Засгийн газраас боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тахрын албаны тухай хуулийг хүчингүй болгох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тахрын албаны тухай хуулийг УИХ өнгөрөгч 2013 онд баталж, 2014 оноос Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээр шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг бүхий Тахарын албыг байгуулсан юм.
Хэрвээ УИХ эдгээр хуулийн төслүүдийг энэ хэвээр нь баталбал байгуулагдаад жил хагас болоогүй Тахарын албыг татан буулгаж, тус байгууллагад хуулиар хүлээлгэсэн бүх чиг үүрэг ШШГЕГ-т шилжих юм. Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний хэлсэн үгийг хүргэж байна.
Х.Тэмүүжин:
Өнгөрсөн намар яг энэ танхимд Засгийн газрыг огцруулж байхад би “Харамсаж байна” гэдэг үгийг гурван удаа хэлсэн. АН-аас байгуулагдсан Засгийн газрыг АН-ын гишүүд өөрсдөө, УИХ-ын олонхи, АН-ын зарим нэг дарга нар унагаж байхад би гурвантаа харамссан. Өнөөдөр би тэр “Харамсаж байна” гэдэг үгээ тавантаа давтахад хүрч байна.
-Нэгдүгээрт шүүх, прокурор аюулгүй байдлаа хамгаалуулж, шүүхийн байгууллага харуул хамгаалалтаа хариуцуулдаг байсан Тахарын албыг татан буулгаад ШШГЕГ-т өгч байгаа юм байна. Шүүгчид, прокурорууд шоронгийн харгалзагчдаар өөрсдийгөө харгалзуулах ийм хуультай болж байгаагаа мэдээгүй юм байна лээ. Яагаад гэвэл энэ гэвэл яг энэ асуудлаар нь Засгийн газар тэднээс санал аваагүй юм байна. Өөрсдийнх нь таслан шийдвэрлээд, ял өгөөд явуулсан хоригдол, ялтанг харгалздаг хүмүүсээр буцаагаад шүүх, прокурорын байгууллагын харуул хамгаалалтыг шийдүүлэх гэж байгаад би харамсаж байна. Манай шүүх, прокурорын нэр хүнд ийм болтлоо уначихсан гэж итгэдэг Хууль зүйн сайдтай байгаадаа харамсаж байна.
-Хоёрдугаарт гэрч хохирогчийг ялтан, хоригдлолтой харьцдаг тэр байгууллагаар хамгаалуулах гэж байгаад харамсаж байна. Бид өмнө нь “Гэмт хэргийн хохирогчтой, гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгагдаж байгаа иргэдтэй цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэнтэй адилхан харьцаад байна. Хүнлэг биш байна, хүний эрхийг үл тоомсорлож байна, арга барил, соёл нь болохгүй байна” гэж хэлээд энэ Тахарын албыг байгуулсан. Харамсалтай нь одоо ялтан, хоригдолтой харьцдаг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалахаар болж байгаа юм байна.
-Гуравдугаарт дахиад харамсалтай байна. Тахрын албыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай нийлүүлснээс болоод хорих байгууллагын хашаанаас гараагүй байсан гүйцэтгэх ажлыг Монгол Улсын хэмжээнд шүүхийн шийдвэргүйгээр явуулах эрх хэмжээ, хуулийн зохицуулалтыг бий болгож байна. Аль ч улс оронд хорих байгууллагын дотор зөрчил тэмцэл гарах вий, хоригдлууд дотроо гэмт хэрэг үйлдэх вий, орголт зохион байгуулах вий гэдэг үндэслэлээр хорих дотроо гүйцэтгэх ажил явуулдаг. Гэтэл үүн дээр Тахрын албыг нийлүүлж өгснөөрөө бид Монгол Улсын хэмжээнд гүйцэтгэх ажил хийдэг АТГ-тай тэнцэх хэмжээний бас нэг байгууллагыг бий болгож байна. Хорих байгууллага дотор зөрчилдсөн хоригдлыг насаар нь шоронд хийх, гаднаас буцаагаад татаад оруулаад ирэх хэмжээний хуулийн хүч, хуулийн бодлоготой болох гэж байна. Хатуухан хэлэхэд төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах, хяналтанд байлгах, айдаст автуулах хууль, эрх зүйн орчинг бий болгож байна. АН олонхи байхдаа, Засгийн газрын бодлогыг тодорхойлж байхдаа хуулийн ийм орчинг бий болгож байгаад би харамсаж байна.
-Дөрөвдүгээрт төр нь ТББ-тайгаа хамтарч ажилладаг, төр-хувийн хэвшил хамтарч хийж болох олон дэвшилттэй үйл ажиллагааг буцаагаад нугаслаж байгаад би харамсаж байна. АН мөрийн хөтөлбөртөө “ Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод нь шилжүүлнэ. ТББ, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана. Төрийн тодорхой чиг үүргүүдийг төр-хувийн хэвшлийн гэрээгээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл одоо Тахрын албаны иргэний байдал алга болж, цэргийн болж байна. Иргэний байж болох, хамтарч хийж болох өөр олон ажил, олон бодлого үүнтэй хамт унаж байгаад би харамсаж байна.
-Тавдугаарт “хүний эрх” гэдэг үг АН-тай салшгүй холбоотой байсан. Үнэт зүйлийнх нь нэг байсан. АН-ыг гудамжинд лааз өшиглөөд явж байхад хүний эрхийн байгууллагууд өмөөрдөг, нэгддэг байсан. Эрхээ зөрчүүлсэн иргэд, эрх чөлөөгөөрөө хохирсон хүмүүс энэ намд итгэл үзүүлж, зарим хүмүүсийг сандал ширээнд суулгасан. Өнөөдөр тэр хүмүүс Тахрын албыг татан буулгаснаараа гэрч хохирогчийг хамгаалах үндэсний сүлжээг үгүй хийгээд зогсохгүй 1990 оноос хойш хүн рүүгээ чиглэж гарсан ганц хуулиа нураачихлаа. Ерэн онд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох зорилго тавьж явсан ардчиллын харайцайнууд минь сандал ширээ эрх, мэдлийг бие биедээ хангалттай бэлэглэлээ. Өнөөдөр болж байгаа процесс ч бас тийм. Тахрын алба гэдэг байгууллага, Тахарын албаны эрх мэдлийг нэг нь нөгөөдөө амны алчуур болгоод бэлэглэж байгаа л үйл явц. Өөрөөр хэлэх арга алга…
А.АМАР