Хүчирхийлэлд өртсөн 13 охиныг Үжин "эмчилжээ"

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртсөн 13 охиныг Үжин "эмчилжээ"

Хүчирхийлэлд өртсөн 13 охиныг Үжин "эмчилжээ"

Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдүүд өнөөдөр уйлж байна. Тэд эцэг эхийн хайрыг үгүйлж байна. Тэднийг сонсдог, урамшуулдаг, дэмждэг, тэдэнтэй ярилцдаг эцэг эхийг үгүйлж байна. Мөн тэдний дуу хоолойг сонсохыг ч хүсч байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулан хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцсан юм. Энэ үеэр хүүхдийн эрх хамгааллын "Үжин" төвд сэтгэл санааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй хоёр охин сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан юм.

Тэд 15-17 настай бөгөөд хэдхэн сарын өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн ажээ.

Хүнд хэцүү санагдсан үедээ хэрхэн цаашид амьдрахаа мэдэхгүй, ямар хүсэл мөрөөдөлтэй гэдгээ ч умартан үхэхээс өөр бодол төрдөггүй байсан бидний амьдралыг "Үжин" төвийн багш нар гэгээлэг, зорилго, тэмүүлэлтэй болгож өгсөн. Энэ төвийн багш нар биднийг сонсдог, урамшуулдаг, дэмждэг, бидэнтэй ярилцдаг. Өнөөдөр хүүхдүүд эцэг эхийн хайр халамж дутаж байна, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, тэднийг сонсдоггүй энэ байдлаас болоод хүүхдүүд гэмт хэргийн золиос болж байна. Бид том болоод сэтгэл засалч болон цагдаа болж хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх болно хэмээн дуу хоолойгоо зоригтой илэрхийлсэн билээ.

Зоригтой гэж хэлж буйн учир нь энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон хүүхдүүд сэтгэл санааны хувьд маш хүнд амьдралыг даван туулж буй. Учир нь, Монгол Улсад өнөөдөр үйлчилж буй хууль, дүрмээр энэ төрлийн кейстэй хэргийн буруутай этгээдэд хариуцлага тооцоод ерөнхийдөө хаадаг. Харин хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ тэр тусмаа сэтгэл санааны нөхөн сэргээх үйлчилгээ дутмаг байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй нийт хүчирхийллийн 70 гаруй хувийг бэлгийн хүчирхийлэл эзэлж байна. Бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хойд эцэг, нагац ах гэх мэт ураг төрлийн, хамаарал бүхий хүн болох хөрш айлынхан үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Нийгмийг цочроосон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд бие махбодыг нөхөн сэргээх үйлчилгээнээс гадна сэтгэл санааны нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай хэрэгцээтэй байгааг үндэслэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Үжин" төвийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл санааны нөхөн сэргээх эмчилгээ хийдэг дагнасан байгууллага болгон 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн туршиж байна. Өнөөдрийн байдлаар тус төв нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн 13 хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийж, тэдний амиа хорлох эрсдэлээс нь аварч, ирээдүйг нь гэрэл гэгээтэй болгож байна.

 “Үжин” төвийн зохицуулагч С.Буянхишиг: " Манай төв бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг болж, энэ чиглэлд дагнасан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 13 хүүхэд үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7-17 насны долоон хүүхэд урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна. Зургаа нь эмчилгээ ерөнхийдөө дууссан гэж үзээд холбогдох байгууллага, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сэтгэл заслын эмчилгээ маш урт хугацаа шаардагддаг. Дээрээс нь энэ төрлийн гэмт үйлдлийг ураг төрлийн холбоотой хүмүүс үйлдэж байгаа тул хохирогч хүүхдүүдийг гэр бүлийн орчноос нь тусгаарлан байгууллага дээрээ амьдруулан эмчилгээ хийдэг. Бид энэ бол албан байгууллага гэхээсээ илүүтэй гэр бүлийн дулаан уур амьсгалыг хүүхдүүд мэдрээсэй гэж хүссэндээ гэр бүлийн орчныг бүрдүүлэхийг хичээсэн" гэв.

Хүүхдийн эрх хамгааллын "Үжин" төв нь зургаан хүүхдийн хүчин чадалтай ч гэсэн хэрэгцээ шаардлага нь гараад тусламж ирсэн бүх хүүхдүүдэд үйлчилдэг гэдгийг хэлж байсан юм. Тус төвд гурван нийгмийн ажилтан, нэг зохицуулагч, СЭМҮТ-ийн сэтгэл засалч нэг эмч, сэтгэлзүйч, шаардлагатай тохиолдолд хоёр өмгөөлөгч, нэг прокурор ажиллаж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар: "Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бие махбодын хувьд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байсан бол сэтгэл заслын эмчилгээ, сэтгэлзүйг нь засан сайжруулах, нөхөн сэргээх ажил өнөөдрийг хүртэл огт хийгдэж байгаагүй. Хүүхдүүдэд сэтгэл санааг нь нөхөн сэргээх хэрэгцээ шаардлагыг нь үндэслэн бид нээлттэй тендер зарлаж, улмаар "Үжин" төвийг сонгон шалгаруулан энэ чиглэлд дагнасан хамгаалах байрыг бий болгосон. Одоогоор бид туршилтын журмаар ажиллуулж байна. Энэ хугацаанд бидэнд юу ажиглагдсан вэ гэхлээр энэ төвд ирээд 90 хоног сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж оношлогдож байсан, амиа хорлох тухай үргэлж бодож, оролдлого хийдэг байсан хүүхдүүд эмчилгээний 74 дэх хоног дээрээ амьдралыг гэгээлгээр харж, зорилго, тэмүүлэлтэй болж эхэлсэн. Тус төвд эмчлүүлж байсан охиныг эмчилгээний явцад шинжихэд тэр охин "Би яг өөртэйгөө адил хүүхдүүдэд туслах асрамж, халамжийн төв байгуулна, дээрээс нь би нүүр будагч болно. Учир нь манай эгч дүү нар хөөрхөн харагдаасай гэж хүсч байна. Мөн би сэтгэлзүйч болно. Бүх хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгмөөр байна. Мөн би сэтгүүлч болмоор байна. Ийм зүйл байж болохгүй гэдгийг энэ үйлдлийг хийх гэж байгаа хүмүүст ойлгуулмаар байна" гэж ярьсан нь энэ төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн мянга, мянган хүүхдэд хэрэгцээтэй байгаа гэдгийг харуулж байна.

Иймээс энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлэх, хохирогч болсон хүүхэд бүрт хүрч үйлчлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг өмгөөлөх өмгөөлөгч нарын мэдлэг чадвар сул байна. Иймээс энэ хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан мэргэжлийн 12 өмгөөлөгчийг сонгон шалгаруулж авсан. Энэ төрлийн хэрэгт энэ 12 өмгөөлөгч ажиллана. Өөрөөр хэлбэл, нэг хэрэгт хоёр өөр шүүх ялгамжтай хандаад байгаад цэг тавина. Нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг буруутай этгээдээс нөхөн гаргуулж авдаг байх стандартыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 21 аймагтаа 3-4 өмгөөлөгчийг сонгон шалгаруулж аваад, дээрх 12 өмгөөлөгчөөрөө дамжуулан орон нутгийн өмгөөлөгч нарын сургахаар төлөвлөж байна” гэв.

Дөрвөн настай, 10 настай гээд насанд хүрээгүй охид бие, сэтгэлийн эдгэшгүй шарх авч үлдэх, хамгийн ихээр хайрлуулах, энхийрүүлэх ойр дотны, ураг садныхаа "тэнэгүүдэд" дур хүслийг нь хангах "хэрэгсэл" болж хувирав. Үүнд хэн буруутай вэ. 1992 оноос хойш гэр бүлийн асуудал төр захиргааны байгууллага гэж огт байхгүй явсан, хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдүүдтэйгээ ажиллана уу гэхээс түүнийг өсгөн хүмүүжүүлж буй гэр бүлтэй нь ажилладаггүй байсан нь олон судалгаагаар харуулдаг. Өнөөдөр хэнд ч гэр бүл хэрхэн төлөвлөх, эцэг эхийн хариуцлага гэж юу вэ, нөхөн үржихүй, бэлгийн амьдралтай холбоотой боловсролыг хэн ч олгож байгаагүйн гайгаар хүүхдүүд гэмт хэргийн золиос, тэр дундаа хүчирхийллийн золиос болж байна гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж