"Ажлын байранд "тэнцдэггүй" дипломтой боловсон хүчин их байна"

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

"Ажлын байранд "тэнцдэггүй" дипломтой боловсон хүчин их байна"

"Ажлын байранд "тэнцдэггүй" дипломтой боловсон хүчин их байна"

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2019.04.30/ орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд болон төрийн бус байгууллага, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120  байгууллага оролцож байна. Эл өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлаж, ажил хайж буй иргэдийг зуучилж байгаа юм. Тухайлбал, барилгын туслах, оёдолчин, нярав, ресейпшин, гагнуурчин зэрэг мэргэжилд боловсролын зэрэг, нас харгалзахгүй бүртгэж, ажлын байрны олдоц нь элбэг аж. Гэсэн ч энэ салбарт ажиллах хүсэлтэй залуус дутагдалтай байгааг ажил олгогчид болон Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрынхан хэлсэн юм.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсийн хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.САРАНЧИМЭГ:

-Энэ өдөрлөгт манай байгууллага хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн хэсгээр үйлчилгээ үзүүлж байна. Чингэлтэй дүүрэг нь 172 мянган иргэнтэй. Нийт 19 хороотой. Өнөөдрийн хамгийн чухал асуудал нь ажлын байр. Манай Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нийтлэг үйлчилгээний хоёр мэргэжилтэнтэй ажилладаг. Ажил олгогч байгууллагуудаас захиалга авч, иргэдийг зуучилдаг боловч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдчихаад байна.  Ажил олгогч байгууллагууд нь  уул, уурхай, барилгын салбарт барилгын туслах, өрөгч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн хүн  авах сонирхолтой байдаг. Бодит байдал дээр ажил захиалагчдын ихэнх нь дээд боловсролтой, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа юм. Тухайлбал, хүний нөөц, хууль эрхзүйчийн орон тоо хайгаад байдаг. Гэхдээ манай хэлтэст ажил хайж ирэх хүн цөөхөн. Ажилд орох, ажиллах хүсэлтэй залуус байхгүй болжээ. Ихэнх нь гаднын орнууд руу Өмнөд Солонгос, Япон руу явах хүсэлтэй, энэ асуудлаар л хандаж байна. Тэгэхээр эрэлтэд тулгуурласан тусгай боловсролыг иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй.

СХД-ийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн залуучуудын төвийн мэргэжилтэн Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Ажил хайж буй  залуусын ихэнх нь цагийн ажил сонирхож байна. Их, дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа залуус хууль эрхзүйч, эрүүл мэндийн чиглэлээр ажлыг байр сонирхож байна. Нийгэмд сэтгэл зүйчид маш эрэлттэй байгаа. Энэ чиглэлээр суралцаад төгсч буй боловсон хүчин маш цөөхөн байна. Бас туслах ажилтны эрэлт хэрэгцээ их байгаа ч ажиллах хүчин дутагдалтай байна. Манай хэлтэст сард 40-60 хүн ажлын байр хайж ирдэг.

MN Holding компанийн ажилтан Г.Сайханбилэг:

-Ажил хайж ирж буй хүмүүс ажиллах чин хүсэлтэй байх хэрэгтэй. Боловсрол мэргэжил чухал биш. Сүүлийн үеийн чиг хандлагыг харахад  залуус Их дээд сургуулиа төгссөнөөсөө хойш хоёр, гурван жилийн дараа  үндсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байна. Тиймээс Их дээд сургуулиа төгссөн залуус ажил хайж ирэх нь ховор. Хоёрдугаарт, ажил хайж ирсэн хүн тухайн ажлын байрыг голох хандлага их. Уг нь тухайн ажил мэргэжилд сургаж, цалинжуулах боломж өндөр.

 “Инова” хөнгөн бетон блокны үйлдвэрийнхэн:

-Манай компаниас барилгын туслах, гагнуурчин, нягтлан бодогчийн ажлын байрыг зарласан. Зөвхөн өнөөдөр ч биш өдөр бүр нээлттэй ажлын байрыг зарладаг боловч, ажиллах чин хүсэлтэй залуус байдаггүй. Багахан  асуудал үүсэхэд л хоёр гурав хоног ажиллаад л хэлэлгүй гарчихдаг. Чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй залуус цөөн байна. Ер нь их, дээд сургууль төгссөн залуус ирж ажлын ярилцлагад ордог ч мэргэжлээрээ ажилладаггүй” гэлээ.

Энэ мэт сул ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй байдаг ч ажиллах боловсон хүчин олдоггүйн "зовлон"-г Сүхбаатарын талбайд ирсэн олон ажил олгогчид, ажилд зуучлагч төрийн байгууллагын төлөөллийн амнаас сонсов. Харин залуусын хувьд хуульч, эрхзүйч, хүний нөөц, нягтлан бодогч,  эрүүл мэндийн салбарт ажил хайж, бүртгүүлэх нь  түгээмэл байгааг ажилд зуучлагчид хэлж байна.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жил гадаадад ажиллах хүчний тоог 22 хувиар бууруулсан бол энэ жил дахин 20 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр дотоодод хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байранд монгол залуус ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаас залуусыг гадаадад ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сараас Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчин гаргах асуудал хэрэгжиж эхлэх аж. Энэ ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.  Тиймээс хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийн  тэнцвэргүй байдлыг  цаашид анхаарч, тэнцвэржүүлэх бодлого баримтална гэж салбарын сайд нь хэллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ: 

-Бид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг судалж, үүнд тулгуурласан их, дээд сургуулийн элсэлтийг зохион байгуулах, мэргэжлийн боловсролын сургуулиудын эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШСУЯ/-тай хамтран ажиллаж байна. Цаашид ажлын байрны эрэлтийн судалгааг үндэслэн, их дээд сургуулийн элсэлтийг зохион байгуулах нь үнэхээр чухал байгаа гэдэгт би санал нэг байна. Түүнээс гадна Засгийн газраас тусгай боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь одоо хэрэгжиж байгаа. Уг тэтгэмжийг ирэх жилээс нэмэгдүүлэхээр бид бүхэн төлөвлөсөн байна. Гэхдээ төсвийн нөөц боломжоос шалтгаална. Хэрэв тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлбэл, залуус дээд боловсролтой болохоос илүү мэргэжлийн ур чадвартай ажилчин болох сонирхол нь илүү давамгайлах болов уу гэж харж байна. Өмнөх үетэй харьцуулахад ажилгүйдлийн түвшин буурсан гэлээ.

Хөдөлмөрийн биржийн мэдээлснээр Монголд 20 мянга гаруй ажлын байр эзнээ хүлээн сул байгаа бол  Монголд хөдөлмөрийн насны залуучууд 55 хувийг эзэлж байна. Тэдний 57.2 хувь нь бүртгэлтэй ажилгүй залуус аж.

Ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгааныг хэлдэг байна. Жил бүр их, дээд сургуулиа 35-40 мянган оюутан төгсдөг. Тэдний 40 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн 60 хувь нь өөр ажил сонгодог гэсэн судалгаа бий. Энэ нь ажлын байр хомс байгаатай холбоотой гэхээсээ илүү мэргэжлийн чадамж муутай боловсон хүчин бэлтгэж буйг харуулж байгаа юм.

2005 онд манай улсад нийтдээ 250 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан түүх бий. Тухайн үед Монгол Улс 2.5 сая хүн амтай байсан гэж тооцвол  10 мянган хүнд нэг их, дээд сургууль ногдож байв. Эл эмх замбараагүй явдлыг цэгцэлж, сургалтын чанарыг сайжруулах бодлого салбарын яамнаас баримталсны үр дүнд өдгөө их, дээд сургуулийн тоо 96 болж буурсан. Гэхдээ тухайн үед зарим эрх баригчид энэ шийдвэрийг эсэргүүцэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж