Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.04.30) хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг соёл, урлаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт улам хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын соёл, урлагийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах хөтөлбөрийг зохион байгуулах, орон нутаг мужуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Нэг бүс – Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Тавдугаар сарын 28,29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ой тохионо. Энэ хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Чөлөөт бүсийг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гурван улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гээд энэ арга хэмжээнд хамтран ажиллахыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэйгээс хүсэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хоёр орны соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр, орон нутгийн хэмжээнд цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ямар боломж бололцоо байгааг судлах зорилгоор энэ долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллах гэж буйгаа дуулгаад хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарын харилцааг хөрш орнуудын харилцааны жишиг болгон хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ