Үндэсний хөгжлийн газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын байгуулсан Хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.
Тус ажлын айлчлалаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Эрээн хотын Засгийн ордны удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд ҮХГ-ын дарга Б.Баярсайхантай уулзаж, Эрээн хотын хилийн боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын явц, хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулан цаашдын хамтын ажиллагаа, чөлөөт бүсийн асуудлаар санал солилцлоо.
Мөн энэхүү айлчлалын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Чяо Вэйгүө ҮХГ-ын дарга Б.Баярсайханыг хүлээн авч хоёр талын албан уулзалт хийлээ.
2014 оноос хоёр улсын тэргүүн нарын түвшинд эхлэн яригдсан Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахтай холбоотой үйл явц сүүлийн үед нэлээд эрчимжиж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү хэлэлцээр баталгаажсанаар Замын-Үүд, Эрээний чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна. Тиймээс бодлого тодорхой болбол Эрээн хотын зүгээс Замын-Үүдийн чөлөөт бүсийг Эрээн хотын чөлөөт бүстэй ижил түвшинд хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа Эрээн хотын удирдлага илэрхийллээ.
Түүнчлэн уулзалтын үеэр хоёр тал хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх шаардлагатай саналуудыг хэлэлцлээ. Нэн тэргүүнд Замын-Үүд, Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөгөөг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, тэр дундаа хоёр бүсийн дэд бүтцийн барилга байгууламжийн асуудал нь хамгийн чухал юм. Түүнчлэн хилийн иргэдийн худалдааны бүсэд одоогийн байдлаар Монгол, Хятадын 60 гаруй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн үндэсний хувцас, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэнтэй холбогдуулан тээвэр, логистикийн асуудал яригдах тул төмөр замыг барьж, чөлөөт бүс рүү нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлж, төсөл боловсруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүллээ.
Үндэсний хөгжлийн газрын удирдлагын зүгээс Эрээн хотын удирдлагын тавьсан саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлэн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тал дээр харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг хамтран судлах, санал бодлоо солилцох ил тод хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх нь зүйтэйг онцлов.
Мөн Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг байгууллагын хувьд Эрээн хотын Засаг даргын Тамгын газартай хамтран хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт” болон “Хятад-Монголын Экспо” зэрэг арга хэмжээгээр дамжуулан хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь уулзуулж, бараа бүтээгдэхүүнүүдийг харилцан таниулан сурталчлах зэргээр тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулахад анхааран ажиллахаар санал нэгдэн тохиролцлоо.
Түүнчлэн ҮХГ-ын дарга Б.Баярсайхан уулзалтын төгсгөлд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Үндэсний хөгжлийн газар нь БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Хамтын ажиллагааны агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хорооны дарга 6 дугаар сард Монгол Улсад айлчлах гэж буй талаар дурдаж, Эрээн хотын удирдлагуудыг мөн тэр үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урин цаашид олон талын ашигтай чөлөөт бүсийн үйл ажиллагааг, тэр дундаа хоёр талын чөлөөт бүсийг ижил түвшинд хөгжүүлэх ажлыг энэ 2019 онд багтаан эрчимтэй урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжин уулзалт амжилттай өндөрлөв.
Хоёр талын уулзалтад БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Чяо Вэйгүө, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Шинэчлэл, хөгжлийн зөвлөлийн эрхлэгч Хасхүү, Хилийн иргэдийн худалдааны бүсийн Захирагчийн албаны орлогч дарга Мөнх, Монгол Улсын талаас ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал, Мэргэжилтэн Х.Эрдэнэбулган нар оролцов.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР