Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдадаа үлгэрлэл болж чаддаг

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдадаа үлгэрлэл болж чаддаг

“Би хөгжимчин болно. Сургуулиа төгсөөд ОХУ-д сурна. Дөрөвдүгээр ангиасаа эхлэн морин хуурын дугуйланд явсан. Морин хуур тоглож сурах эхэндээ амар байгаагүй. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд одоо гайгүй сайн тоглодог болоод байгаа. “Хараацай” хүүхдийн урлагийн их наадамд багаараа алтан медаль авсан. Морин хуур тоглох хамгийн кайфтай зүйл” гэж ярих энэ хүү нийслэлийн 34 дүгээр сургуулийн IX ангид сурдаг. Тэр бусдаас их хөдөлмөр зарцуулж морин хуур тоглож сурчээ. Учир нь, тэрбээр саажилттай, тагнайн хавсарсан бэрхшээлтэй юм. Гагцхүү уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд  морин хуур сайн тоглож сурч, бусдадаа морин хуур тоглохыг заах болсон байна. Мөн хичээлдээ сайн, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сургуулийн бахархалт сурагчдын нэг гэдгийг сургуулийн захирал онцолсон юм.

Тэгш хамруулан сургах боловсрол гэж ярих болоод удаж байгаа ч Монголд энэ хөтөлбөр хэрхэн хэрэгждэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй байгаа билээ. Тухайлбал, ердийн сургуульд суралцахаар Чингэлтэй дүүргийн бүх сургуулийн удирдлагатай уулзаж, үргэлж татгалзсан хариу сонссон гэх тэргэнцэртэй охины ярилцлагыг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн.

Сурагчдыг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж байгаа цөөн хэдэн сургууль бий. Тэдний төлөөлөл 34 дүгээр сургуулийг зорьж, сурагчдыг хэрхэн тэгш хамруулан сургаж байгааг энэ удаа сурвалжиллаа.

                               ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 85 СУРАГЧ СУРЧ БАЙНА

Сурагчдыг хэрхэн тэгш хамруулан сургаж байгаа болон тэгш хамруулан сургахад тулгамддаг асуудлын талаар 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишигээс тодрууллаа.


-Танай сургууль хэчнээн сурагчдтай вэ. Үүний хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй сурагч вэ?

-Манай сургууль 34 бүлгийн 1200 сурагчтай. Манайх тусгайлсан сургууль биш, ердийн сургууль ч бүлэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй 1-2 хүүхэд суралцаж байгаа. Учир нь, олон улсын жишигт ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн хүүхэдтэй хамт сургах нь илүү үр дүнтэй байдаг гэж үздэг. Монгол Улс тэгш хамруулан сургах хөтөлбөрийн талаар 2005 оноос ярьж эхэлсэн. Манай сургуулийн ойролцоо 63 дугаар тусгай сургууль байдаг ч эцэг, эхчүүд хүүхдээ энгийн сургуульд, үеийн найзуудынх нь дунд сургаж, илүү хөгжүүлэхийг зорьдог. Тиймээс бид маш өндөр ачаалалтай ажилладаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг давхар хамруулан сургахыг хичээж байна. Одоогоор манай сургуульд хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтэн, суралцахуйн бэрхшээлтэй 85 хүүхэд суралцаж байгаа.  Энгийн сургуульд суралцахуйн бэрхшээл нь хамгийн том хөгжлийн бэрхшээл болоод байгаа.

-Суралцахуйн бэрхшээлд ямар бэрхшээл орж байна вэ?

-Тооцоолох чадвар алдагдсан, гарын булчин хөгжөөгүйгээс бичиж чаддаггүй,уншиж чаддаггүй зэрэг олон бэрхшээл үүнд багтаж болно. Манай сургуульд суралцахуйн бэрхшээлтэй 40 гаруй сурагч бий.

-Тэгш хамруулан сургаж байгаа туршлагаасаа хуваалцахгүй юу?

– Манай сургуульд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах тусгайлсан багш байхгүй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх боломж бүрийг ашиглаж байгаа. ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах төсөл”-д туршилтын байдлаар хэдэн сургууль хамрагдсаны нэг нь манай сургууль. Төсөлд хамрагдсанаар багш нар маань арга зүйн дэмжлэгийг бага ч гэсэн авсан. Тусгай ажиллагаа шаардлагатай байгаа хүүхдэд зориулан бид хичээлээс гадна хөтөлбөр гаргасан. Мөн манайх сургууль дээрээ “Хөгжлийн дэмжлэгийн төв” байгуулсан. Энэ төв дээр багш нар тухайн хүүхэдтэй нэмэлт цаг гарган ажилладаг. Бас 2011 оноос зургийн, хөгжмийн дугуйлан хичээллүүлж байна. Тохирох хэрэглэгдэхүүнийг боломжийн хүрээнд бэлтгэсэн, тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай “00”-той, налуу шаттай.

Мөн манайх хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг тэргэнцэртэй сурагчаар биеийн тамирын хичээлийн үед шүүгч хийлгэж байгаа. Энэ мэтээр аль болох хүүхдэд тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Бас эцэг, эхтэй тулж ажиллах шаардлагатай байдаг.

-Тэгш хамруулан сургах хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын амжилтаас дурдахгүй юу?

-Миний хувьд 2010 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Надаас өмнө 34 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авч, сургаж байсан. Нарийн тооцоолоогүй ч миний тооцоолж буйгаар хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй сурагч манай сургуулийг төгссөн байх. Эдгээр дунд маш амжилттай сурсан олон сурагч бий. Тухайлбал, МУИС-д суралцаж байгаа тэргэнцэртэй сурагч бий. Олимпиадууд ч амжилттай оролцдог. Бэрхшээл байгаа ч амжилттай яваа хүүхдүүд бусдадаа үлгэр дуурайлал болдог.

-Сурагчдыг тэгш хамруулан сургахад анги хамт олон, сургуулийн сурагчдын хандалга чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгож, хамтад нь сургах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?  

-Ангийнхаа хүүхдийн, найзынхаа арай өөр байгаа байдлыг ойлгоорой, тусламж хэрэгтэй байвал тусалж, дэмжээрэй гэж сурагчдад сургадаг. Өөрөөр хэлбэл, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний үр дүнд манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дооглож байгаа нэг ч сурагч байдаггүй. Сурагчид маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалдаг, дэмждэг, хамтдаа хөгжихийг зорьдог.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад ямар асуудал тулгамддаг вэ?

-Нэг анги 35-45 сурагчтай. Багш эдгээр хүүхэдтэй ажиллахаас гадна ганцаарчлан ажиллах, тусгайлан ажиллагаа шаардлагатай хүүхдүүдтэй ажиллаж байна. Багш тухайн сурагчийг хичээлийн дараа авч үлдээд нэмэлтээр хичээл заадаг. Гэхдээ ямар нэгэн нэмэгдэл цалин авдаггүй. Гэтэл тусгай сургуулийн багш нар 10-15 хүүхэдтэй, туслах багштай ажилладаг, 30 хувийн нэмэгдэл авдаг. Тэдэнтэй барьцахгүй ч тусгай анхаарал шаардлагатай байгаа хүүхэдтэй ажиллаж буй энгийн сургуулийн багш нарт бага зэргийн урамшуулал олгодог байх хэрэгтэй байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаал саяхан гарсан. Ингэснээр тусгай хэрэгцээ, дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэдтэй ажилладаг багшийн ажлыг үнэлдэг болох байх гэж найдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад нэмэлт орчин шаардлагатай болдог. Энэ бүхнийг бүрдүүлэхийн төлөө бид боломжоороо ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургууль авахгүй байдгийн шалтгаан нь ажлын үнэлгээнд нөлөөлнө гэж үздэг гэж сонссон. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ажлын үзүүлэлтэд нөлөөлнө. Гэхдээ бид сурахыг хүсч байгаа хүүхдийн тэмүүллийг, хүүхдийн ирээдүйг чухалчилдаг. Нийслэлийн шилдэг сургуулийн төлөө ч өрсөлддөг.

СУРАГЧДЫГ ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХЫН ДАВУУ ТАЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад тулгардаг бэрхшээл болон давуу талыг багш нараас тодрууллаа.  

НЭГ ОЙЛГОСОН ЗҮЙЛЭЭ МАРТДАГГҮЙ

-Манай ангийн сурагч А-гийн аав нь ямар ч сонсголгүй. Ээж нь бага зэрэг сонсголтой. А өөрөө хэвийн сонсголтой. Тухайн хүүхэд цэцэрлэгт хаяа явдаг байсан ч багшийн зааж байгааг бүрэн ойлгодоггүй. Тиймээс нэг үйлдлийг олон янзаар тайлбарлаж ойлгуулдаг.  Нэгдүгээр ангийн хүүхдэд гэр бүлийнхний ажиллагаа чухал байдаг.  А-гийн аав, ээж нь сонсголгүй, сонсгол султай хүн байдаг болохоор энэ асуудал орхигддог. Тиймээс хичээлийн дараа А-г авч үлдэж, нэмэлтээр хичээллэж, дуудлага ихэвчлэн зааж өгч байгаа. Тухайн сурагч зөвхөн ээж, аавтайгаа харьцдаг байсан болохоор багштайгаа, анги хамт олонтойгоо танилцахад бас тодорхой хугацаа шаардсан. Сайн тал нь гэвэл гарын ур сайтай, гоё зурдаг, юм тогтоохдоо гайгүй. Нэг ойлгосон зүйлээ мартдаггүй.

 

ТОО САЙН БОДДОГ, СЭТГЭН БОДОХ ЧАДВАР САЙТАЙ

III анги удирдсан багш Г.Дашмаа

-Манай ангид хэл ярианы бэрхшээлтэй нэг сурагч бий. Тухайн сурагч маань одоохондоо ангийнхантайгаа ижил түвшинд уншиж, ярьж, бичиж чадахгүй байгаа. Гэхдээ анги анхих тусам хөгжиж байгаа. Ганц нэг үгээр яривал ойлгоод, бүтэн өгүүлбэрээр яривал арай ойлгохгүй байгаа. Багшийн хувьд тухайн сурагчийг өөртэйгөө ойр суулгадаг. Анхаарал хэрэгтэй байгаа сурагчид эцэг, эхийн дэмжлэг байхгүй л бол ахихгүй. Тиймээс эцэг, эхтэй нь хамтран ажилладаг. Одоогоор уншиж сурсан, минутад 50 гаруй үг уншиж байна. Давуу тал нь тооны хичээлдээ сайн. IQ, сэтгэх чадвар сайтай. Гэхдээ одоохондоо өгүүлбэртэй бодлогыг сайн ойлгохгүй байгаа. Тухайн сурагчид сургуулиас тохирох хэрэглэгдэхүүн өгсөн. Түүгээр янз бүрийн зүйл бүтээнэ, эвлүүлдэг тоглоомоор тоглох сонирхолтой, ангийнхантайгаа нийтэч, сайхан харилцаатай байдаг. Өгүүлбэрийн хоёроос гурван үгийг тод хэлж, түүнээс олон үгээр яривал ойлгогдохгүй байгаа. Ойлгогдохгүй байгаа ч ангийнхантайгаа юм яриад байгаа нь хөөрхөн байдаг.

 

 

АНГИЙНХАА ОНЦ СУРЛАГАТНУУДЫН НЭГ

-Манай ангид тэргэнцэртэй нэг хүүхэд сурч байгаа. Тухайн хүүхэд маань хичээлд маш идэвхтэй оролцдог. Ангийнхаа онц сурлагатнуудын нэг. Эцэг, эх нь ч маш сайн анхаарал хандуулдаг. Зургийн дугуйланд явдаг. Маш гоё зурдаг. Багшаас нэмэлт анхаарал шаарддаггүй. Нийтэч болоод ч тэр үү орж, гарахад нь ангийнхан нь тусалдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн хүүхдийн хамт сургаж буй сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Дараагийн удаа тэгш хамруулан сургах хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа, сургуульд сурах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн сургууль хайсаар яваа хүүхдүүдийн асуудлыг хөндөн сурвалжлах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж