АНУ-д гарсан өргөн хэмжээний алан хядах ажиллагааны дараахан тус улсад
онц байдал зарласан, энэ үеэр Засгийн газар нь хэрхэн ажилласан, олон
нийтэд мэдээлэлгүй нуусан зүйлс юу болох, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ямар цар хүрээг хамарсан, хэдэн албан хаагч дайчлагдсан, хэчнээн
төгрөгийг зарцуулсан, үүнтэй холбоотойгоор ямар төсөл хөтөлбөр хэрэгжсэн
болоод хэрэгжиж байгаа талаар АНУ-ын топ хэвлэлийн нэг The Washington
Post эрэн сурвалжилсан цуврал материал бэлдсэнээ энэ даваа гаригийн
дугаараас нийтэлж байна. Цуврал сурвалжлагыг тус сонины сэтгүүлч Дана
Приест, Виллиам Аркин нар хоёр жилийн турш бэлтгэжээ.
The Washington Post бол яах аргагүй дэлхийн шилдэг хэвлэл. Тус улсын
сэтгүүл зүйн дээд шагнал Пулитцерийн шагналын номинацаас энэ сонины
сэтгүүлч, гэрэл зурагчид хоцорч байсан түүх байхгүй. Дэлхийн хамгийн
халуун цэгүүдэд эдний сэтгүүлчид аль хэдийнэ оччихсон албаа гүйцэтгэж
байдаг.
Энэхүү мэдээг уншаад хоёр зүйлийг хэлмээр санагдлаа. Хоёр жил сэтгүүлчээ
цалинжуулан нэг сэдвээр хөөлгөнө гэдэг Монголын хэвлэлийн редакциудын
хувьд ой тоонд нь багтахгүй асуудал. Аль болох зардлаа хэмнэх үүднээс
цомхон бүтцээр цөөн сэтгүүлчийг “олон чиглэлээр мэргэшүүлэх” нь өнөөгийн
редакциудын зарчим болоод байгаа. Үнэндээ The Washington Post-ын
хэмжээнд биш юмаа гэхэд үгүй дээ хоёр сарын турш эрэн сурвалжлах даацтай
материал гаргах хүсэл зориг байдаг ч энэ нь санаа байвч сачий хүрэхгүй
болдгийг манай салбарынхан дэндүү мэднэ. Гэлээ ч бид ийм л замаар явж
зөв цэгтээ очих учраас ирээдүйгээ харсан редакц бага багаар хөрөнгө хаяж
эхлэх нь гарцаагүй.
Нөгөө нэг зүйл маань долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдож
байгаа юм. Хоёр жилийн өмнө болсон энэхүү эмгэнэлт хэрэг явдлын үнэн
мөнийг монголчууд одоо ч мэдээгүй байна. Яагаад гэмгүй энгийн таван
иргэнд бууны суманд оногдон нас барсаныг хэн ч тайлбарлаагүй. Үнэнийг
олох гэсэн оролдогууд янз янзын түвшинд хийгдэж байгаа ч эдгээр
оролдлого маш их саад бэрхшээлийг сөрөн урагшилж байгаа нь үнэн. Зөвхөн
үнэнийг мэдээлэх үүрэгтэй хэмээн цээжээ дэлддэг сэтгүүлчид бид ч энэ
үнэнийг хэзээ ард түмэнд хүргэх вэ? Манайхаас хавьгүй их туршлага,
хөрөнгө мөнгөтэй америкчууд есөн жилийн дараа 2001 оны тэр хар өдрүүдэд
Засгийн газар хэрхэн ажилласныг мэдэх гэж байна гэж үзвэл долдугаар
сарын 1-ний үнэнийг монголчууд мэдэх өдий бололтой. Гэхдээ өмнө
өгүүлсэнчлэн зөв цэгтээ очихоор зорьж байгаа юм есөн жилийг богиносгож
болно шүү дээ гэдгийг сэтгүүлч нөхөддөө хэлэх гэсэн юм.
Д.НАРАНТУЯА