Хөлбөмбөгийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан Английн Тоттенхэм Хотспур болон Нидерландын Аякс Амстердам клубуудын эхний тоглолт Лондон хотын “Tottenham Hotspur” цэнгэлдэх хүрээлэнд явагдав. Тоттенхэм Хотспур клуб 57 жилийн дараа, Аякс клуб 22 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч байгаа бөгөөд хоёр баг өмнө нь 1982 оны цомтой багуудын цомын тэмцээний эхний шатанд таарч байсан бол энэ удаа 2 дахь удаагаа Европын дэвжээнд таарч байгаа нь энэ байв.
- Тоттенхэм Хотспур 0-1 Аякс (гоол: ван де Бейк 15’)
Шар хуудас:
Н.Тальяфико 30’, Ж.Велтман 63’
Улаан хуудас:
Тоттенхэм Хотспур: У.Льорис, Я.Вертонген (М.Сиссоко 39’), Д.Санчес, Т.Алдервейрелд, Д.Роүз (Б.Девис 79’), Д.Алли, В.Ваньяма, К.Эриксен, К.Триппер (Ж.Фойт 80’), Л.Моура, Ф.Льоренте
Аякс: Онана, Н.Тальяфико, Д.Блинд, де Лигт, Ж.Велтман, Л.Шёне (Н.Мазрауи 65’), де Йонг, Х.Зеийх (К.Хунтелар 87’), ван де Бейк, Д.Нерес, Д.Тадич
Хагас шигшээ тоглолтонд талбайн эзэн Тоттенхэм Хотспур клуб бэртэл, гэмтлийн асуудлуудтай тулгарч байсан нь тоглолтын үр дүнд бага зэрэг нөлөөлсөн болов уу? Багийн гол довтлогчид болох Х.Кейн болон Сон-Хын Мин нар бэртлийн улмаас энэ удаагийн тоглолтыг өнжсөн. Энэ нь Тоттенхэм Хотспур клубын довтолгооны хүчийг тодорхой хэмжээнд хүчгүй болгосон бол Аякс клуб өөрсдийн шилдэг тоглолтоо үргэлжлүүлсээр талбайн эздийг ван де Бейкийн гоолоор буулгаж авлаа. Тоглолтын 15 дахь минутад энэ тоглолтын цорын ганц гоол орсон бөгөөд Тоттенхэм Хотспур клубын шахсан хамгаалалт амжилтгүй болж ван де Бейк хамгаалагчид дундаас сугарч гаран гоол оруулсан. Ийнхүү эрч, хүчтэй залуу бүрэлдэхүүнтэй Аякс клуб зүгээр ч нэг хагас шигшээд хүрээгүй гэдгээ харуулан хагас шигшээгийн эхний тоглолтонд айлын талбайгаас хожил авч хариу тоглолтонд давуу байдлыг үүсгээд байна. Хариу тоглолт ирэх долоо хоногт явагдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ