“The Voice of Mongolia” шоунд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдсэн билээ. Түүний цуцашгүй хүчирхэг хоолой хүн бүрт гайхширал төрүүлж байсан нь лавтай. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй аж. Магадгүй уран бүтээлч хүн өөрийн гэсэн онцлог чанар, этгээд, өвөрмөц байдлаар хүнд илүү хоногшдог бол тэр үнэхээр тийм байж чадсан. Тэгвэл дуучин бүсгүй тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй яваа сурагтай.
Тоглолтод урилгаар “Хурд”, “Хар сарнай” хамтлаг, Хар тасын Марка, “А-Капелла”, “Маршил” хамтлаг, “Voice of Mongolia” шоуны Otgoo Team-ийн шилдэг оролцогчид оролцох юм байна. Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг МУГЖ агсан Г.Хайдав олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Харин А.Болормаа дуурийн дуулаач болох сонирхолгүй байсан учраас татгалзаж байжээ.
Э.БУРАМ