"Хүүхдийн хоолны асуудлыг шийдэхгүй байх нь хүчирхийлэл"

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн хоолны асуудлыг шийдэхгүй байх нь хүчирхийлэл"

Хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.


– УИХ-ын хаврын чуулганаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн байна лээ. Хуулийн гол үйлчлэл “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлэхэд чиглэж байна уу?

– Зөвхөн үдийн цай хөтөлбөрийг хоол болгох асуудал биш. Сургууль дээр хоол үйлдвэрлэж, үйлчлэх тогтолцоог бий болгох зорилготой. Энэ ажлын үр дүнгээс цэцэрлэгийн хоол зэрэг төрийн худалдан авалтын хоол үйлдвэрлэлийн бусад үйлчилгээ улсын хэмжээнд сайн жишгээр хөгжих боломжтой. Сургуулийн хоол гэхээр 600 төгрөгийн асуудлаар ойлгож байгаа нь ихээхэн өнгөц харж илтгэнэ.  Зургаан зуун төгрөг нэн бага мөнгө хэдий ч 2000, 3000₮ болж нэмэгдүүлсэн ч тогтолцоо бүрдээгүй цагт хүүхдийн эрүүл мэндийн төлөөх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн ходоод руу орохгүй, улсын мөнгө  үр ашиггүй үрэгдэнэ гэсэн үг. Сургуулийн эрүүл аюулгүй орчин бүрдэхэд бие засах газар, агаарын бохирдол, бэртэж гэмтэх эрсдлээс гадна хамгийн чухал нь хоол, шим тэжээлийн асуудал учраас дэлхийн бараг бүх орон School lunch program буюу сургуулийн өдрийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийгээ нийгмийн халамжийн бодлого гэж үздэг.

Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүндэрсэн учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хоол тэжээлийн давхар дарамт”-тай орон гэж тодорхойлсон. Хүүхдүүд нь ийм тодорхойлолттой оронд ирээдүйн эрүүл иргэн гэдэг мөрөөдөл болчих талтай.

– Тогтолцоо бүрдүүлнэ гэхээр яана гэсэн үг вэ. Та жаахан дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү.

– Ямар нэг зүйл өөрийн тогтолцоотой байж зөв хэрэгжинэ. Хоол үйлдвэрлэл ч гэсэн өөрийн тогтолцоотой. Товчхон хэлэхэд сургууль бүр зориулалтын гал тогоотой, хүчин чадлын дагуу тоног төхөөрөмжтэй байх ёстой. Хүчин чадлын дагуу гэдэг нь 300, 2000 сурагчтай сургуулийн гал тогооны зохион байгуулалт, талбайн хэмжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадал ялгаатай байдагт оршино. Мөн ажиллах хүчин тооцооны дагуу төлөвлөгдөнө. Эдгээр нь стандарттай байна. Өнөөг хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ямар ч мэргэжлийн удирдлага, стандартгүй явж ирсэн гэж хэлж болно. Үүний дараа тогоочийн ур чадварын асуудал яригдана. Тогооч  маш хариуцлагатай ажил бөгөөд үндсэндээ хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хариуцаж байгаа бус уу. Мөн хүүхдэд бага наснаас нь хоол, шим тэжээлийн боловсрол олгох нь чухал бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Хуульд хоолзүйч ажиллахаар оруулж байгаа нь мэргэжлийн удирдлагаар хангахаас гадна хоол шим тэжээлийн боловсрол олгохтой холбоотой. Мөн хүнсний хангамжийн систем бүрдэх ёстой. Одоогоор бас л хүнсний хангамжийн тогтолцоогүйгээс хэрэглэгчид, үйлдвэрлэгч хоёулаа олон эрсдэлд өртөж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн ихэнх нэг удаа шаардлагатай бөгөөд цаашид төсөвт угаасаа тусгагдан олгогддог тоног төхөөрөмж бусад зүйлийг чанаржуулах шаардлагатай. Хоолны мөнгийг нэмэх асуудал аяндаа яригдаж шийдвэрлэгдэх боломжтой. Тэгээд ч тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хоол, шим тэжээлийн интервенцүүд чухал үүрэгтэй бөгөөд үүнд оруулсан  нэг ам. доллар ирээдүйд 16 дахин нэмэгдэж үр ашиг өгнө гэж үздэг учраас Дэлхийн хүнсний хөтөлбөр, Дэлхийн банкнаас эрх баригч нарт хэрэгжүүлэхийг уриалсан байдаг.

– Яагаад заавал сургууль дээр хүүхдэд хоол өгөх ёстой гэж үздэг юм бэ?

– Нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт хүүхэд олон цагаар сургууль дээрээ байх болсон. Гэр сургууль хол байршдаг, сургуулийн дараах дугуйлан, секц, бусад хөгжүүлэлтийн ажлууд гээд хүүхэд олон цагаар сургууль дээрээ байна. Аймаг, сумын төвд айл амьдардаг хүүхдүүд олон байдаг. Би үүгээрээ айлд амьдардаг хүүхэд өлсгөлөн гэж хэлэх гээгүй. Гэхдээ асуудал байдаг. Дээр нь бүх гэр бүлүүд өглөөний цай ууж байна уу? Өдрийн ээлжний хүүхэд хичээлдээ явахдаа өдрийн хоол идэж байна уу? Мэдээж өглөөний цай уудаг, хүүхдээ өдөр явахад нь үдийн хоол идүүлээд гаргадаг гэртээ хүнтэй айл байгаа байхаа. Гэхдээ нийт хүүхдийн хувьд авч үзвэл энэ хот, хөдөөгөөс үл хамаарч энэ хувь шальтай өндөр гарахгүй. Энэ бол баталгаатай. Өсч яваа насандаа хооллолт муутай байхаар ирээдүйд тэдний эрүүл мэнд нөхөж баршгүйгээр хохирч байгаа гэсэн үг. Хоол гэдэг чинь бие махбодийг бүтээдэг бодисууд хүний бие рүү дамжин ордог ганц зам. Хүүхдийн хувьд шим тэжээлийн хэрэгцээ бүр өндөр. Өөрөөр хэлбэл байшин барьж байна гэсэн үг. Чанартай материалаар чанартай байшин баригдана гэж бүгд ярьдаг хэрнээ хүүхдийнхээ бие махбодийг ямар чанартай «барих вэ» гэдгийг яаж зохицуулсан бэ гэдгээ бодохоор энэ хуулийг ойлгоно гэж бодож байна. Өдрийн хоол сайн байна гэдэг маш чухал. Ийм учраас бид хууль, эрхзүйн орчин бүрдээгүй цагт бүтэхгүй нь гэдгийг мэдэрсэн учраас үүнийг яриад байгаа юм.

– Та яаж мэдэрсэн гэж хэлэх гээд байгаа билээ.

– ШУТИС-ийнхэн (сүүлийн үед бид хэдийг ингэж нэрлээд байгаа юм, уг нь ШУТИС-ийн Хоолзүй, шим судлалын багш нар, Шим тэжээл судлалын төвийнхөн юм) бид 2000 оноос өнөөдрийг хүртэл хүн амын хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Гадаадын олон орны туршлагыг судалж, хамтын ажиллагаатай ажиллаж байна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорих анги, байгууллагын дэргэдэх хоолны үйлчилгээ гээд 10 гаран бодит интервенц хэрэгжүүлсэн. 2006-2013 оны хооронд нийслэл, аймаг, сумын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар төсөл хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу засварын зардлыг орон нутаг хариуцсан бөгөөд бусад зардлыг БНСУ-ын ТББ байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Санхүүжилтыг Солонгосууд маань өөрийн орондоо хандивлагч олох маягаар зохион байгуулсан. Сургуулийн өдрийн хоолны загвар төслүүд бүгд БСШУСЯамтай байгуулсан гэрээний дор амжилттай хэрэгжсэн бөгөөд төсөл дууссаны дараа бүх орон даяар түгэн дэлгэрнэ бид итгэж байсан ч түрүүчээс зарим төслийн үр дүнгээ алдаж эхэлсэн. Энэ нь бидний хувьд шок байсан бөгөөд эрхзүйн орчин бүрдээгүй цагт… гэж дүгнэсэн дэ.

– Олон улсад энэ байдал ямар байдаг вэ. Та энэ талаар нэлээд их ярьдгийг би мэдэж байна л даа.

– Ер нь хүн амын хоол, шим тэжээлийн асуудлаа улс орнууд маш нягт төрийн бодлогын хүрээнд анхаардаг. Энэ нь цогц, тасралтгүй, мэргэжлийн түвшинд хэрэгждэг. Хүн амын хоол, хүнсний хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндийн гол тодорхойлогч учраас энэ асуудалд анхаараагүй улс орнуудын ирээдүйд хүлээх алдагдал нь өндөр. Өөрөөр хэлбэл иргэн нэгэнт өвчилчихвөл наад зах нь хөдөлмөрийн чадвартай хүний нөөц буурах, нийгмийн халамж, эрүүл мэндийн зардал хүчрэгдэхгүйгээр нэмэгдэх ба энэ улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд сөрөг нөлөөлнө. Ийм учраас л төр анхаардаг, өөрөөр хэлбэл ирээдүйн дарамтаа тооцож байна гэсэн үг. Сургуулийн үдийн хоол хөтөлбөр дэлхийн 170 орчим оронд хэрэгждэг, бүгд өөрийн хууль эсвэл үндэсний хэмжээний стандартаар зохицуулагддаг. Бидний хувьд АНУ, Япон, Солонгос, Бразил, Орос зэрэг орны хуулийг судалсан. Мөн нэлээд хэдэн орны үйлчилгээг газар дээр нь очиж танилцсан. Зарим орны мэргэжлийн багтай нь танил, зохих түвшинд хамтын ажиллагаатай.

– Саяхан сургуулиудад хоолны хордлого гарлаа. Энэ талаар та юуг онцолмоор байна.

– Зарим улс орон School lunch хөтөлбөрөөрөө гайхуулан ном бичиж, үзэсгэлэн байгуулах тухай ярьж байхад манай улс энэ хөтөлбөрийг эхлэх үү? яах уу? гэж ярилцаж байгаа нь нэг талаараа үнэхээр гайхалтай. Бидний мэдэхээр бусад оронд ийм олон хоолны хордлого гарсан бол шууд эх үүсвэр дээр, шалтгаан үүсгэсэн систем дээр арга хэмжээ авна. Эх үүсвэрийг нь таслан зогсоохын тулд мэргэжлийн хүмүүст үүрэг өгч, арга хэмжээний бодит үр дүнг шаардана. Бусад улсад ийм л байна. Хоол үйлдвэрлэлийн бүхий л шаардлагыг миний дээр дурьдсан системийн дагуу бүрдүүлээгүй цагт хордлого ч гарна, халдварын бус өвчлөл ч нэмэгдэнэ.

– Хууль гарчихвал дээрх асуудлууд зогсоно гэсэн үг үү. 

– Зогсоно гэхэд ч хаашаа юм. Одоо ч хөгжилтэй оронд хордлого мэр сэр гардаг. Гэхдээ манайх шиг ийм бүдүүлэг, хүний хариуцлагатай холбоотой алдаа бараг үгүй болсон. Хууль хэрэгсэний хамгийн гол үр дүн халдварын бус өвчлөл эрс буурна. Хүний бие бялдрын болон оюуны чадамж сайжирдаг. Ядуурлыг бууруулах өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй гэж үздэг. Тооцоо ч бий. Түүгээр ч үл барам хүүхдэд багаар ажиллах чадвар, нийгэмч, нийтэч байдлыг төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургаж байгаа жишээ олон оронд байна. Үүнд Япон, Тайланд улсуудыг өөрийн мэдэхээр нэрлэж болно. Гэхдээ хууль баталсны дараа хэрэгжилтийг мэргэжлийн баг, хүрэлцэхүйц төсөвтэйгээр хэрэгжүүлэх ёстой. Салбар дундын хамтын ажиллагаа маш сайн байх ёстой. Ингэж чадахгүй бол өнөөдрийн муу нэртэй луу данстай, тэгсэн хэрнээ эргэшгүй болчихсон (зогсоох боломжгүй болчихсон гэсэн үг) Үдийн цай хөтөлбөр шиг болчихно. Яг үнэндээ үүнд бидний санаа их зовж байгаа. Уг нь уйлья гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг дэмжье гэвэл манай улсад бүрэн боломж байгаа. Ойлгуулж чадвал гадаадынхан энэ ажлаас гар татна гэж байхгүй. Олон улсын байгууллагууд төрийн удирдах байгууллагын саналыг их хардаг. Бидний хувьд гадаадын байгууллагаас хоол, шим тэжээлийн боловсрол олгохтой холбоотой төсөл авах боломж бүрдтэл танай засгийн газар дэмжээгүй тул боломжгүй боллоо гэсэн хариу хүртэл авч байсан шүү. Яг хэн гэдэг хүн эргэлзүүлээд тавьчихсаныг мэдэх даанч боломжгүй.

– Хүүхдүүдийн төлөө, ирээдүйн төлөө буянтай үйл учраас та бүхний ажил бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье. Бидний ирээдүй яалтгүй хүүхэд шүү дээ.

Бүтнэ гэдэгт бүрэн итгэж байна. Одоогийн Боловсролын Сайдыг Архангай аймгийн засаг дарга байхад Сургуулийн өдрийн хоолны аймгийн загвар төсөл Архангай аймгийн Хүмүүн цогцолборт хэрэгжсэн учраас ойлголт сайтай байгаа байх. Учир нь энэ ажил амжилттай хэрэгжихэд салбарын яамны үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Мэргэжлийн бидний хувьд сургууль дээр хүүхдүүдийн идэж, ууж байгааг хараад үнэхээр сэтгэл өвддөг. Ид амьдрах, хөгжих залуу насандаа өвчилбөл тэр үед бидэнд гомдоно до, Бид ер нь энэ дэлхийн бөмбөрцгийн хаана, хэддүгээр зуунд амьдраад байна вэ гэж бодоход хааяа хүрдэг ч бүх зүйл бүтэмжтэй байх болно гэж итгэж байгаа. Аав ээж бүрийг ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсч байгаа.

Хатуухан хэлэхэд хүүхдийг ил ба далд өлсгөлөнд оруулах, шим тэжээллэг хоол идэх боломжоор хангахгүй байх, эрүүл мэндийг нь эрсдэлт байдалд хүргэнэ гэдэг нь хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийлэл юм. Манайхан ганцхан бэлгийн хүчирхийлэл талаар яриад шуугиад байна. Мэдээж бэлгийн хүчирхийлэл байж болохгүй үйлдэл мөнөөс мөн. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд нийт хүүхдийн хэдэн хувь өртөж байна, дээр дурьдсан үл хайхрах хүчирхийлэлд хэдэн хувь өртөж байна вэ гэдгийг та бүхэн өөрсдөө ойлгочих боломжтой. Гадаад орнуудад хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэгт хэт халуун болон хүйтэн хоол  өгөхийг хүртэл тооцож байна шүү дэ. Итгэхгүй бол юм уншаад үзээрэй.

– Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж