Усны ухаалаг тоолууртай болно

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Усны ухаалаг тоолууртай болно

Нийслэлд усны ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр туршилтын шатандаа явж байна. Учир нь нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт өрхийн 62 хувь буюу 86 мянган айл усны тоолуур ашиглаж байна. Харин аж ахуйн нэгжийн 98 хувь нь усны тоолуур ашиглаж байгаа гэх тооцоо бий.

Одоогоор орон сууц нийтийн аж ахуйн газрын ажилтнууд айл, өрхүүдээр явж тоолуурын заалт авдаг. Айлууд гэртээ байхгүй, тоолуурын заалт өгөхөөс цааргалах зэрэг хүндрэл багагүй гардаг байна. Мөн нэг айлдаа хэд хэдэн удаа ирэх нь цаг хугацаа, зардал үрдэг. Тиймээс Ус сувгийн удирдах газраас усны ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр туршиж эхэлжээ. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 10 айлд энэ ухаалаг тоолуурыг туршиж байгаа аж. Энэ нь суурилагдсан орчноосоо хамааран 100-250 метр хүртэлх зайд мэдээллээ дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, орон сууц нийтийн аж ахуйн газрын ажилтнууд айл бүрээр орж усны тоолуурын заалт авах шаардлагагүй болох юм. Тухайн айл руу оролгүйгээр ойролцоох газраас тоолуурын заалтыг нь авах боломжтой болно.

Саарал усыг ашиглаж эхлээгүй байна

Нийслэлд 90 гаруй автомашин угаалга байдаг. Үүнээс 70 орчим нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдож нийслэлийн иргэдийн ундны уснаас шууд авч машин угаадаг. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд манай улс саарал усыг автомашин угаалгад ашиглах талаар ярьж эхэлсэн. Энэ нь ажил хэрэг болсон эсэх талаар Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн инженер Ш.Энхжаргалаас тодруулбал, “Уг нь Ус сувгийн удирдах газраас иргэдийн ундны усыг машин угаагаад шууд асгаж байгаа явдлыг зогсоох үүднээс саарал усыг ашиглах санаачлагыг гаргасан. Гэвч одоогоор дорвитой ажил хэрэг болсон зүйл алга. Ажил хэрэг болгох тал дээр анхаарч байгаа” гэсэн юм.

Одоогоор нийслэлчүүд 170 мянган метр куб усыг Туул гол руу хаяж байгаа гэх тооцоо бий. 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлын 80 гаруйхан хувийг л цэвэрлээд Туул гол руу хаяж байгаа аж. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 70 орчим авто угаалгын газар шууд нөлөөлдөг байна.

Б.ЗОЛОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж