"С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан"

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

"С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан"

"С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан"

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед тантай холбоотой олон асуудал ар араасаа гарч ирээд байна. Зарим нь ч хуучирч  байна. Бас шинэ асуултууд ч нэмэгдлээ. Танд цаг байгаа гэж найдаж байна. Тухтай ярилцах гээд ийм оршил хэлээд байна!

-Ажлаа өгөхийн өмнөхөн ярилцлага хийнэ гээд байсан санагдаж байна. Бараг хоёр жил болчихож. Мэдэх юм байвал хариулъя аа.

-Тэгвэл шууд гол асуудлаасаа асууя. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай сүүлийн үед олон мэдээлэл гараад байна. Одоогоос гурван жилийн өмнө  гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа гэж байсан. Мөн хэрэг нь шалгагдаад шүүхээр шийтгэгдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагынхан  гэм зэмгүй хүмүүсийг барьж хорьсон болоод хувирчихлаа. Гэм зэмгүй гурван хүнийг Ц.Элбэгдоржийн хүмүүс хорьж, ял өгсөн гэж яригдаж байна?

-Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх. Мэдээж гэм бурууг шүүх тогтоодог. Энэ хэргийн үнэн мөн нь олдохоос айдаг тал хүчтэй хэвээр байна. Эд мөнгө ихтэй байна. Нөлөө ихтэй байна. Гэхдээ үнэн ганц. Үнэнийг тогтоох амаргүй. Үйл явц үргэлжилж байна л гэж харж байна.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын индэрээс тэднийг хэлмэгдүүлсэн гээд хэлчихсэн. Бас  таны нэрийг энэ хэрэгт холбогдуулан  онцолж ярьсан шүү дээ. Сайдын мэдэгдлээс нийтэд энэ хэрэгтэй таныг холбох нь гэж ойлгогдож эхэлсэн байгаа?

-Аллага гарсны маргаашаас нь л аллагын ард байсан хүмүүс иймэрхүү яриа гаргаж хөөргөдсөн. Ерөөс урьдчилан төлөвлөсөн ч байсан байх. Харин бидний хувьд нэгнийхээ амь насыг хөнөөх тухай юм бол бидний бодолд ч, зүүдэнд ч байдаггүй зүйл. Миний эргэн тойронд байсан хүмүүс, би ч адилхан бүр тэр 20-иод жилийн өмнө шүү, “Энэ хэргээр хэнийг ч хардах нээлттэй, энэ хэргийг илрүүлэхэд бид бүгд туслах ёстой, хэн нэгнийг нь шалгах бол ямар ч хориг саадгүй шалгуулна” гэж ярьдаг байсан. Одоо ч энэ зарчим миний хувьд хүчинтэй. Тэр бүү хэл хэн ч ямар ч албан тушаалтай бай, бүрэн эрхээ цуцлуулаад шалгуулна гэж ярьдаг байсан. “Зоригийн хэргийг мөрдөх явцад” гэсэн үгтэй бичгээр бүрэн эрхийг нь цуцлаад шалгаж байсан тохиолдол ч бий.

-Таныг энэ хэрэгт холбогдуулж өмнө нь  шалгаж байсан уу?

-Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг. Намайг гүжирдэж хардах үед “Байгаа онохгүй байна” гэж л тэр үед боддог байв. Одоо бол энэ аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт тэгвэл таныг холбогдуулж шалгах гээд байгаа юм биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Муу юманд амархан автдаг болжээ. Үнэн үнэгүй болж. Муу цаг гэдэг л энэ байх. Намайг энэ хэрэгт холбох гэвэл санасны гарз, цагийн гарз л болно. Учир нь намайг энд яаж ч холбох гээд холбоос гарахгүй. Тийм юм байхгүй, байгаагүй. Би энэ хэргийн захиалагч биш, хатгагч биш, оролцогч биш, гүйцэтгэгч биш. Тиймээс асуудал Ц.Элбэгдоржид биш харин над руу зохион байгуулалттай санаатай дайрч, гүтгэж байгаа талд байна гэж л би харж байна.

-Энэ хэргээр далимдуулаад ардчиллын төлөө тууштай явсан хүмүүсийг гутаах санаа яваад байна уу?

-Өмнө нь тийм байсан. С.Зориг руу яаж дайрдаг байлаа даа. Зоригийг ална гэдэг бол ардчилал руу дайрсан дайралт л байсан. Наадуул чинь Зоригийг ганцаараа, биднийг амархан нугалж болно, гүтгэдэг шигээ хэрэгтэн болгож болно гэж бодоод байгаа юм.

Яг үнэндээ Зоригийн амь насыг бүрэлгэснийг хараад ардчилалд хайртай хүн бүр Зориг болсон. Зоригийг хөнөөсөн зэвсэг бидний зүрхийг шархлуулсан. Алуурчинтайгаа амьдардаг ардчилсан нийгэм гэж байхгүй. Монгол хүнийг хөнөөсөн бол Монголын хууль араас нь очдог л байх ёстой. Алуурчин олддог, холбоо хэлхээс нь тайлагддаг байх нь чухал. Ингэж л эрх зүйт нийгэм тогтоно.

-Таны манай сонинд 2000 оны дундуур өгсөн нэг ярилцлагыг саяхан олж уншлаа. Тэр үед Та энэ хэргийг илрүүлэхэд хөндлөнгийн мөрдөгч, гадны тусламж авах байсан юм гэж ярьсан байсан. Хэрэв тэр үед гадаадын мөрдөгчид ирээд  шалгасан бол хэрэг  хурдан илрэх боломжтой байсан юм шиг санагддаг?

-Алуурчин тэр дороо баригдана гэж би итгэж байсан. Тэр үед цагдаа л алуурчинг олно гэсэн ойлголттой байлаа. Аллагын маргааш асуусан. Олдоогүй. Нөгөөдөр нь асуусан. Дахиад л олдоогүй гэж хариулсан. Гаднаас туслалцаа авъя гэж тэр үед бодогдсон. Тухайн үеийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хүнд өөрийнхөө бодлыг хэллээ. “Хуулийн байгууллагын нэр төрийн асуудал. Бид олж чадна. Энэ хэрэг хурдан илэрнэ” гэж өөдөөс хэлээд болдоггүй. Тэр үед одоогийн өндөрлөгөөс харж байгаа биш. “Та нар олохгүй, чадахгүй” гэлтэй биш. “За хурдан ол, бүх хүчээ дайчил” гээд л гаргаж байсан.

С.Зоригийг оршуулж ирээд асуулаа. “Арай л олдоогүй байна” гэв. Тэгэхээр нь шууд Америкийн элчин ЛаПорта гэж хүнийг урьж уулзаж хүсэлт тавилаа. Мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол надад яагаад ч юм төрөөд байсан. Энэ хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгах, мөн ДНК, кримналистикийн чиглэлийн мэргэжилтэн, багаж хэрэгсэл хэрэгтэй гэж хүсэлт тавилаа. Товчоор бол өндөр хөгжилтэй газраас мэргэжлийн туслалцаа авах хүсэлт. Хожим сонсоход тэд техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх юмаа бэлдсэн байсан. Монгол хэлний сургалтад хүртэл нааш ирэх хүмүүс нь хамрагдаж байсан байдаг. Би ч удалгүй ажлаа өгсөн. Манайхан “өөрсдөө илрүүлнэ, илрүүлж чадна” гээд тэднийг аваагүй юм билээ.

-Би танаас нэг юм асуумаар санагдаад байдаг юм. С.Зориг агсныг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн  орой та гэрээр нь очсон уу?

-Очсон.

-Хүн амины ноцтой  хэрэг гарчихаад байхад олон хүн орж гарсан гэх мэдээлэл байдаг. Хэрэг гарсан газарт ойртож болохгүй гэдгийг одоо хүн бүр мэддэг. Та тэр үед эргээд асуудалд орно гэж бодоогүй юу. Яагаад орсон юм бэ?

-Тэр үед миний хажууд байгаагүй хэн ч байсан ингэж асуух нь аргагүй. Тэр орой над руу эхэлж ярьсан хүн нь тухайн үеийн цагдаагийн дарга юм. Надад “Зориг хутгалуулчихлаа” гэж л хэлсэн. Би бодохдоо “Хаа нэг газар С.Зориг хутгалуулчихсан юм байна. Бушуухан очиж  туслах ёстой” гэж бодсон. Машин дуудан очих замд хамгаалалтынхан энэ талаар  тодруулсан. “Гэртээ гэж байна” гэсэн. Би С.Зоригийг үхчихсэн гэж бодоогүй. Хүн алчихсан, амь насаа алдсан гэж бодоогүй. Хүн анд нөхрөө үхсэн гэж боддоггүй юм билээ.

Итгэх аргагүй юм гэж байдаг. Хүнд хутгалуулсан, айж балмагдсан, хүнд хэцүү л байгаа юмуу,  бушуухан очъё, туслая гэж бодсон. Гэрийнх нь гадаа ирэхэд цагдаагийн дарга хурандаа Мөрөн өөрөө байсан. “Хаана байна” гэсэн “Гэртээ” гэсэн. Тэгээд л явж орсон. Гэтэл юмаар бүтээчихсэн, коридорт нь хана дагаад Зориг хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй. Хажууд нь зогссон. Харсан. Үнэхээр итгэх аргагүй. Хэдэн хүн гэрт нь байсан. Сууж ганц нэг үг солиод “Засгийн газрын гишүүдийг дууд, ажил руугаа очлоо” гээд л гарсан.

-С.Зориг алагдсан. Та  хэргийн газар руу орж болохүй гэж танд хэлээгүй юү?

-Юу ч хэлээгүй, одоо л хүн бүр, өнгөрсөн хойно нь их цэцэн болчихоод байгаа юм. Тэр үед чиний хэлж байгаа шиг үгийг хэн ч байсан гэсэн хэлж чадахааргүй байсан байх. Мэдсэн, харсан нь цочирдсон. Тийм юм болсон гэхэд бүгд итгэхгүй л байсан байх. Тэр чинь  С.Зориг шүү дээ. С.Зоригийг алчих юм гэж хэн ч бодоогүй. Нэг л бодитой биш, худал юм шиг байсан.

-Та тэндээс гараад шууд ордон руу, ажил руугаа ирсэн үү?

-Тэгсэн.

-Тэгээд юу болсон юм бэ. Та тухайн үед өөрийн эрх мэдлийн хүрээнд  ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Засгийн Газрын гишүүд, Их Хурлын гишүүд, Ардчилсан хүчний удирдлага, найз нөхөд гээд бүгд л цугласан. Хууль зүйн яамыг Батчулуун гэж хүн толгойлж байсан. Тэр хүн л ийш тийш яриад. Бид ч бас санаа оноо хэлээд. Гашуудсан, эмгэнэсэн хүмүүс. Би Ерөнхийлөгч руу ярьсан. Аюулгүйн Зөвлөл хуралдуулах тухай санал хэлээд. Шөнө дөлөөр.

-Тэр үед Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байсан биз дээ. Ерөнхийлөгч рүү таныг ярихад  хэргийг ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Намайг хэлэхээс өмнө сонссон байсан ч юм уу. Их тайван, тоомжиргүй байх шиг санагдаад байсан. Би өөрөө цочирдож агадсан болоод ч тэгж санагдсан уу. Бараг одоо Аюулгүйн Зөвлөл цуглая, хуралдая гээд л. Засгийн Газрыг өглөө болонгуут хуралдуулна гэж л тэр үед би хэлж байсан. Энэ үйл явдал чинь Баасан гаригийн оройноос бямба гаригт шилжих шөнө болж байгаа юм. Хүн бүр л амралтын горимд шилжсэн байсан үе. Тэр шөнө, одоо болтол олонд хэлээгүй нэг шийдвэрийг би гаргасан юм.

-Ямар шийдвэр байх вэ?

-Хэрхэн олон нийтэд зарлах тухай. Үнэхээр хэн ч итгэмгүй, аюултай юм боллоо. Энэ хэмжээнд яаж хүмүүст ийм болсон үйл явдлыг хүргэх вэ гэж л бодогдоод. Тэр үед Улсын Радио, Телевизийн удирдлагыг Засгийн Газраас шууд томилдог байсан юм. Маргааш өглөө Радио, Телевизийн бүх хөтөлбөрийг зогсоо. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөлөө гэсэн утгатай бичиг гаргаад, тийм үг хэлээд гашуудлын хөгжим явна. Өөр ямар ч нэвтрүүлэг явахгүй. Монголын ардчилал, ард түмэнд учирсан аймшигт гарз хохирлыг ингэж ойлгуулъя, хүргэе гэж, тэр үед нэг тийм шийдвэр толгой мэдэн гаргасан юм. Тэнд байсан хүмүүс ч дэмжсэн. Мэдээ яг тийм байдлаар гарсан. Хүмүүс үнэхээр цочирдож хүлээж авсан. Ганц нэг нь бас “Юун сүртэй мэдээлдэг юм” гэсэн байдал ч байсан.

-Хэрэг гарсны маргааш өглөө нь таныг намынхаа байрны тэнд бараг “инээмсэглэчихсэн”  явж байсан гээд  яриа гарсан. Саяхан тэр талаар бас сошиалаар явж байна лээ?

-Инээмсэглээд байх юм юу байх вэ. Наадах чинь хоёр учиртай. Нэг нь, тааралдсан хүн бүр л өглөө радио нээсэн чинь, зурагтаа асаасан чинь шууд тийм юм яваад, ямар аюултай юм болов оо гэсэн байдалтай байсан. Тэр үед хүмүүст ингэж хүргэсэн нь зөв болж гэж бодогдож байсан. Мөн хоёрдох нь гол. Ерөөс тэр хагас, бүтэн сайн гэхэд, бараг тэр өдрөө нөгөө аймшигт аллага үйлдэгчид баригдана гэсэн итгэл надад байсан. Хариуцсан сайд нь, Цагдаагийн удирдлага бүгд л тиймэрхүү итгэл төрүүлсэн мэдээлэл өгч байсан юм. Алуурчин олдоно, хүмүүс харна. Зоригийг алсан этгээдийг одоохон сарвайтал чирээд гаргаад ирнэ гэсэн л итгэлтэй байв. Ингээд бодоход өөрийн эрхгүй тийм харагдсан байж магадгүй. Инээмсэглэсэн биш, алуурчинд хорссон л явсан. Бас үгээр хэлэх аргагүй гашуудаж байсан. Тэгээд маргааш нь байх, бүтэн сайнд гашуудлын цуглаан хийсэн санагдаж байна.

-С.Зоригийг байтугай, таны яриад байгаа мэдээлэл, цуглааны тухай “А”-ч мэдэхгүй, тэр үед төрөөгүй байсан хүмүүс энэ хэргийг шүүдэг болсон. Таныг Ерөнхийлөгчөөсөө буухаас өмнө энэ хэргийг илрүүлсэн гавьяаг авах гэсэн. Зарим нь үүнийг зохиогч нь Ц.Элбэгдорж өөрөө гэж л шуугиулаад байна?

-Хэргийг зохиодоггүй. Хэргийн үйлддэг. Зохиолоор хэрэг илрүүлнэ гэж байхгүй. Тийм зохиол байхгүй. Одоо ял эдэлж байгаа гурван хүн, дээр нь тэр гэртэйгээ шатсан нэг хүн гээд. Энэ дөрөвийн хүрээнд С.Зоригийн алуурчин байгаа нь хуулиар тогтоогдсон. Үүнийг мэргэжлийн хуулийн хүмүүс удаан хугацаанд, хэцүү нөхцөлд мөрдөн шалгаж тогтоосон. Түүнийг шүүх хянаж үзээд шүүн таслах шийдвэрээ гаргасан. Хэрэв өөрчлөх бол дахиад хуулиар энэ асуудал явах байлгүй дээ.

Харин хэрэг шалгах явцад алдаа гарсан бол түүнийг шалгах ёстой. Хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэрэг гарсан шөнөөс өдий болтол явсан мөрдөн шалгах, алуурчныг олж тогтоох ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Зөвхөн үүнийг уг хэргийн хатгагч, гүйцэтгэгч нар л хүсэж байгаа. Үүнд нэр төр нь хөндөгдөж байгаа тодорхой хүмүүс бий байх. Мөн өш хонзонгийн сэдэл, хувийн өчүүхэн ашиг хонжоогоо ардаа нуусан этгээдүүд ч яваа.

Дээр нь нэмж бас нэг юм хэлье. Энэ хэрэгтэй холбоотой гаргаж буй үйлдэл, хэлж буй үг, хатгалт, оролцоо, гишгэсэн мөр бүрийг зөвхөн энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс төдийгүй хүн бүр тэмдэглэж, эд мөрийн баримтыг баталгаажуулж авч үлдэж байх хэрэгтэй. Одоо чинь юм баримтаждаг болсон цаг. Хүмүүс нээлттэй нийгмийн ачаар юмыг наанатай цаанатай хардаг болсон цаг.  Зарим хүн зөвхөн өөрийнх нь хэлснийг үнэнд тооцох ёстой, эсвэл өөртэй нь адил бодох ёстой, түүний л зөв гэдэгт итгэх ёстой гэж бодоод байна. Энэ бол хэт улайрсан эсвэл гарах гарцгүй болсон хүнд л төрдөг бодол. Тийм хүнээс гардаг үг үйлдэл. Тэднээр хэргийн нотлох баримт устгуулж болохгүй. Гэрч, хамаарал бүхий этгээдүүдийг дарамтлуулж болохгүй. Хуулиар тэднийг хамгаалах ёстой.

-Хэд хоногийн өмнө УИХ-аас С.Зоригийн гэх хэргийн асуудлаар түр хороо байгуулагдлаа. Энэ түр хорооныхон үнэн мөнийг тогтооно гэдэгт та итгэж байна уу?

-Улс төрд үнэн гэдэг ойлголт харьцангуй. Өнөөдөр үнэн мэт ч маргааш үгүйсгэгддэг.  Мөн үнэнийг дундаас нь тасдаж тогтоох аргагүй. Түр хороо ямар ажил хийхийг, ямар дүгнэлт гаргахыг Ц.Нямдорж урьдчилаад хэлж байна лээ. Ийм нөхцөлд түр хорооны гишүүд түүний үгийг баталгаажуулж, түүний хэлсэн дүгнэлтийн дор гарын үсэг зурах л үүрэгтэй болж байна. Ц.Нямдорж өөрийн үйлдэлдээ хань хамсаатан л хайж байгаа хүн. Хуулийг завхруулах, хэргийг замхруулах үйлдэлдээ. Түр хорооны ажлыг хожим бас нэг түр хороо шалгах хэрэг гарах байх.

Ц.Нямдорж уг нь “Хуулийн байгууллагын ажлыг УИХ, улс төрчид авч хийж болохгүй” гэдэг байр суурийг урд нь их тод илэрхийлдэг байсан хүн. Түүний хэлж байсан үг яриа УИХ-ын хуралдааны тэмдэглэлд бий. Зарчмаасаа гажсан хүн үнэнийг харах чадвараа алддаг. Үүний оронд нээлттэй сонсгол хийсэн нь дээр. Тэр буруутгаж байгаа хуулийнхнаа, бусад шаардлагатай хүмүүсийг дуудаад, нууцаас гаргасан хэргээ бүгд хувилж өмнөө тавиад, бичлэг, нотлох баримтаа харж байгаад нээлттэй ярилцах нь зөв.

-Тэгвэл дахиад шүүх хурал маягийн юм болох юм биш үү?

-Үгүй. Парламентын нээлттэй сонсгол бол ардчилсан, эрх чөлөөт нийгэмд байдаг зүйл. Харин хууль шүүхийг үгүйсгэсэн түр байгуулага биш. Хамгийн гол нь мэдээлэлд ойрхон байгаа нь мэдээллийг өөрийн үйлдэлдээ тааруулж монополчлоод байж болохгүй. Шүүх юу үзэж, ямар нотолгоо, бичлэг, баримт харж, гэрчийг сонсож шийдвэр гаргасан. Түүнийг бүгд үзэх, ашиглах эрхтэй. Одоо нуух юм үлдээгүй гээд байгаа биз. Мэдээллийг нэг хэсэг нь сонголттой хэрэглэж болохгүй. Бүгд мэдээллээр ижил тэгш хангагдаж байж л үнэн тодорно. Эс бол өнөөдрийн энэ попорсон тоглолтоос алуурчид, ард нь байсан, байгаа хатгагчид дахиад л хожих болно.

-Та Ц.Нямдорж сайдын үзүүлдэг хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа  бичлэгийг үзсэн үү.  Өмнө нь ҮАБЗөвлөл ямар нэг бичлэг болон хэргийн материалтай танилцаж байсан уу?

-Намайг байхад Аюулгүйн Зөвлөлийн хурлаар бичлэг үзэж, шүүхээр шийдсэн хэргийн материалтай танилцаж байсан юм байхгүй. Бүр найман жилийн өмнө хэргийг шалгаж буй явцын тухай мэдээлэл сонсож, хуулийн байгууллагын хүсэлтэд үндэслэн ҮАБЗөвлөлөөс Зөвлөмж гаргаж байсан. Тэр бичлэгийн хувьд би үзээгүй. Надад эргэлзээ байгаа. Бичлэг хамт үзсэн гэх Их хурлын хоёр гишүүн хүртэл тэс хөндлөн юм яриад байгаа. Бусад хүмүүс ч адил. Хорих байрны бичлэг дуу дүрсний хувьд “Монгол HD” шиг тийм өндөр чанартай байх уу? гэж зарим нь ярьж байсан.

Тэр бичлэгийг сэргээсэн гээд байгаа. Ямар бичлэгээс сэргээсэн. Эх бичлэг нь хаана байгаа юм. Хэн түүнийг эвлүүлэв. Хаана, хэний удирдлага, зааварчлага дор, ямар зорилгоор гээд. Бичлэгээс юуг нь хасах, үлдээхийг хэн найруулав. Олон асуулт, эргэлзээ бий. Үнэхээр тийм юм болсон уу. Аль эсвэл зарим хүний хэлж байгаагаар зохиож эвлүүлсэн үү. Шалгаж байгаа, илрүүлэлт нь үргэлжилж байгаа хэргийн дундуур гарсан холбоотой ийм үйлдэл бүрийг, энэ бол ноцтой явдал, нягтлах ёстой. Хэргийн захиалагчийг одоо болтол хайж л байгаа. Тэр бичлэгтэй холбоотой асуудлыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг эрт орой хэзээ нэг цагт заавал авч үзэх ёстой. Түүний ард хэргийн хатгагч, ул мөрийг баллах гэсэн санаатай үйлдэл ч байж магадгүй.

-С.Зоригийн хэрэг гээд бид яриад сурчихсан. Уг нь түүний амийг бүрэлгэсэн хэрэг. Энэ хэрэгтэй холбоотой ийм зүйл дутуу шалгагдсан, эсвэл тэр хүнийг шалгах ёстой гэсэн бодол танд байдаг уу?

-Хуулийнхны хийх ажлыг би заахгүй. Гэхдээ энэ бол домог болсон хэрэг. Домгийн үнэнийг олж тогтоох хэцүү. Учир нь энэ хэргийг илрүүлэх үйл явц маш удсан, маш адармаатай, бидний амьдарч байгаа, бүтээх гэж зовж байгаа нийгмийн нэг хэсэг болсон хэрэг. Амьдралын нэг хэсэг юм даа. Үүнээс болж хохирсон зовсон түмэн хүн бий. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс өөрсдөө тун хурдан илэрнэ, баригдана гэж бодож байсан байх. Нийгмийн бүх анхаарал ийш чиглэж байсан. Ингэж удах юм гэж тэд ч бодоогүй байх. Гэтэл, тэр үед цаазгүй байсан бол, энэ хэргээр шийтгэгдсэн хүмүүс шоронд ялаа эдлээд гараад ирэх хугацаа бараг өнгөрлөө. Энэ хооронд аллагын гүйцэтгэгч, захиалагч юу эсийг хэлэлцэж, бодож, зохион байгуулсан байх вэ? Тэдний хөөлгөсөн чулуу бүрийг сөхөж, хэрэгтэйгээ хамт зовж шаналж, доромжлуулж гүтгүүлж тамаа идэж явсан, одоо ч тэгж яваа, энэ хэргийг илрүүлэх гэж зүтгэсэн, зүтгэж байгаа хүмүүст талархах ёстой гэж би боддог. С.Зоригийг мэддэг, түүнийг хөнөөсөнд гашуудан харамсаж явдаг, ардчилал эрх чөлөөг үнэлдэг хүн бүр ингэж боддог байх. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэж. Энэ хэргийн хойноос явах нь тамын ажил гэдгийг шалгаж байсан, шалгаж байгаа хүмүүс нь хамгийн сайн мэдэх байх. Харин аллага үйлдсэн хүмүүс ямар янзтай сууж байсныг шүүх хурлын үеэр олон түмэн нүүрнээс нь харсан л байх.

-Та С.Зоригийг алсан хүмүүсийг олсон гэдэгт итгэж байна уу. Дахиад хэлэхэд, Хууль зүйн сайд маань  энэ гурван хүн биш гэж байгаа шүү дээ?

-Муу бодол халдвартай байдаг. Муу бодлоос муухай үйлдэл гардаг. Манайхны сайныг өмөөрөөх дархлаа устаж, муугийн мууг үлээгчдийн өвчин халдвар газар авч байна. Гэхдээ би Монголын хууль, шүүхэд итгэсээр явах сүүлчийн хүн ч болж үлдэж магадгүй. Би хууль, шүүхэд итгэдэг. Алуурчдыг манай хууль шүүхийнхэн олж тогтоосон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хатгагч бусад захиалагчийг олох маш ойртсон байсан. Аллагыг үйлдсэн хүмүүс ч тэрнийг илчлэхэд ойрхон байсан байх. Гэтэл Хууль зүйн сайд нь “Та нар С.Зоригийг алаагүй. Та нар хэлмэгдсэн. Та нарыг тамалсан. Би мэдэж байна. Хэрэг удахгүй задарна. Энэ хооронд эмнэлэгт хэвт. Та нар ялтан биш болсон. Цагаадна. Би уучлал гуйж байна. Би та нартай уулзана. Би, бидний хүмүүс шударга ёсыг олно, тогтооно. Илүү дутуу юм бүү ярь, тэсэж үз. Түр хороо байгуулна. Та нарыг илрүүлсэн, олсон гэж байгаа хүмүүст хариуцлага тооцно. Шоронд хийнэ. Шонд өлгөнө” гээд л. Ийм утгатай юм ярьж үйлдээд хүрэнтэж улайсаад давхиад байдаг. Тийм Хууль зүйн сайд ямар ч алуурчинд мөрөөдөөд ч олдохгүй. Тэд ингэнэ чинээ зүүдлээ ч үгүй байх. Өөрсдөө ч гайхаж, итгэж ядаж байгаа болов уу.

-Ц.Нямдорж сайдын таны хэлээд байгаа үйлдэл энгийн үзэгдэл үү. Та юу гэж бодож байна вэ?

-Миний ухаанд бол багтахгүй. Асуудал байгаа бол хуулиар шалгадаг чиг үүрэгтэй газар, ажил хариуцсан хүмүүс бий. Би зүгээр л “Зоригийг алсан хүний хойноос яваад үзээрэй. Ингэнэ шүү, Зоригийн алуурчдаар оролдоод үзээрэй. Хохь чинь шүү” гэж байна уу гэж заримдаа бодох юм. Зоригт, ардчилалд дургуй байж болно. Гэхдээ хүний амь нас хөнөөсөн хэргийг шүүхийн өмнүүр орж задална, самарна гээд байж болохгүй. Тэр тусмаа улс төрч хүн. Гэхдээ тэр хүмүүс үнэнээ хэлэх цаг ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Энэ хүмүүс хорвоогийн үнэнд үнэнч явах уу, Нямдоржийн үнэнд үнэнч явах уу гэдэгээ сонгож л таараа. Үнэнээ хэлж л таарна. Өөрсдөө тэр үнэнийг мэдэж байгаа. Үйлдсэн нүглээ эдлэх ёстойгоо мэдэж байгаа. Үнэн тогтож л таараа. Хууль хар цагааныг байранд нь тавина. Тэр үед одоогийн өмнөөс нь гүйгээд байгаа хүмүүс яах бол.

Мууг, нүглийг нүгэлтнүүд өөрсдөө илчилдэг бас далдлах гэж гүйдэг. Өөрсдийгөө хуурч байгаа юм. Яахав, яахав хийх гэснээ хийг. Тэр тусмаа уудаг цаасан дээгүүр бэхтэй гутлаар туучиж байгаа юм шиг өөрийгөө илчилсээр байх болно. Ул мөр нь тодорно. Нэг л өдөр үнэн дүр төрх нь илчлэгдэнэ. Харин УИХ их тусгүй шийдвэр гаргасан. Энэ Түр хороо гэдэг юм өөрөө хууль бус. Хууль тогтоох, шүүх хоёр бол ижил тэнцүү эрх мэдэл. Тус тусдаа, бие даасан байх ёстой юмыг нэг болгож болохгүй. Шүүхийн ажлыг улс төрчид хийж болохгүй. Түүх ийм буруу шийдвэрийг хэзээ ч зөвтгөхгүй.

-Түр хороо байгуулах шийдвэр Үндсэн Хуулийн Цэц рүү явна гэж та бодож байна уу?

-Би Цэцийг маш их гайхаж байгаа. Өнөөдрийн болж байгааг Б.Чимэд гуай харсан бол юу гэх байсан бол. Төрийн жинхэнэ хуульч хүн. Тэрээр Цэц Үндсэн Хуулийн үг үсгийг төдийгүй үзэл санааг хамгаалах ёстой гэж сургадаг байв. Шүүх, хуулийн бие даасан, хараат бус байдлыг устгасан шийдвэрийн талаар таг. Гомдол очсон гээд шуугиад л байна. Хуулийн байгууллагын ажлыг булааж байгаа тогтоолын тухай ч таг. Нөгөө захиргааны хуулийн өөрчлөлт хийгдвэл бас л таг байх уу.

-Та түрүүн цаазын ял гэж цухас дурдлаа. Цаазын ял байх ёстой гэж үздэг хүн цөөнгүй бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн явцыг харахад тийм ялгүй байсан нь дээр ч юм шиг. Таныг энэ хэрэгт зориулаад цаазын ялыг алга болголоо гэвэл та юу гэж хариулах бол?

-Яахав дээ, намайг хардаж харлуулж дуусах биш. Би ажлынхаа эхний өдөр энэ шийдвэрийг гаргасан юм. 2009 оны 6 дугаар сарын 18-нд тангарагаа өргөчихөөд өрөөндөө орлоо. Тэгсэн чинь миний ажлын өрөөний ширээн дээр нүүрийг нь доош харуулж тавьсан хоёр албан бичиг байсан. Цааз авсан ялтны амь гуйсан хүсэлттэй холбоотой. Амь уучлах хүсэлтийг хүлээн авч уучлах, эс уучлах гэсэн Зарлигийн төслүүд. Би хоёуланг нь уншиж дуусаад “Амь уучлах” гэсэн цаасыг сонгосон юм. Нэг үгээр хэлбэл амийг сонгосон.

Хүний амь, нэр төрд хүндэтгэлтэй хандах миний байр суурь бол Ерөнхийлөгч болоод ч надад төрсөн юм биш. Олон нийтийн тусын тулд зүтгэж эхэлсэн эхний өдрөөс л надад байсан итгэл үнэмшил. 1991 оны өвөл Ардын Их Хурлын танхимд, шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад шүү. Хүний амьд явах эрхийн асуудал яригдахад “Монгол Улс цаазын ялгүй улс болох ёстой” гэдэгийг хэд хэдэн үндэслэл гаргаж хэлсэн миний үг тэр үеийн тэмдэглэлд байдаг юм.

-Эртний явдал гэж Та хэлээд байна. Аллагыг төрийн түүхэнд зогсоох бол Том зүрхтэй хүний хийдэг ажил байхаа?

-Би баримт түшиж ярьж байна. Ер нь Монголчуудын түүхтэй бие биенээ алж ирсэн түүх салшгүй холбоотой явдаг. Муу хүн нэгнээ алахыг зогсоох хэцүү. Төрөөс хүн алахыг зогсоож болно гэж үзсэн л хэрэг. Амьд явбал юмны учир олдоно. Энэ Зоригийг алсан асуудал дээр ч адилхан. Буруу юм болсон бол хүн нь амьд байхад алдааг залруулж болно. Би боддог юм. Цааз байгаад энэ гурвыг цаазалчихсан бол зарим хүн ингэж улайран, улайран үхсэн хүний хойноос ингэж явах байсан уу гэж. Магадгүй хүний хийсэн хэрэг нь биш, эд амьд байгаа нь зарим хүнд айдас хүйдэс төрүүлээд байгаа юм биш биз гэж.

-Та бид хоёр Зоригийн аллагын тухай гайгүй сайн ярилаа. Зоригийг тэгж алах ямар шаардлага тэр үед байсан бол гэж боддог вэ. Нэмээд бас нэг юм асууя. Таныг энэ хэрэгтэй холбоотой  асуудлаар ном бичиж байгаа гэж сонссон?

-С.Зоригийг алсан явдал үнэхээр санаанд багтамгүй зүйл болсон. Тэр үед нийгмийн оюун сэтгэлгээ эв эрүүл, дархлаа сайтай хэвээр байсан. Хордуулдаг, өвчлүүлдэг хүн цөөхөн, халдвар ч газар авдаггүй байж. Миний эргэн тойронд ч хүний зүүдэнд орохгүй зүйл. Тэр үед бидэнд “ардчиллын хүүхдүүд” гээд ард түмэн хайртай байдаг байсан. Юун алах. Зарим нь улс төр, үзэл суртал ярьж хуучны инерцээрээ биднийг муу хэлж дайрахад хүмүүс, ялангуяа ахмадууд өмөөрөөд сүйд болдог байсан.

Миний хэлсэн үгнүүд байгаа. Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын цуглаан, оршуулах ёслолд оролцож хэлсэн үгнүүд. С.Зоригийг таньсаар, мэдсээр байж яагаад түүнийг зэрлэгээр хөнөөв гэж. Хүн андуурсан байж болно. “Өө Зориг байна” гээд алахаа болино гэж л бид бодож байсан. С.Зориг чинь хүн алахын аргагүй тийм хүн гэж. Бид тэгэж л нэгнээ үнэлж, хүндэтгэж байсан. Хайрлаж байсан.

Тэр үед миний туслахаар Ц.Оюунгэрэл ажилладаг байлаа. Хэлсэн үгнүүдээ намайг яаж бичсэнийг мэднэ дээ. Үгнүүдээ бичиж байхад нулимс өөрийн эрхгүй асгараад байсан. Оюунгэрэл тэнд миний үгийг шивж байхдаа бөөн нулимас. Би лав зөвхөн хэлэх үгээ бичиж хоёр өдөр уйлсан. Одоо бодоход худал байх, сүртэй юм гэж хэлж магадгүй. Тэр үед ёстой хүрэл зүрх хайлна гэгч л болж байсан.

Тэр өдрөөс хойш зөвхөн би биш, Монгол өөрчлөгдсөн гэж би боддог. Нэг л их харуусалтай, хартай, онцгүй болсон доо. Номын хувьд ном байтугай юм хийнэ гэж боддог. Их юм бий. Зөвхөн мэддэгээ, үзсэн харсанаа сийрүүлэхэд. Хэлбэрээ хайгаад л байгаа. Бас хариуцлага гэж юм бий. Гоомой хандаж болохгүй. Үнэн байх ёстой. Би өөрийгөө зүгээр ч нэг бичээч биш гэж боддог. Түүхэн цаг үеийн гэрч. Миний ярьсан, бичсэнийг түүх сонирхож л таарна.

 

Э.ХҮРЭЛБААТАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
170
ЗөвЗөв
53
ТэнэглэлТэнэглэл
50
ХарамсалтайХарамсалтай
46
ГайхмаарГайхмаар
34
БурууБуруу
16
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж