Японы Эзэн хааны цорын ганц ач хүү, ханхүү Хисахитогийн хичээлийн ширээн дээрээс өнгөрсөн долоо хоногт хоёр ширхэг хутга олдсон билээ. Энэ хэрэгт 56 настай эрэгтэйг сэжиглэн өнгөрсөн даваа гаригт баривчилсан байна. Каору Хасэгава хэмээх эрийг Токио хотоос холгүй орших Канагава мужаас баривчилсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ.
Хаан ширээнээсээ бууж буй Эзэн хаан Акихитогийн 12 настай ач хүүгийн сурдаг Очаномизугийн их сургуулийн ахлах сургуулийн барилгад цэнхэр дуулга, барилгачны хувцас өмссөн, дунд эргэм насны эрэгтэй нэвтэрч, улмаар ханхүүгийн анги руу орсон нь тус сургуулийн хяналтын камерт бичигдэн үлджээ. Хяналтын камерын бичлэг дээрх этгээд ойролцоох метроны буудал орчимд явж байсан талаар эх сурвалж мэдээлсэн аж.
Энэ хэрэг Японы 85 настай Эзэн хаан мягмар гаригт хаан ширээгээ хүүдээ шилжүүлэн өгч, Нарухито хаан ширээнд залрахаас өмнө болсон нь анхаарал татаж буй. Ханхүү Хисахито сургуулийнхаа уг ширээнд өнгөрсөн оны хичээлийн жилээс хойш тасралтгүй суусан аж. Үл таних этгээд сургуульд нэвтрэх үед ханхүү сургууль дээрээ байгаагүй аж.
Сургуулийн захиргаанаас баасан гаригийн үдэд ханхүүгийн ширээн дээрээс олдсон хоёр хутга жимсний зориулалттай болохыг цагдаагийн газарт мэдээлжээ. Гэмт этгээд нь ханхүүгийн хичээлийн ширээн дээр үлдээсэн хоёр хутганы ишийг ягаан өнгөөр будсан байсан аж.
Японы сургуулиудын хичээлийн ширээн дээр сурагчийн нэрийг бичсэн соронзон хальс байдаг бөгөөд энэ нь үл таних этгээдэд ханхүүгийн суудаг ширээг олоход “тусалсан” байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: THE JAPAN TODAY
Холбоотой мэдээ