“Хүүхэд зодууллаа гээд асуудлыг ойлгож хүлээж авдаггүй”

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

“Хүүхэд зодууллаа гээд асуудлыг ойлгож хүлээж авдаггүй”

“Хүүхэд зодууллаа гээд асуудлыг ойлгож хүлээж авдаггүй”

“Хааяа ээж, аав маань намайг зодож шийтгэдэг. Би зодууллаа гээд хэзээ ч тэр асуудлыг ойлгож хүлээж авдаггүй” талаар зургадугаар ангийн сурагч хүү ярина. Харин “Аав, ээж маань биднийг зодохгүй чин сэтгэлээсээ ярилцаасай гэж хүсдэг. Би уурлахаараа өрөөндөө ороод л суучихдаг” хэмээн тавдугаар ангийн бяцхан охин ярьсан юм.

Энэ мэт хүүхдүүд зодож шийтгэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахин зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болон төлөвшдөг талаар мэргэжилтнүүд ч сануулж байна.

Өнөөдөр /2019.04.30/ хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдөр. Энэ өдрийг Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ. Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд инээлдэн гүйлдэцгээнэ. Зарим нь ганц нэгээрээ, найз нөхдөөрөө сэтгэл зүйчээс зөвлөгөө авч харагдана. “Эгчээ би өндөр болох болов уу. Ямар хоол хүнс сайн идэх вэ” хэмээн тавдугаар ангийн охин мэргэжилтнээс зөвлөгөө авч байв. Түүний араас гурван ч хүүхэд зөвлөгөө авахаар дугаарлажээ. Охиныг зөвлөгөө авч дууссаны дараагаар охидын эмч А.Цэцэгмаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Өсвөр насны хүүхдүүд өсөлтөндөө их анхаардаг юм байна. Тиймээс надаас “Миний өсөлт хэвийн байна уу, Би насандаа өсөж байна уу. Яаж өндөр болох вэ” гэж их асууж, зөвлөгөө авч байна. Охид маань багаасаа л үзэсгэлэн төгөлдөр охин болохыг хүсдэг шүү дээ. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ зөв өсөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл авч баймаар байна. Заавал ханиад хүрч байж л эмнэлэгт ханддаг. Хүүхдийн өсөлтийн зөв хөгжил, бэлгийн бойжилт зөв явж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй” гэдгийг зөвлөлөө.

Иргэн Д.Мөнхөө

Мэргэжилтнүүд зөвлөгөө авахаар дугаарласан хүүхдүүд дунд цөөнгүй эцэг, эх зогсч харагдав. Тэдний нэг Д.Мөнхөө “Манайх дөрвөн настай хүүхэдтэй. Хүүхдийнхээ насны онцлогоос хамаарч, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар мэргэжилтнээс зөвлөгөө авах гэж байна. Нөхөр бид хоёр хүүхдээ зодож шийтгэхээс аль болох татгалздаг. Гэхдээ зарим тохиолдолд ноцтой биш ч зөөлөн хэлбэрээр “алганы амт” үзүүлж байх хэрэгтэй гэж боддог” гэв.

“10 ХҮҮХЭД ТУТМЫН НАЙМ НЬ ЯМАР НЭГЭН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ”

Энэ үеэр Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хөтөлбөрийн менежер Б.Дарьханд “Бид хүүхдийг хүмүүжүүлэх эерэг таван аргыг санал болгож байгаа. Нэгдүгээрт ирээдүйд хүүхдээ сайн хүн болгохын тулд холын зорилгыг нь харах. Хоёрдугаарт хүүхдийнхээ насны онцлогоос хамаарч ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт хүүхэд хэрхэн бодож сэтгэж байгааг мэдрэх шаардлагатай. Дөрөвдүгээрт хүүхэдтэйгээ элгэсэг дотно харьцах нь чухал. Эцэст нь асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд нь туслах хэрэгтэй юм. Хамгийн сүүлд хийсэн 2016 оны судалгаанд 4200 хүүхэд хамрагдсан. Эдгээр хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд, хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна гэж хариулсан байдаг” тухай яриандаа онцоллоо.

Манай улс хүүхдийн эсрэг сэтгэл санаа, бие махбодын шийтгэлийг бүх орчинд хориглож чадсан Зүүн Өмнөд Азийн анхны орон болсноос хойш гурван жил өнгөрчээ. Гэвч сурган хүмүүжүүлэх нэрийдлээр хүүхдэд гар хүрэх явдал өнөөгийн нийгэмд гарсаар байгааг саяхны тоо баримтууд нотолж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 онд хүүхэд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэсэн 783 дуудлага иржээ. Харин 2019 оны эхний гурван сарын хугацаанд 401 болсон байна.  Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийлэл нийт дуудлагын 79.8 хувийг эзэлж байна. “Хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага, хэрэглээ”-г судалсан 2016 оны судалгаанд оролцсон хүүхдүүд хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд 47.6 хувь, хойд ээж, аав 38.6 хувь, үе тэнгийнхэн 38.4 хувь, багш 15 хувь, эцэг эх 12.4 хувь гэж нэрлэжээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг ТЭМҮҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж