Жил ирэх тусам Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхжил чичирхийлэл нэмэгдсээр л. Магадгүй өнөөдөр биш ч маргааш, эсвэл хэзээ ч байгалийн аюулт үзэгдэл тохиолдож болзошгүйг холбогдох албаны хүмүүс сануулсаар буй. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24,25,26-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Тус сургуулийн нээлтийг Сүхбаатарын талбайд төрийн өндөр албан тушаалтнуудын өмнө “Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан юм. Ямартай ч тэдгээр төрийн албан хаагчид гэрийн даалгавартаа онц дүн авч, хяналтын хуудас өвөрлөн ажил руугаа явцгаасан.
Тэгвэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр ямар ч зүйл байсан гурилдаад өнгөрдөг монгол хүний зан үүнд дээр ч мөн адил илэрсэн гэлтэй. Жинхэнэ амьдрал буцалдаг иргэдийн дунд гамшгаас хамгаалах их бүрэн сургуулилт хөл толгой нь олдохгүй замбараагүй болсныг олон хүн ярьж байсан юм.
Үүнээс гадна эдгээр өдрүүдэд Хотын даргын шийдвэрээр гурав хоног архи зарахыг хориглосон. Архи худалдан борлуулаагүй эхний өдөр гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурсан тухай цагдаагийн байгууллагын мэдээлж байв. Архи зараагүй энэ сарын 24-ний өдөр гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдээс 500 нэгж буюу даруй 60 хувиар буурсан үзүүлэлт аж. Энгийнээр бол архинаас болж хэн нэгэн амь насаа алдаагүй, өөр нэгэн гэмтэж бэртээгүй гэсэн үг. Цахим орчинд хүмүүс архигүй өдрийн тоог нэмэх саналыг гаргацгааж байна.
Гэхдээ энэ санал нь хэрэгжих юм бол хувийн хэвшлийнхэн ажиллагсдынхаа тал хувийг цомхотгож, ажилгүйчүүдийн эгнээг тэлнэ, цаашлаад үйлчилгээний газрууд ашиггүй ажиллах олон сөрөг талтай юм. Ялангуяа бидний хэлж заншсанаар шагийн архи борлуулагчдын арга нь улам нарийсч, хууль хяналтынхан ч хүчрэхээ болино. Энэ намаг балчгаас иргэдээ татан авах нь төрийн үүрэг. Гэтэл олон нийт элий балай байх нь манай улстөрчдөд зарим талаар хэрэгтэй байдаг бололтой.
Архины эсрэг хууль гаргаж байсан олон улсын туршлагыг сонирхоод үзвэл амжилттай болж байсан түүх ховор аж. Тухайлбал, 1920-оод оны АНУ-ын гаргасан архины хориг нь эргээд мафийг төрүүлсэн байдаг. Мөн 1914 оны ОХУ-ын архины хорио архаг архидалт, донтолтыг бий болгосон гэж үздэг. Тиймээс хорьж цагдах замаар бус зохистой хэрэглээг нь урамшуулах, ухамсартай ажиллах ёстой гэсэн санааг олонх дэмжиж байгаа аж. Харин хатуу хууль гэхээсээ илүүтэй эдийн засгийн хөшүүрэг буюу татварын бодлогоор дэмжсэн туршлага барууны орнуудад олон байдаг байна. Тухайлбал, нэг градусаар бага хувьтай архи үйлдвэрлэвэл татварын нэг хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Арван жилийн дараа гэхэд 10 градусаар бага болж арван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. Үүнийг дагаж бага хувьтай согтууруулах ундааг олон нийт хэрэглэж заншдаг байна. Архидалттай тэмцэх энэ мэт туршлагаас санаа авахад ч илүүдэхгүй байх. Монголчуудад дутагдаж буй өөр нэг шалтгаан бол ухамсар. Бид архитай нь биш архичинтай нь тэмцэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл архины хориг, хязгаарлалт хэмээсээр ирлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ