“Яг түүн шиг” шоуны ХАМГИЙН ХАМГИЙН

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг” шоуны ХАМГИЙН ХАМГИЙН

“Яг түүн шиг” шоуны ХАМГИЙН ХАМГИЙН

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, уярааж, хүлээлт үүсгэж чадсан шоу бол “Яг түүн шиг”. Тэгвэл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар ирэх амралтын өдөр /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болох гэж буй.

Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг оролцогч өрсөлдөнө гэдгээрээ онцлог.  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарт өрсөлдөх найман оролцогчоор жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар сонгогджээ. Ингээд тун удахгүй үзэгчдэдээ хүрэх гэж байгаа “Яг түүн шиг” шоуны хамгийн хамгийнаас сонирхуулья.

ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН ОРОЛЦОГЧ Т.БАРХҮҮ

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүү шалгарсан. Тэрбээр шоуны туршид олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлэн үзэгчдийг байлдан дагуулж, гурван ч дугаарын ялагчаар тодорсон авьяаслаг уран бүтээлч. Жүжигчин Т.Бархүү хоёрдугаар улирлын эхний дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнг дууриан түрүүлсэн бол дараагаар нь алдарт "Bee Gees" хамтлагийн дуучны дүрд хувирсан. Мөн алдарт дуучин Cher болж, өндөр өсгийт дээр тун чадварлаг бүжиглэн, дуулсан билээ.

Харин тэмцээний финалын шатанд алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болж, “Яг түүн шиг-2” шоуны тайзыг доргиолоо. Шүүгч, үзэгч, оролцогчоос нийт 54 оноо цуглуулснаар “Яг түүн шиг 2” шоуны ялагч болж, хамгийн олон түрүүлсэн оролцогчоор тодорчээ.

ХАМГИЙН УДААН ХУГАЦААНД ХУВИРГАСАН ДҮР “МАСК”

Төгөлдөр хуурч С.Алимаа “Яг түүн шиг 2” шоунд оролцохдоо базер даран Холливудын жүжигчин Jim Carrey буюу ногоон маскын дүрд хувирах даалгаврыг авсан. Тэрбээр төгөлдөр хуур тоглохоос гадна чамгүй сайн бүжигчин гэдгээ энэ үзүүлбэрээр үзүүлээд амжсан.  Түүнийг “Маск” уран сайхны киноны гол дүрд хувиргахад тийм ч амар байгаагүй бөгөөд бараг дөрвөн цагийг зарцуулж, нааж будсан гэнэ.

ХАМГИЙН ОЛОН УДАА ДАВХЦСАН ДҮР “МАЙКЛ ЖЕКСОН”

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд дуучин Б.Амархүү попын хаан Майкл Жексоныг тайзнаа амилуулсан. Тэрбээр шүтээн болсон дуучныхаа 1983 онд гаргаж байсан “Beat it” дууг яг адилхан дуурайн дуулсан. Харин шоуны хоёрдугаар улиралд дуучин Г.Ганхүү, С.Гантогоо нар попын хааны дүрд хувирсан бол шоуны дараагийн улиралд залуу жүжигчин М.Цэрэндолгор бүсгүй попын хааны дүрд хувирсан байдаг. Ийн алдарт попын хаан Майкл Жексоныг “Яг түүн шиг” шоуны тайзнаа хамгийн олон буюу дөрвөн удаа амилуулсан ажээ.

ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ ҮЗҮҮЛБЭР “ЖИММИ ЖИММИ”

"Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогч дуучин С.Гантогоо Энэтхэгийн Rita Oberoi хэмээх дуучны дүрд хувирсан үзүүлбэр “Youtube”-т хамгийн их хандалтыг авчээ.

Дуучин С.Гантогоо хоёрдугаар улирлын тав дахь дугаарт Энэтхэгийн алдарт "Жимми жимми” дууг тун чадварлаг дуурайн дуулсан нь шүүгч болон үзэгчдийн сэтгэлд нийцэж, сошиалд нийт 4.5 сая хандалтыг авснаар ялагч болсон байдаг.

ХАМГИЙН ЗАЛУУ БОЛОН ХӨГШИН ОРОЛЦОГЧ

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын найм дахь оролцогч шоу эхэлтэл үзэгчдэд нууц хэвээр байсан. Гэтэл энэ нууцлаг оролцогч шүүгч Г.Ганхүү байсан нь үзэгчдийг гайхшруулсан юм. Тэрбээр хэдийгээр өөрийн хүсэлтээр шоуны оролцогч болсон бөгөөд залуу уран бүтээлчдээс дутахааргүй авьяаслаг гэдгээ батлан харуулсан юм. Өөрөөр хэлбэл нас бол тоо гэдгийг батлан харуулсан нэгэн. Дуучин Г.Ганхүү шоуны үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө Фэйсбүүкт 70, 80-аад оны эмээ, өвөө нар болимоор юм” гэх утгатай пост явж байсан. Гэтэл би 60-аад оны хүн байдаг. Тэгэхээр бид болоод түүнээс дээш үеийг бараг амьд юм уу гэж хэлэх нь холгүй болчихож байгаа биз. Ингээд дээрх постоос болоод л ер нь яагаад 60-аад оныхон “Яг түүн шиг” шоунд орж болохгүй гэж гэсэн сэдэл төрсөн” тухайгаа ярьсан байдаг.

Харин шоуны хамгийн залуу оролцогч бол гуравдугаар улирлын оролцогч, залуу жүжигчин М.Цэрэндолгор юм. Тэрбээр тусгай дугаарт алдарт Чарли Чаплинд хувирч, шүүгчид болон оролцогчдын нийлбэр оноогоор хамгийн өндөр буюу 12 оноогоо авч, ялагч болсон. Дөнгөж 20 нас хүрч буй авьяаслаг уран бүтээлч бүсгүй жүжиглэхээс гадна чамгүй сайн модель ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж