батчулууны news@livetv.com дээр гарсан ярилцлагыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нийтэлж байна-


 -Та тавтай сайхан хаваржиж байна уу?

-Сайхан л хаваржиж байна. Тавтай сайхан биз дээ?

-Таны баримталж, сурталчилдаг либертари үзлийн тань талаар ярилцах гэсэн юм аа.

-Болж байна, би ч либертари үзлийг тайлбарлаж, сурталчлах бололцоог алдахгүйг л хичээдэг хүн.

-Либертари үзлийг төрийн эсрэг үзэл хэмээн ойлгож болох уу?

-Болно, “Хууль” гэдэг номоор нь монголчуудын мэддэг болсон Ф.Бастиагийн хэлснээр “Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрагсдын орон гэр” гэж үздэг учраас бид төрийн эсрэг буюу анти-стэйтист үзэлтнүүд мөн.

-Та тэтгэвэр авч байна уу?

-2000 он буюу либертари үзэлтэй болохоосоо өмнө улсад ажиллаж байсан, 2000 оноос хойш ч татвараар их мөнгө төрд өгч байсан. Тэрнээсээ одоо сар бүр жаахан жаахнаар буцаан авч байна даа.

-Хэзээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөхөө больсон бэ?

-Удаж байна. 2000 оноос өгөх тун дургүй болсон. Аливаа даатгал гэдэг хэн нэг хүнд тохиолдсон гарз хохирлыг олон хүнд тархаан төлүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Батчулуун надад учирсан гарзыг бусадтай нь хамтран арилгуулж байна. Ийм зүйлийг иргэд өөрсдөө хамтраад хийчхэж болно шүү дээ. Гэтэл төрийнхөн “энэ мөнгийг чинь бид хадгалж байя, та нар тэвчээргүй юм чинь үрчихнэ”  гэдэг. Тэгж хэлээд мөнгийг минь авахдаа амласан үүргээ биелүүлэхгүй байна шүү дээ. “Хуримтлагдсан даатгалын санг төрийнхөн аваад ашиглачихлаа”, “төсвийн цоорхойг нөхөхөд хэрэглэлээ”, хэдэн жилийн өмнө “ЧД-ийн эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс асар их мөнгийг тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга эмэгтэй ашиглачихлаа” гэсэн шуугиан гарч байсныг та нар сонсоо л байлгүй. Иймэрхүү жишээ даан ч олон доо. Нийгмийн, эрүүл мэндийн, автын гээд ямар ч даатгал сайн дурын байх ёстой. Гэтэл хүмүүсийн өөрсдөдөө тохиолдсон хохирлыг даван туулахын тулд цуглуулсан тэр мөнгөнөөс сааж байхын тулд даатгалын санг төрийнхөн мэдэлдээ байлгадаг.

-101 тэрбум төгрөгтэй Нийгмийн даатгалын сан “Капитал” банктай хамт дампуурсан үйл явдал энэ мөчид тохиож байна. Тиймээс тантай зарим талаар санал нэгдээд байна л даа?

-Ер нь даатгалын аливаа хэлбэрийг төлөхгүй байна гэдэг хүнд өөрт нь асар их хариуцлага ногдуулдаг. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй байна гэдэг нь өвдвөл бүх зардлаа өөрөө төлнө гэсэн үг шүү дээ. Архи, тамхины хэрэгцээгээ өөрөө зохицуулах шаардлага тулгарна. Төрөөс хараат бус амьдрахаар шийдсэн бол хүн өөрөө хариуцлагатай, хүчтэй байх ёстой. Эрх чөлөө гэдэг тэр чигээрээ хариуцлага юм.

Татварын хувьд бол хэн нэгний хөлс хүч, цаг хугацаагаа зарж байж олсон орлогоос хуулийн болон физик хүч хэрэглэн авах эрхтэй хувь хүн болон байгууллага байх ёсгүй гэж бид үздэг. Татвар гэдэг бол торгуультай адил зүйл. Чамайг буруу юм хийвэл мөнгөөр торгодог. Татвар яг үүнтэй адил мөнгөө эргэж олдохгүйгээр алдаж байна. Тиймээс бид “Торгууль гэдэг бол буруу зүйл хийсний төлөө төлж буй татвар, татвар гэдэг бол зөв зүйл хийсний төлөө төлж буй торгууль” гэж нэрлэдэг. Тэгээд ч төрийнхөн татвар авахдаа хэлж байсан зүйлээ биелүүлдэггүй, татварын мөнгөнөөс өөрсдийн цалин, хангамжид асар ихийг зарцуулдаг. Тиймээс бид төр болон татварын тухай “Төрийн хийдэг үндсэн ажил бол асар олон хүнээс бага багаар аваад өөртөө буй цөөн хүнд асар ихээр тараах явдал” хэмээн хэлдэг. Ер нь бид нэг нэгнээ худал хэлж авбал луйварчин гэдэг. Энэ төр биднээс дандаа худал хэлж мөнгө аваад байна шүү дээ.

Ер нь Барууны хөгжсөн орны ухамсартай иргэд Тах Freedom Day (Татвараас Чөлөөгдсөн Өдөр) гэдгийг тэмдэглэдэг бол манайд эсрэгээрээ 5-р сарын хоёр дахь 7 хоногийг Татвар Төлөгчдийн Өдөр гэж тэмдэглэдэг. Хүмүүсийн харанхуй байдлыг далимдуулж, элэг барьж байгаа хэрэг. Иргэд мөнгөө алдсаны баяр тэмдэглэх болж байна шүү дээ.

-Хүн хөгширнө. Бодгаль хөгширнө. Тэтгэврийн хэд л аминд орно доо?  

-Тийм. Хүн бүрийг албадахгүй. Манайхан хэдэн төгрөгтэй болохоороо том том машин аваад уначих юм. Давхиад байх газар байхгүй юм чинь УБ-т жижиг тэрэг хангалттай. Мөнгөө хадгалах хэрэгтэй. Либертари үзэлтнүүдийн хэлдгээр “saving буюу хуримтлал ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг”. Хуримтлалыг төгрөгөөр бус, доллар болгож байгаад хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол банк төгрөгийг “барлаж” өгдөг. Вагон, вагоноор нь оруулж ирдэг гэж байгаа шүү дээ.

-Төр юу ч хийхгүй байна гэдэг дээр та юу гэж боддог вэ?

Харин бид болохоор төрийг юм хийнэ гээд битгий ухасхийгээсэй гэж боддог.

-Юу гэсэн үг вэ?

-“Дефакто” Жаргалсайхантай ярилцлагад орж байх үед мань хүн “Төр юм хийхгүй юмаа?” гэж хэлнэ лээ. Би хариуд нь “Харин юу ч битгий хийгээсэй” гэж хэлсэн. Төр юм хийнэ гэхээрээ иргэдэд биш, дандаа өөртөө ашигтай зүйл болгож, нийгмийг бусниулж, хорлон сүйтгээд эхэлдэг. Жишээ нь, тэдний санаачилсан ЖДҮ-г дэмжих сан бол сайн зүйл, гэтэл цаад санаа нь юу байв? Өөрсдөдөө яаж унагахаа тооцоолсон эд байсан байна шүү дээ. Шаазан эдлэлийн дэлгүүрт орсон зааныг аль болох бага хөдлөөсэй гэж залбирч байх хэрэгтэй. Тэгэхээр хорлон сүйтгэснийх нь төлөө өндөр цалин, хангамж өгч байхаар зүгээр сууж байсных нь төлөө өгсөн нь дээр.

Уг нь аливаа зүйл гаднын нөлөөгүй, хар аяндаа цэгцэрвэл маш бат бэх, зөв байдлаар эмх журамдаа ордог. Либертари үзэлтнүүдийн яриад байдаг “Laissez nous faire!” (Хөндлөнгөөс бүү оролц!), “Spontaneous order” (Аяндаа тогтсон эмх цэгц) гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Бид мөн ч олон жил, олон удаа энэ тухай ярьж байна даа. Хүмүүсийн ухаарал дандаа хожимдох юм даа. Оюун ухаанаараа ойлгочхож болох зүйлийг заавал бие махбодоороо амсаж байж ойлгохчоо аядах юм.

-Тэгвэл ерөөсөө төргүй байвал яасан юм? Төр гэдэг огт хэрэггүй зүйл юм уу? 

Намайг либертари үзлийн тухай ярихаар “Монголын төрийг хүчгүйдүүлэх гэж байна” гэдэг. Би Монголын төрийг хүчгүйдүүлээд яах юм билээ! Энэ либертари үзлийг чинь Монгол гэдэг улсыг мэддэг ч үгүй гаднын том том авторууд өөрсдийнхөө төрийг харж байгаад гаргаж ирсэн юм шүү дээ. Гэтэл тэдний харж байсан АНУ, Герман, Франц, Холландын төр нь Монголын төрийг бодвол хамаагүй цэвэр, ёс суртахуунтай төр юм шүү дээ. Тэгээд бод доо.

Төр ерөөсөө хэрэггүй юм уу гэж чи асуулаа. Хэрэг болдог үе байдаг л байх. Гэхдээ хэнд хэрэгтэй вэ? ХАА-н Яам хамгийн муу малчин, тариаланчдад хэрэгтэй, Боловсролын Яам хамгийн муу багшид хэрэгтэй, Эрүүл мэндийн Яам хамгийн муу эмчид их хэрэг болдог. Чадалтай, бусдын тусламжгүйгээр ажил, амьдралаа аваад явчихдаг малчин, тариаланч, багш, эмч нар бол тэр Яамд байсан байгаагүй малаа маллаад, тариагаа тариад, заах ёстой зүйлээ заагаад, эмчлэх ёстой өвчтөнөө эмчлээд явчхаж чадна. Тэгэхээр төр протекционизм буюу төрийн ивээлд орох дуртай хамгийн залхуу, арчаагүй, ажилдаа эзэн болоогүй хүмүүст хамгийн их хэрэг болдог зүйл.

-“Алтан тариа”-ны П.Цэнгүүнийг би бас жишээ болгож хардаг. Монголдоо үлгэр болохуйц либертари үзэлтэн юм болов уу гэж боддог?

-Монголын зарим бизнесмэн золигийн замаар ашиг хонжоо олж байна. Харин Цэнгүүн тэдний дэргэд илүү эрүүл саруулаар бизнесээ явуулаад байх шиг байдаг. Мэдээж энэ хүнтэй үзэл бодол ойролцоо ч зөрөлдөх юм зөндөө гардаг. Либертари аж төрөх ёсны тухайд бол их мөнгөтэй Цэнгүүн шиг хүний хувьд хэн нэгний эрхшээлд орохгүй, амыг хараад байхгүй амьдраад байж болмоор л санагддаг.

-“Алтан тариа” лав тогтворжуулах хөтөлбөрт хамрагддаггүй, төрөөс асар их мөнгө өгөхөд эсэргүүцээд авдаггүй?. 

-Үзэлдээ үнэнч байгаагийн шинж шүү дээ. Төрийн дэмжлэгээр бизнес хийнэ гэж юу байх вэ дээ. Төрийн дэмжлэгээр бизнес хийж байгаа бол төрийн юу хий гэснийг хийхээс өөр аргагүй болно. Үүнийг чинь протекционизм гээд байгаа юм шүү дээ. “Зах зээлийн жамаар бүх зүйл явагдах ёстой. Сүйрэх ёстой нь сүйрч, дампуурах ёстой нь дампуурах л ёстой. Сүйрэх нь зах зээлд хэвийн үзэгдэл”. Сүйрүүлэхгүй гээд төсвийн мөнгөөр угжаад байна гэдэг нь “ашигтай ажиллаж байгаагаас нь аваад ашиггүй ажиллаж байгаад нь өгч байна гэсэн үг” хэмээн Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридман хэлсэн байдаг юм. Сүйрч байгаа бол нийгэм илүүдэл ачаагаа хаяж байна гэсэн үг. “Сүйрүүлэн бүтээх” гэж либертари үзэлтэн, эдийн засгийн австри сургуулийн төлөөлөгч Шүмпитэрийн гаргасан нэр томьёо байдаг. Зах зээлийн хууль ерөөсөө ийм юм. Харин төрийн хувьд өөрийгөө хэрэгтэй зүйл мэтээр харуулахын тулд нийгэмд социалист маягийн аж ахуйн нэгжүүд, ядуу хүмүүс олон байгаасай гэж хүсдэг.

-“Үнэ чөлөөл” номд төр өмчтэй байх ёстой юм уу гэсэн асуудлыг маш тод дэвшүүлсэн байсан? Гэтэл зарим хүн шатахуун, үр тариа зэрэг стратегийн бүтээгдэхүүнд онцгой анхаарах ёстой гэдэг?

-Төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газарт л хэрэггүй зүйлийг шахах явдал чөлөөтэй байдаг. Тэр үйлдвэр, аж ахуйн газар хувийнх байсан бол эзэн нь хэзээ ч тэр ашиггүй зүйлийг авахгүй. Эрдэнэт үйлдвэрт хэдэн жилийн хэрэгцээний бэлгэвч шахсан тухай та бүхэн дуулж байсан байлгүй. Төрийн өмч бол хэний ч өмч биш. Тэгэхээр нийтийн савнаас бүх хүн аль болох хурдан, том томоор халбагадахыг боддог. Ер нь эцсийн эцэст төрийн өмч гэсэн зүйлээс дарга нар л хамгийн их хождог. Тиймээс хувьчлах хэрэгтэй. Харин хувьчлал зөв, шударга явагдах ёстой. Тэр үйлдвэр, аж ахуйн газар хэн нэг дарга эсвэл намын өмч болох ёсгүй. Хувийн компани бол нийгэмд юу хэрэгтэй байна, түүнийг өгөхийн төлөө явдаг. Төрд бол тийм зан чанар байдаггүй. Бид хоёр либертари үзлийг эдийн засгийн талаас нь голчлон яриад байна даа.

-Тэгвэл хувь хүний эрх чөлөөний утгаар ярилцъя. Үр, хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ? “Монголд амьдрах хэрэггүй” гэдэг гэсэн? 

-Тийм ээ, Монголд амьдарч байгаа хүмүүс төрдөө хамгийн их монжуулж байна шүү дээ. Төрд байгаа “хулгайч” нарт хамгийн их идүүлж байгаа хүмүүс бол жирийн иргэд. Хувь хүн өөрийгөө бүрэн дүүрэн нээх бололцоог тэр “хулгайч” нар өгдөггүй. АН, МАН-ын улс төрчид Монголд кронизмыг маш амжилттай хөгжүүлж байна.

-Юу гэсэн үг юм бэ?

-Либертари зохиолуудад сүүлийн үед  крони капитализм (crony capitalism) гэсэн энэ нэр томьёог их хэрэглэх болсон. Энэ нэр томьёог контекстээс нь хамааруулаад “жалга довны капитализм”, “нутаг нугын капитализм”, “танил талын капитализм”, “арын хаалганы капитализм” гээд янз бүрээр орчуулж болно.

-Тэгээд?

-Ийм нийгэмд “justice”-ийн дагуу буюу “зүй ёсоороо, жам ёсоороо явагддаг зүйл” гэж үгүй болдог. Капитализмын амин сүнс бол шударга өрсөлдөөн. Хэзээ ч ажлаа бүтээхийн тулд танил талаа харахгүй. Зүй ёсны нийгэм гэдэг бол хүнд хэрэгтэй зүйл ялгаран гарч ирдэг нийгэм. Гэтэл Монгол огт өөр замаар яваад байна шүү дээ.

Охин, хүү хоёрынхоо хувьд “ингэж хүмүүжүүлье, тэгж хүмүүжүүлье” гэж бодож явсангүй. Гэхдээ миний амьдрал, байгаа байдал хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлдөг л байх. Манай хүүхдүүд миний энэ байдлыг “энэ бол аавын л үзэл бодол, аав маань байгаагаараа байгаа нь энэ” гэж хүлээж авсан. Тэдний хувьд миний ярьж байгаа зүйл бол энгийн зүйл. Тиймээс бие даах хандлагатай болдог юм билээ. Ер нь соёлжсон, иргэншсэн нийгэмд эцэг, эх нь хүүхэдтэйгээ, хүүхдүүд нь эцэг, эхтэйгээ зууралдаад байдаггүй. Фроммын нэр томьёогоор “эхийн буюу байгалийн хайр” нь багасаж, “эцгийн буюу нийгэмжсэн хайр” нь давамгайлж байдаг.

-Танай хүүхдүүд хаана, юу хийцгээж байна?

-Том охин маань гадаадад олон улсын компанид, хүү маань Монголд гаднын компанид ажиллаж байна. Охин маань гаднын иргэн болсон. Өөрийнх нь шийд. Би хэдийгээр аав нь гэлээ ч тийм зүйлд оролцдоггүй. Тийм хувийн зүйлд нь оролцвол хүүхдүүд маань тун гайхаж хүлээж авах байх, “Энэ аав юу болчихоо вэ, яаж байгаа юм бол” гэж. Хүүхдүүддээ “Өөрийгөө даана шүү. Өөрөө шийдвэр гаргачхаад тэр чинь алдаа байх юм бол надтай хуваалцах гээд байж болохгүй. Тэр шийдвэр зөв байгаад асар их амжилт олбол би тэрийг чинь хуваалцах гээд байхгүй” гэдгийг шууд хэлдэг. Алдаа нь ч, амжилт нь ч тэр хүнийх. Би эцгийн үүргээ биелүүлсэн, та хоёр ч үр хүүхдүүдийнхээ хувьд эх, эцгийн үүргээ биелүүлээрэй л гэдэг. “Миний хувь тавилангийн хөлөг онгоцны ахмад нь би өөрөө юм” хэмээн либертари үзэл сургадаг. Манайд энэ бүхэн хачин сонсогдож болох авч Баруунд бол энгийн үзэл. Гэхдээ монголчууд ч бас иргэншиж л байна.

-Либертари үзлийн дууч нь зохиолч Айн Рэнд. Олон ч роман нь монгол хэлнээ орчуулагдсан. Жишээ нь, “Эх сурвалж” романы баатар Роарк шударга байснаараа эцэст нь хождог, гэтэл амьдрал дээр хожихгүй байна шүү дээ? 

-Монголд шударга байснаар хожихгүй байна гэдэг үнэн. Харин ч эсрэгээрээ хожихгүйгээр үл барам хохирч байна. Зовлонтой нийгэм, хачирхалтай үндэстэн шүү дээ, манайхан чинь. Энэ байдал нь хүмүүсийг маш их эвдэж байна. Бүх хүн, тэр тусмаа сургуулийн хүүхдүүд хүртэл “олигтой амьдаръя гэвэл аль болох шударга бус бай, шударгаар амьдарвал хохирно” гэсэн итгэл үнэмшилтэй болж байгааг судалгаа харуулсан гээд нэг хэсэг шуугилаа. Гэтэл бас үндэстэн, ястнуудын онцлог гэж байх юм. Монголд шударга өрсөлдөөнийг “үгүй хийхэд” их хувь нэмэр оруулж буй хүмүүс бол Увс аймгийнхан гэж боддог. Оюутан байлаа, энд тэнд нэлээд ажиллаа, тэгээд хамт байсан хүмүүсээ ажиглаад бодоод байхад Увсынхан нутгархана гэж тоймгүй хүмүүс санагддаг. Нутаг нугын хүмүүсээ их өргөж дэмждэг. Харахад гэмгүй, тусархаг үзэгдэл мэт боловч, улс орны хөгжлийг ганц “алж” байгаа зүйл чинь энэ шүү дээ. Капитализмын амин сүнс болсон шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна. Шударга өрсөлдөөн байвал нийгэм л хождог. Хэрэглэгчээ татахын тулд үнэ, чанар, үйлчилгээ гээд бүх зүйлээрээ өрсөлдөнө, үүнээс нь хэрэглэгч хождог. Мөн өрсөлдөөний явцад өрсөлдөгч талууд ч өөрсдөө өсөж өндийн нийгэмд хэрэгцээтэй функцээ төгөлдөржүүлдэг. Ер нь нийгэм бүхэлдээ хожиж, хөгждөг. Монголд шударга өрсөлдөөн байхгүй, бүх юм танил тал, арга залиар явагддаг учраас хөгжихгүй байна.

Би охиндоо хэлдэг юм: хэрэв чи Монголд байсан бол хэзээ ч ийм амжилтад хүрэхгүй гэж. Англи, япон, швед хэлийг яриа болон бичгийн төвшинд чөлөөтэй эзэмшсэн, хүмүүнлэгийн ухаанаар бакалавр, магистраа Токиогийн Гадаад судлалын Их сургуульд хийсэн, инженерийн боловсролоо Шведийн Юфсаллагийн Их сургуулиас авсан, одоо Шведэд олон улсын компанид инженерээр ажиллаж буй энэ хүн тэнд хэчнээн амжилттай явж байгаа ч Монголдоо ирэх юм бол хэн ч биш болно. Хэн нэг дарга юм уу мөнгөтэй хүний хүүхэд түүний байранд амархан оччихно. Охиныг 20 жилийн өмнө Монголд Монбушогийн шалгалтанд ороход нь ямар азаар япончууд өөрсдөө шалгалт авсан юм. Хэрэв манайхан, БСШУСЯ-ынхан авсан бол охин маань яагаад ч Японд сургуульд явж чадахгүй байсан. Сайхан будлиулна шүү дээ. Манайхан тэгж л “өрсөлддөг”. Тэгээд байгаа царай нь энэ.

-Швед дэх монголчуудын холбоо нэлээд идэвхтэй үл ажиллагаа явуулдаг даа. Охин чинь тэнд идэвхтэй оролцдог уу?

-Охин маань тэр эвсэл, холбооноос хол байдаг байх аа, мэдэхгүй юм. Аливаа коллективист үзэгдэл хувь хүний бие даасан байдлыг их алдагдуулдаг шүү дээ. Үнэхээр боловсролтой, юм хийж сурсан юм бол ямар ч хөгжилтэй улс-оронд биеэ даан байр сууриа олж болно. Амжилттай яваа хүн гэдэг тухайн нийгэмдээ ашгаа өгч буй хүнийг хэлнэ. Нэгэнт тэр нийгэмд ашгаа өгч байгаа бол тэндээ газардана гэж бараг байхгүй л дээ.

-Яг одоо Хакухо Даваажаргалыг Японы иргэн болох гэлээ гэж сошиалаар мөн их шуугьж байна?

-“Хүний эрх”, “сонгох эрх чөлөө” (free to choose) гэсэн үгсийн утгыг маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс биш АН-д байсан Лу.Болд шиг “давхар иргэншлийг хориглох хэрэгтэй”, АН-ын гишүүн, одоогийн УИХ-ын гишүүн Пүрэвдорж шиг “гадаадад олон жил байсан иргэнд хүнд суртал гаргахад яадаг юм” гэсэн юм яриад байвал ямар шүү төвшинд боловсорсон стэйтист болохоо харуулж буй хэрэг.

Даваажаргалын хувьд Японд очоод өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон хүн. Сонголтоо хийсэн, энэ нь хэнд ч гай болоогүй. Ер нь Монголд ирж яах юм, дээр дооргүй худал хуурмаг, хоосон дүр үзүүлсэн хүмүүс, энд тэндгүй хов жив, залилан, луйвар, хэрүүл зарга, төр болон шүүхийн төвшинд шударга бус байдал хүлээж байна шүү дээ. Тэнд “зөв” хүмүүсийн дунд амьдаръя гэж байгааг нь би л лав ойлгож байна.

-Бүгд гадаадад гараад явчхалтай биш, Монголдоо амьдрах хүсэлтэй хүмүүс байлгүй яахав. Тийм биз дээ?

-Тийм л дээ. Free to choose шүү дээ. Хаана ч очоод амьдрах боломжтой байхад эндээ амьдраад байна гэдэг бол “tacit consent”-оо өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, “дуугүй зөвшөөрлөө” өгчхөж байна. Зөвшөөрч байна гэж улайм цайм хэлэхгүй ч, улстөрчдийн идэж ууж байгааг цаагуураа зөвшөөрч байна гэсэн үг. Харин гадагшаа гараад явна гэдэг бол нэгд, өөрийгөө үнэлж байна. Хоёрт, боловсон бослого гаргаж, соёлтойгоор эсэргүүцэж байна. Харин ийм чөлөөт нөхцөлд гадаадад амьдарч чадахгүй байгаа бол өөрөөсөө болж байна.

Манайх капиталист нийгэм рүү нэг л орж өгөхгүй байна. Зах зээлийн нийгэм бол маш шударга зарчимтай нийгэм. Одоо Монголд бараг л феодлын нийгэм ноёрхож байна. Процентлоод хэлэх юм бол феодлын аж төрөх ёс 40 хувь, социалист аж төрөх ёс 40 хувь, 20 хувьд нь капитализм байгаа юм уу үгүй юу гэлтэй байна.  Сохор, доголон, өрөвдөлтэй капитализм.

-Та түрүүн ярилцлага эхлэхээс өмнө Швед, Норвеги явна гэж байсан, хэзээ явах вэ?

-Улаанбаатарт олон улсын либертари үзэлтнүүдийн хурал 6-р сард болох юм. Одоогоор 20 гаран орны либертари үзэлтнүүд ирэхээ лав мэдэгдээд байна гэсэн. Дөхөөд ирэхээр нэмэгдээд 30-аад орны төлөөлөгч оролцох байлгүй. Би 2005 билүү 2006 онд Прагад болсон 25 дахь удаагийн хуралд “Алтан тариа” компанийн дэмжлэгээр оролцож байсан. Харин одоо Улаанбаатарын энэ хуралд илтгэл тавих үүрэг хүлээсэн, тэгэхээр хурлаа өнгөрөөчхөөд л явна. Визээ гаргуулчихсан. Охин дээрээ оччихоод цааш явна. Одоо ч амар болж, онгоцны билет, буудал гээд бүх юм онлайнаар жин тан болгочихдог.

-Нэг аймгийн дарга ажлаа аваад бараг 20 удаа гадагшаа явсан байдаг.

-Энэ улстөрчид чинь гадаадад аялах нь маш олон. Тэгсэн атлаа хэл ус, боловсрол муутай тул маш үр дүнгүй явдаг. Энэ олон удаагийн үр дүнгүй аяллынх нь зардлыг дандаа бид төлдөг шүү дээ. Бидний төлсөн татварын мөнгөөр явж байгаа хүмүүс. Тэгээд их хөгжилтэй, цаадуул чинь дандаа протоколтой явдаг тул тухайн улс орондоо чөлөөтэй яваад юм үзчихэж чадахгүй, буудлаасаа гарахаараа төөрчих гээд байдаг, Их сургууль, музейгээр орно, түүх, соёлын газраар явна гэж байхгүй, хүн ардынх нь зан заншилтай танилцаж чаддаггүй хүмүүс шүү дээ. ЭСЯ-ныхныг царайчилж байж нэг хүн дагаж гараад ганц, хоёр дэлгүүрээр ороод ирдэг шиг байгаа юм.

-Электорат хөдөлгөөнтэй нийлье гэж бодож байна уу?

-Огт бодохгүй байна. Баабар “Нам бол хуйвалдагсдын үүр” гэсэн Томас Жэффэрсоны үгийг хэтэрхий оройтож сэхээрч байна. Бид 1999 онд “Нам бусчуудын хөдөлгөөн” гэдгийг байгуулж байлаа. Тэргүүн нь МҮХАҮТ-ын анхны Ерөнхийлөгч байсан С.Дэмбэрэл. Тэгээд хожим Ерөнхий сайд болсон Сү.Батболд, Хууль зүй, Дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил гээд хүмүүс байсан санагдана. 2000 он гаруут хурлаа хийхэд ирдэг байсан хүмүүс цөөрөөд л байсан. Гэтэл энэ Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар “Нам бусчуудын хөдөлгөөн”-д явахын зэрэгцээ цаагуураа Н.Энхбаяртай нийлээд яваад байсан юм билээ. Муухай хоёр нүүртэй нөхөд шүү. Жинхэнэ монгол араншин. Тэгэхээр нь би шарандаа 53 бил үү, 57-р тойрогт (Баян-зүрх дүүрэг, 12, 13-р хорооллыг хамарсан тойрог байсан юм даг) бие даан нэр дэвшээд ялагдаж байсан.

-Электорат хөдөлгөөн таны тэр үеэс ялгаатай нь өөрсдөө нэр дэвшихгүй юм билээ?

-Аливаа сонгууль гэдэг бол төрийг байгуулах процесс шүү дээ. Одоо либертари үзэлтэй хүний хувьд төрийг босголцоход оролцоно гэж юу байхав.

Ер нь сонгуульд саналаа өгч буй хүн сонгуулиар гарсан үр дүнг хүлээн зөвшөөрнө хэмээн “tacit consent”-оо өгчхөж байгаа хэрэг. Гэтэл өөрсдөө сонгуульд орж төрөө босголчихоод сүүлд нь “эд нар ийм, тийм” гэж гоншигнох үзэгдэл их гарах юм. Үнэндээ тэр хүмүүсийг өөрсдөө л гаргаж ирсэн шүү дээ. Харин либертари үзэлтнүүд сонгуульд оролцоогүй байж, энэ хүмүүсийн хийсэн буруу сонголтоос болж хэлмэгдэж байдаг гэмээр байна. Тэгэхээр бидний нэлээд нь Сартрын хэлснээр “Эс сонголт бол сонголт юм” гэсэн зарчмаар сонгуульд ордоггүй л дээ.

Сайтууд дээр гарсан Электорат хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн зургийг харсан. Биднийг “Нам бусчуудын хөдөлгөөнийг” байгуулж байх үед энэ хүмүүс бүгд л АН эсвэл МАХН-ыг дагаад намирч байсан улаан, хөх тугууд байна лээ. Одоо намдаа гомдсон юм уу, хаашаа юм.

Тэр хэд хамаг зөв хүмүүсийг цуглуулаад учиргүй гоё төрийг байгуулчих юм байлгүй.  Муу муухай хүмүүс оччихсон учраас төрийг нь муухай харагдуулаад байгаа юм байх. Гоё хүмүүс очихоор “гоё”, зөв хүмүүс очихоор “зөв төр” бий болчих юм ярих юм. Төр угаасаа “ливайфан” мөн чанартай зүйл гэдгийг ойлгохгүй л байна даа. Олон юм яриад яахав, энд либертари үзэлтнүүд дуу алдан зөвшөөрдөг, Швейцарын соёлын түүхч Я.Буркхард, Английн түүхч, Лорд хэргэмтэн Актон хоёроос нэг нэг ишлэл татъя. Өөр юу хэлхэв. “Засаг гэдэг бол өөрт нь хэн байгаагаас үл хамаараад нүгэлт зүйл. Засаг өөртөө очсон хэнийг ч байсан эвдэн завхруулж, хээл хахуулийн замаар явахаас өөр аргагүй болгодог”, “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг”.

-Манай улс яагаад ийм байдалтай болчхов, үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Олон л юм хэлж болох байх. Үндсэн хуульд засаж залруулах шаардлагатай зүйл их байна, намуудын төлөвшил удаан байна, улс төрчдийн боловсрол, ёс суртахуун доогуур байна гээд. Гэхдээ энэ бүхний цаана нуугдмал, эцсийн, үндсэн шалтгаан бол “монголчууд өөрсдөө” байгаа юм. Залхуу хойрго, хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьдаг, ёс суртахууны нормоо алдчихсан, долигонуур, муу муухайд эвлэрэнгүй ханддаг, харанхуй, бүдүүлэг, нэгэндээ дээрэлхүү, аймхай, хов живд дурламтгай, үнэнийг хүлээн зөвшөөрөх дургүй, хоосон магтаалд дуртай, хамгийн гол нь шударга бус зүйлд хэтэрхий дассан энэ бүх байдал нь өнөөгийн бодит байдлыг бий болгож байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.

СЭТГҮҮЛЧ Д.АМАРТҮВШИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж