Одоогоос 20 гаруй хоногийн 40-50 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ өнөөдрөөс дахин 80 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Шатахууны үнийн нэмэгдлийг хилийн үнэ нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байгаа юм. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Шатахууны үнэ өссөн талаар маргааш /2019.5.1/ мэдээлэл хийх болохоор өнөөдөр мэдээлэл өгөхгүй” гэлээ. Өмнө нь тус газраас гурав, дөрөвдүгээр сард гадаад зах зээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдон шатахууны үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байсан юм.
Шатахуун импортлогчид 2018 онд шатахуун түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр өссөн байдаг. Харин өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болсон. Ийм үндэслэл байгаа тул үнээ буулга гэсэн шаардлагыг Засгийн газраас тавьж, импортлогчид 150-200 төгрөгийн хооронд шатахуун түлшний үнийг бууруулсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 50 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнэ дахин 80 төгрөгөөр нэмэгдлээ. Ойролцоогоор нэг сард 130 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
Холбоотой мэдээ