Москва хотын Улаан талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн парад болно. Энэ жилийн жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, "Искандер-М" пуужингийн систем, стратегийн пуужингийн "Яарс" болон "Армата" систем, БМП "Курганец", БТР "Бумеранг" танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцох аж.
Тус улсын Батлан хамгаалах яамнаас танилцуулснаар, механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон “Т-34-85” хуягт танкууд тэргүүлэх юм байна. Механикжсан цуваа явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр цаг агаарын байдал таатай байвал Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд сүр хүчийг үзүүлэх аж.
Ялалтын баярын жагсаалын нэгдсэн бэлтгэлийг 14 удаа хийх бөгөөд энэ удаагийн бэлтгэлд нийт 10 мянга гаруй цэрэг оролцсон байна. Алабино тосгонд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нэгдсэн бэлтгэл хийгдсэн бол хоёр өдрийн өмнө Улаан талбайд баярын жагсаалын шөнийн бэлтгэл явагджээ. Энэхүү бэлтгэлд ОХУ-ын нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцоогүй аж.
Одоогоор Ялалтын баярын жагсаалын гол нууцууд хараахан тодорхой болоогүй байгаа юм байна. Ямартаа ч Оросын 2009 оны ЗИЛ автомашиныг “залгамжлах” Аурус брэндийн тансаг зэрэглэлийн бүхээггүй машиныг тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, армийн командлагч Олег Салюков нар хөлөглөх аж.
Улаан талбайд болсон жагсаалын бэлтгэлд нийт 10 мянган цэргийн албан хаагч оролцжээ.
Цэргийн тоног төхөөрөмжүүд нь Нижный Мнёвникт байрлаж буй бөгөөд механикжсан цуваа хэд хэдэн гудамжны хөдөлгөөнийг хаасан байна. Цувааг домогт Т-34 тэргүүлжээ. Түүний араас шинэ “Чаборз” машин жагссан байна. Чечениэр “Ча” нь баавгай, борз нь чоно гэсэн үг аж.
Цэргийн үлээвэр найрал хөгжим, ая дан тааруулах энэ сүрт жагсаалын үзэгчдийн индэрт хамгийн хүндтэй зочид нь эх орны дайны ахмад дайчид байх юм. Харин гадаадын нэг ч удирдагчийг уриагүй ажээ. Ялалтын баяр уламжлал ёсоор ёслолын буудлагаар өндөрлөнө.
-МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН II ДАЙНД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАН ОРОЛЦСОН-
БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас 1942 онд "Хувьсгалт Монгол" танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүссэн байна.
1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргасан байна. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, "Монгол ард" гэсэн бичигтэй "Ла-5" сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ.
Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд "фронт Бадам" нэр хайрлаж байсан түүхтэй. Энэ мэтчилэн Монгол түмний хувьд бие сэтгэлээрээ дэлхийн хоёрдугаар дайныг эсэргүүцэж ЗХУ-д тус хүргэж байжээ.
-ДАЙНЫ НИЙТ ӨРТӨГ 1944 ОНЫ ХАНШААР ТРИЛЛИОН ДОЛЛАР-
Улаан талбайд ялалтын анхны парад 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр болжээ. Уг нь тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан боловч парадад оролцох 10.000 цэргийн ёслолын хувцсыг оёж амжихгүй болсон тул ийнхүү хойшилсон түүхтэй аж.
1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэсээр ирсэн байна.
Өдгөө аугаа эх орны дайны бэлгэ тэмдэг болгож Георгиевскийн туузыг баярт оролцогчид энгэртээ зүүдэг билээ. Гэхдээ энэ туузны түүх бүр XVIII зуунаас эхтэй бөгөөд Ариун Георгийн одонгийн бүрэлдэхүүн хэсэг байжээ.
Дэлхийн II дайнд буюу 1941-1945 оны хооронд болсон тулаанд Зөвлөлтийн талаас чухам хэчнээн хүн амь үрэгдсэн талаарх тоо баримт одоо хүртэл тодорхойгүй байдаг. Хамгийн сүүлд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээгээр Зөвлөлтийн 8,8 сая хүн амь үрэгджээ. Энэ нь дайны фронтод амь насаа алдсан, олзлогдож буудуулсан хүний тоо юм.
Зөвлөлтийн арми хорих лагераас 2.0 сая шахам хүнийг чөлөөлсөн бол Германы тал 6,7 сая хүнээ алдсан гэсэн тооцоо гарчээ.
Улаан талбайн ялалтын баярт 2008 оноос эхлэн зэвсэгт хүчний хүнд машин механизм, техникүүдийг оролцуулдаг болсон аж.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан аж.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон тул хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогддог.
Улаан талбайн ёслолын сүрт жагсаал Ялалтын баярын өдрийн гол утга учир бөгөөд Дмитрий Медведевийн зарлигаар тус баярыг ОХУ-ын арав гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлдэг болсон билээ.
Ялалтын баярын жагсаалын шөнийн бэлтгэл тавдугаар сарын 4-ний өдөр болох бол 7-ны өглөөний 10 цагт нэгдсэн бэлтгэлээ хийх юм байна.
Эх сурвалж: RT, TVC, TASS