Махны үнийг хэн хөөрөгдөв!

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Махны үнийг хэн хөөрөгдөв!

Махны үнийг хэн хөөрөгдөв!

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч  илүүтэй хөөрөгдөл, үүсгэж иргэдийг “сөхрүүлэх” шахлаа. Уг нь жил бүр махны үнийг тогтворжуулахаар нөөцийг махыг бэлтгэж ирсэн. Гэвч энэ жилийн хувьд нөөцийн мах хэрэглэгчдэд оройтож хүрэхийн зэрэгцээ өмнөх жилүүдийнхээс үнэтэй, ховор байгаа гэсэн шүүмжлэл дагуулсаар байна.

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 12 мянган тонн махыг бэлтгэдэг байсан бол энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонн махыг бэлтгэжээ. Ингэхдээ энэ сард нөөцөлсөн махны 30 хувийг, ирэх сард 50 хувийг, сүүлд нь үлдсэн хувийг гаргахаар бэлдэж буй.

НӨӨЦИЙН МАХНЫ ОЛДОЦ МУУ БАЙНА

Иргэдийн хэлж буйгаар нөөцийн махны олдоц муу байна гэх. Бид нөөцийн махны хүрэлцээ, эрэлт ямар байгаа талаар сурвалжлахаар “Тэнгэр бөөний худалдааны төв”-д 17.00 цагийн үед очсон юм. Энэ үеэр нөөцийн мах худалдан авахаар ирсэн иргэд хөлдөөгч дэх ууталсан махыг барьж үзэн, шилж сонгож байлаа. Нөөцийн махны үнэ жил харьцангуй өсчээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Д.Батдорж “Энэ жилийн мах арай л үнэтэй байна. Манайх өвлийн идшээ дуусахаар нөөцийн махнаас худалдан авдаг. Нөөцийн мах худалдаанд гарсан талаар мэдээ үзээд ирсэн. Өмнө жил хонины мах 5400 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 6000 төгрөг болчихсон байна. Өнөөдөр би 7-8 кг мах худалдаж авахаар ирсэн. 15 хоногийн хэрэглээ болно доо. Энэ жил мах үнэтэй байгаа ч их ховор байх шиг байна. Дэнжийн мянга дээр мах 7000 мянгатай байгаа юм чинь эндээс л авсан нь дээр шүү дээ” гэлээ.

Энэ жилийн нөөцийн махны үнийн хувьд, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна. Нөөцийн махыг “Мах сүүний анхдугаар аян” гэсэн цэнхэр бичигтэй уутанд 2-3 килограммаар савлажээ. Нөөцөлж бэлтгэн борлуулж байгаа махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна салбар яамнаас мэдээлсэн. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж байгаа юм байна. Нөөцийн махыг нийслэлийн дүүргүүдэд 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байна.

Дэлгүүрээр нөөцийн мах олдохгүй байгаа үнэтэй байгааг гайхсан иргэд олон таарав. Тэдний нэг болох Э.Батзул “Энэ жил махны үнэ өндөр байгаа болохоор арай хямд гээд нөөцийг мах авах гэж байна. Манайх уг нь байнга л махаа багаар худалдаж авдаг. Гэхдээ нөөцийн мах анх удаа авах гэж байна. Одоохондоо хэрэглэж үзээгүй болохоор хэр чанартайг сайн мэдэхгүй байна. Тусдаа уутанд бэлтгэчихсэн байна. Гаднаас нь харахад голдуу өөх, ястай л харагдаад байна. Үхэр хонины махнаас нь холиод л бага багыг авчихлаа. Ямартай ч арай хямд мах болохоор авчихсан. Боломгүй бол хольж солиод иднэ дээ” хэмээн бухимдангуй ярилаа.

Мөн нөөцийн махыг “Баатрууд тэнгэр”, “Дархан миат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” зэрэг гурван компани бэлтгэжээ. Мах бэлтгэх ажлын шалгаруулалтад арав гаруй компани оролцсон ч арилжааны банкны шалгаруулалт хангаагүй гэнэ. Дээрх асуудлаар  “Баатрууд тэнгэр” компанийн ерөнхий менежер Э.Ононгоос нөөцийн мах бэлтгэлийн талаар тодруулсан юм.

НӨӨЦИЙН МАХНЫ ЭРЭЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС ИХ БАЙНА

-Энэ жилийн хувьд танайх хэчнээн тонн нөөцийн мах бэлтгэсэн бэ?

-Манай компанийн хувьд 1500 тонн мах бэлтгэсэн. Бусад хоёр компани нь нийлээд 2500 тонн мах бэлтгэсэн.

-Нөөцийн махны үнэ цаашдаа буурах уу?

-Мах сүүний анхдугаар аяны хүрээнд нөөцийн мах бол үнэ тогтворжуулах хөтөлбөр юм. Тэгэхээр үнийг энэ чигээр нь барих байх. Хэрэв махны үнэ буувал дагаж буух магадлал бий. Түүнийг салбар яамны ажлын хэсэг тухайн үедээ ярилцаад аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж магадгүй. Гэхдээ энэ үнээр явах байх гэж бодож байна.

-Энэ жилийн хувьд нөөцийн мах үнэтэй гарч ирж байх шиг байна?Үүнээс илүү хямд гарч ирэх боломж бололцоо хэр байсан юм бол?

-Энэ жилийн тухайд махны үнэ өндөр байсан. Зах зээл дээр махны эрэлт их нийлүүлэлт бага байсан учраас махны үнэ нэлээд өслөө гэж харж байна. Хоёрдугаарт, нөөцийн мах борлуулах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалт нэлээн хойно зарлагдаж, аж ахуй нэгжүүд ч түүнийг дагаад махаа үнэтэй бэлтгэлээ. Түүнээс болж нөөцийн мах үнэтэй гарсан байх.

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ ҮЕ ШАТТАЙГААР БУУРНА

Бид нөөцийн махны үнийн асуудлаар Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбатаас цөөн хором тодрууллаа.

-Махны холбооны зүгээс энэ жил махны үнэ дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Нөөцийн мах буюу мах сүүний аян олон жил үргэлжилж байгаа. Урьд жилүүдээс онцлогтой нь энэ жил цөөхөн компани оролцож байна. Мах сүүний аян дэлгүүр, аж ахуй нэгжүүдэд ачаалал өгдөг. Мах бэлтгэдэг аж ахуй нэгжүүд өөрсдөө жижиглэж, хөрөөдөн савлаж дэлгүүрт нь тараадаг. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 100 гаруй дэлгүүрт тараадаг учраас их ачаалалтай байсан. Компаниуд ашгийн байгууллага учраас сонгон шалгаруулалтад тийм ч сайн хамрагддаггүй. Цаашдаа мах бэлтгэх компани ганц нэгээр нэмэгдэж магадгүй. Махны үнэ өмнөх жилүүдээс жаахан үнэтэй байгаа. Хаа сайгүй л тийм байна. Гэхдээ нөөцийн махыг өндөр үнэтэй гэж хэлж болохгүй. Махны үнэ хямдхан байна гэвэл дагаад экспорт буурдаг. Өнгөрсөн жил бид нөөцийн махны үнийг гурван удаа буулгасан. Одоо байгаа үнэ бол цаашид буурах байх. Эцсийн үнэ биш.

-Махны үнийн өсөлт юутай холбоотой байгаа юм бол?

-Зах дээр мах олон янзын үнэтэй байна. Шинэ төхөөрсөн мах үнэтэй байгаа. Манай мэдээллийн хэрэгслүүд голцуу шинэ махны үнийг өндөр үнэтэй байдаг гээд байдаг. Шинэ махыг хүчрэхгүй хүмүүс их байна шүү дээ. Тэгэхээр нөөцийн зоорины махыг идэхээс өөр арга байхгүй. Өнгөрсөн жил 70 гаруй мянган тонн мах гаргасан. Гадагшаа мах гаргаснаар мах ховордож байгаа юм биш. Экспортоос болж дотоодын мах хямдраагүй, ховордоогүй. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс маш бага хэмжээтэй гаргаж байна.

-Энэ жил нөөцийн махны үнэ үе шаттайгаар буурах боломжтой юу?

-Хүрэлцээ ямар байна гэдгээс мэдэгдэнэ. Хүмүүс нөөцийн махыг гарсны дараа нэлээн авдаг. Сүүлдээ шинэ мах элбэгшээд ирэхээр үнэ хямдардаг. Үүнийг дагаад нөөцийн мах хямдардаг. Нөөцийн махны борлуулалт сайнгүй болох үе байдаг. Энэ жилийн махны чанар сайн байгаа.

АРИЛЖААНЫ БАНКНЫ ШААРДЛАГА ХАНГАСАН ГУРВАН КОМПАНИ НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭСЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Гантогтохоос компанийн сонгон шалгаруулалт болоод махны хүрэлцээ, чанарын асуудлаар тодруулав. ТэрбээрХаврын улиралд махны нийлүүлэлт багасдаг. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс энэ арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Энэ жил арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр тус арга хэмжээг зохион байгуулаа.

Манай яамнаас нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад арав гаруй аж ахуй нэгж оролцсон боловч арилжааны банкны шаардлага хангасан гурван аж ахуй нэгж оролцлоо.

Тэгэхээр цаашид бусад аж ахуй нэгжийг нэмэгдүүлэх тал дээр арилжааны банкуудад судлаад явж байна. Нөөцийн мах зах зээлд борлогдож буй махнаас 15-30 хувийн бага үнэтэй зарагдаж байна. Тухайн махаа бэлтгэхдээ аж ахуй нэгжүүд маань Малын эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гарал үүсэл нь тодорхой махыг тусгай цэгүүдээс авч чанарын стандартыг хангасан зооринд бэлтгээд хадгалаад, чанар аюулгүй байдал, хангасан махыг борлуулж байна. Эдгээр нөөцийн мах арваннэгдүгээр сараас хойш бэлтгэсэн мах байгаа” гэлээ.

Харин бодит байдал дээр нөөцийн мах олдохгүй байгаа үнэтэй байгааг гайхсан иргэд олон таарав. Өөрөөр хэлбэл нөөцийн мах борлуулж буй компаниуд алдагдалтай байна гэх нэрийдлээр үнээ нэмдэг нь бодит үнэн гэлтэй. Жил бүр улсын төсвөөс махны үнийг буулгахаар өчнөөн тэрбум зарцуулдаг боловч компаниуд “алдагдалтай ажилладаг” хэмээн махны үнийг нэмж, хөөрөгдүүлдэг шударга бус өрсөлдөөн манайд тогтоод удаж байгаа бололтой. Хөөрөгдсөн үнэ, түүнийг дагасан зохиомол махны хомсдолд нийслэлчүүд бид дарлуулаад явдаг нь даанч харамсалтай.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж