2018 оны үндсэн чиглэлийн биелэлт 68.4 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

2018 оны үндсэн чиглэлийн биелэлт 68.4 хувьтай байна

2018 оны үндсэн чиглэлийн биелэлт 68.4 хувьтай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг танилцууллаа. Тус танилцуулгад дурдсанаар  "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг 68.4 хувьтай гэж дүгнэжээ. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтэд онцгой анхаарах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, салбар бодлого 51.9 хувь, бүс нутаг хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 65 хувийн тус тус хэрэгжилтэй байгааг эрчимжүүлж Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд институтийн чадамжийг бэхжүүлэх, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлсэн арга хэмжээг эрчимжүүлэх, цаашид үндсэн чиглэлд бодлогын арга хэмжээг тусгах, холбогдох зардлуудыг тухайн жилийн улсын төсөвт бүрэн тусгаж байх асуудал хариуцсан албан тушаалтны үүрэг хариуцлагыг тодорхой болгох гэсэн саналуудыг ажлын хэсгээс гаргажээ.

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар  зарчмын зөрүүтэй саналууд гараагүй бөгөөд УИХ-ын тогтоолын төслийг тусгайлан боловсруулах шаардлагагүй гэж үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Тухайлбал,

 УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ:
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг 68.4 гэж дүгнэсэн нь хэр бодит дүгнэлт вэ. Үндсэн чиглэлд тусгагдсан инфляц зэрэг утгаа алдсан. Инфляцын түвшин өнөөдөр яг хэдэн хувьтай байгаа вэ. Хэрэглээний сагс хэр зэрэг өссөн бэ. Хүнсний барааны дундаж үнэ хэдэн хувиар уналтад орсон бэ гэдэг тоог надад хэлж өгөөч. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д лут лут зорилтууд тавьсан.  Тухайн үед бөөн зарчмын зөрүүтэй саналууд гарч байсан. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Орхоны бүсэд их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Энэ ажил эхэлсэн үү. Өнөөдөр хотын төвд сургуулийн байрыг нураагаад оронд нь юу барьж байгаа юм бэ. Хоёрдугаарт, эрчим хүчний асуудал юу болсон бэ. Өнгөрсөн жил эрчим хүчний хэрэглээ 1000 гарч арай гэж өвлийг давсан. Ирэх жил эрчим хүчний үүсгэврийн шинэ нөөц байхгүй. Талд станц барина гээд дахиад Хятадуудтай ярьсан байх юм. Үүнд бодлого гэж ер нь байна уу.

 

Үндэсний Статистикийн хорооны дарга А.АРИУНЗАЯА:

-2018 онд хэрэглээний үнийн индекс өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн. Хэрэглээний үнийн индекс энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс  6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны үнэ дүнгээрээ 8.2 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 20.5 хувиар өссөн байна. сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлэг 3.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь, орон сууц, ус, цахилгаан  хими болон бусад түлшний үнэ дүнгээрээ 8.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын инфляц бусад бүсээс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. Хэрэглээний үнийн сагс 2017 онд шинэчлэгдсэн, таван жил тутамд шинэчлэгддэг.

УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА:

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж их маргадаг. Би бол хэлэлцэх нь зөв гэж үздэг. Үндсэн чиглэлтэй байж улс орон хөгжинө. Цаашлаад томоохон төлөвлөгөөтэй байж хөгжинө. Манайх гэтэл төлөвлөгөө байхгүй. Ганц орж ирж байгаа үндсэн чиглэлээ хүн танихын аргагүй болгочихдог. Ер нь Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд, чиглэлийг бид маш их өөрчилдөг. Ер нь юм болгоныг хийдэг газар УИХ болж хувирсан. Үндсэн чиглэлээ яривал ярьсан шиг ярьж шийдвэр гаргамаар байгаа юм. Үндсэн чиглэлийг харахад жил бүр ярьдаг зүйлс байна л даа. 2018-2019 онд ажилгүйдэл хэдэн хувьтай байгаа вэ. Хэдий хэр хэмжээгээр буурав. Мөн ядуурал ямар түвшинд байна, гэмт хэргийн тоогоороо дэлхийд бид тэргүүлж байна. Өдөр бүр хүн үхдэг, өдөр бүр гэмт хэрэг бий гардаг боллоо. Энэ асуудлаа улс эргэж хармаар байна. Бүс нутаг хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 65 хувийн биелэлтэй гарсан нь бодит уу. Энэ бүхэнд тодорхой тоо, баримттай хариулт өгмөөр байна.Үндсэн чиглэл бол мөрийн хөтөлбөрийн гол суурь нь. Эндээ поп амлалтууд оруулж ирээд тэр нь хэрэгжихгүй болчихдог шүү. Цаг хугацаа гаргаж нарийн задалж яримаар байна.

Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯА:

-Ажилгүйдэл 2018 онд 7.8 хувьтай байсан бол тус оны дөрөвдүгээр улиралд ажилгүйдэл 6.6 хувьтай байсан.

Үндэсний Статистикийн хорооны дарга А.АРИУНЗАЯА:

-Улсын хэмжээнд 2018 онд 36.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт. Үүн дотроо залилан, хулгай, дээрэм, хөрөнгө завших, хүчингийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна. 1000 хүнд ноогдох индексээрээ буурсан. Ядуурлын тухайд 2 жил тутамд зарлагддаг. 2016 оны байдлаар 29.6 хувьтай байна. Ирэх зургаадугаар сард 2018 оны статистикийн өрхийн мэдээллийн үзүүлэлтээр 2018 оны түвшнийг зарлахаар ажиллаж байна. ядуурлын судалгаа өрхийн орлого, зарлагын мэдээлэлд тулгуулагддаг учраас өрхийн хэрэглээнээс хамааралтай. 2018 оны түвшнийг харвал, өрхийн орлого, зарлага өссөн үзүүлэлттэй байна.

Эрчим хүчний яамны ажлын хэсэг:

-“Эрдэнэс Тавантолгойг” түшиглэн Тавантолгой компанийг байгуулаад ажиллаж байна. Энэ тавдугаар сараас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүйтэй холбогдуулан эхний ээлжид үйлдвэрлэж байгаа түлшнийхээ стандартыг Стандарт, хэмжилзүйн газраар тогтоолгохоор холбогдох материалаа хүргүүлсэн. Стандарт гарсны дараа үйлдвэрлэж байгаа түлш хэрэглэгчдэд хүрэх боломжтой болно.  Одоогийн байдлаар шугамаа өргөтгөөд, үйлдвэрийн хүчин чадлыг ирэх намар гэхэд 600 мянган тонн нүүрс нөөцлөхөөр ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН:

-Гишүүдийн шүүмжлэлтэй хандаж байгаа саналтай санал нийлж байна. Үндсэн чиглэл гэхээр  эдийн засгийнхаа дүр зураглалыг сууриар нь ярьж, дунд, урт хугацаанд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгааг олж харах мөн эдийн засгийн чиг хандлага, дархлааг ямар болгох зэргийг сонсох хэрэгтэй болов уу. Энэ талаас нь л энд ярихгүй бол өөр ярих газар байхгүй. 2018 оны Үндсэн чиглэл дотор эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг шийдэхийн тулд ямар агуулга орсон бэ. Агуулга нь чухал байна. Төлбөрийн тэнцэлд  ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Цаашид ямар өөрчлөлт гарах вэ.

 

Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯА:

-2018 оны үндсэн чиглэлийг таван салбараар хуваасан. Эдийн засгийн төрөлжүүлэх бол эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогод орж байгаа. 2018 онд махны экспорт өмнөх оноос гурав дахин нэмэгдсэн зэрэг тоон үзүүлэлтийг дурдаж болно. Гэхдээ энэ нь хангалттай биш гэдэг нь үнэн. 10 жилийн өмнө ч гэсэн уул уурхайн салбар  нийт экспортын 90 хувийг дангаараа эзэлж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ тоон үзүүлэлт хэвээр байна. Улсын төсөв, эдийн засаг уул уурхайн салбараас хараат байдалтай байгаа нь үнэн.

 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Жил бүр бид үндсэн чиглэлийн биелэлтийг хардаг. Цаасан дээр ерөнхий дүр зураглал гараад бодит байдалд хангалтгүй ийм л зүйл болчхоод байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулаад уг нь үндсэн чиглэлээ сайтар харах ёстой. Хамгийн гол дүгнэлт нь ард иргэдийн амьдрал ахуй нь яаж өөрчлөгдөв гэдэг талаас нь харж ярих нь зөв болов уу. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэлээд заалт бий. Энэ заалтуудын хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ. Үйлдвэрлэл сүүлийн нэг жилийн хугацаанд хэр нэмэгдэв. Ядуурал буурсан юм уу,өссөн юм уу. Ажилгүйдэл жил бүр буурч байгаа, үүнд Сангийн яам дүгнэлт хиймээр байна. Иргэдийн орлого хэдэн хувиар өссөн юм бэ. Эдийн засгийн том том төслүүд ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй л юм бол хоосон ярих шаардлага байхгүй. Мах, сүүний хөтөлбөрүүд хангалтгүй биелэлттэй байгаа нь юутай холбоотой вэ.

Ажлын хэсэг:

-Эдийн засгийн өсөлт айл өрх бүр, иргэн бүрт хүргэх нь чухал асуудал гэдэгтэй санал нийлж байна. сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин тогтмол бууралттай байгаа. иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийг танилцуулъя.2018 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр өрхийн орлого 1 сая 110 мянга байгаа. Үүний 72.9 хувийг тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүрдүүлж байна. Үлдсэн хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, бусад гэсэн ангилалд хуваагдаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэврийг үе шаттайгаараа нэмэгдүүлсэн.

Үндэсний Статистикийн хорооны дарга А.АРИУНЗАЯА:

-2018 оны жилийн дүнгээр ажиллах хүчний судалгаагаар ажиллагсад 1.2 сая болсон нь өмнөх оноос 14.7 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Сүүлийн гурван жилийн байдлаар ажилгүй иргэдийн тоо буурч 2018 онд 105 мянга болсон нь өмнөх оноос 13 мянгаар буурсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж