Сократес Сколаригийн талд

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Сократес Сколаригийн талд

Бразилийн шигшээ багийн ахлагч асан Сократес улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд яв цав тохирох хүн бол Луис Фелипе Сколари хэмээн мэдэгджээ.

Бразилчууд дэлхийн цомын тэмцээнд тааруу амжилттай оролцсоны дараа Дунга ажлаа хүлээлгэн өгсөн боловч Сократес Бразилийн багийн энэ тааруу амжилт тийм ч гайхмаар зүйл биш гэсэн байна. Тэрбээр “Бразилчууд муу тоглоогүй. Тэд зүгээр ялах ёсгүй л байсан. Дунгагийн арга барил бразилчуудын тоглолтын хэв маягтай авцалдаж чадаагүй. Тоглогчид ч хүч чадлаа бүрэн дайчилж тоглоогүй. Одоо хамгийн чухал нь шинэ дасгалжуулагчийг сонгох явдал. Миний хувьд Сколари тэр эрхэм мөн” гэжээ.

Сколари өмнө нь улсынхаа шигшээ багийг дасгалжуулж, 2002 онд дэлхийн цомын аваргад хөтөлсөн бөгөөд тэр цагаас хойш Португалийн шигшээ болон “Челси”, Бунёдкор” зэрэг клубыг дасгалжуулж байсан юм. Харин өдгөө тэрбээр нутгийнхаа “Палмейрас” клубтэй хоёр жилийн гэрээ байгуулан, Бразилд ажиллаж байна.
Гэхдээ Сколариг хоёр давхар ажил хийх боломжтой, “Палмейрас”-тай байгуулсан гэрээгээ дуусах хүртэл Бразилийн шигшээг давхар дасгалжуулж болно хэмээн дийлэнх мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж