Цэгцэнд ордоггүй дүүрэг дамнасан "гудамжныхан"

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Цэгцэнд ордоггүй дүүрэг дамнасан "гудамжныхан"

Цэгцэнд ордоггүй дүүрэг дамнасан "гудамжныхан"

Автобусны буудлаас “Хар хорин” захыг чиглэн эмжсэн  жижиглэн худалдаа эрхлэгчид эгнээгээ тэлсээр өдгөө тус худалдааны төвийн “дагуул зах” болжээ. Нийтийн эзэмшлийн зам талбай бүхий явган хүний зам дээр өөрсдөдөө ажлын байр бий болгосон эдгээр жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд ажилгүйдэл, ядуурал, нийгмийн эмзэг давхаргынхан, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд янз бүрийн давхаргын эрээн бараан төрх, өөр өөрсдийн зовлон жаргалтай хүмүүс сүлэлдэнэ. Бид энэ удаагийн сурвалжилгаар тус захын гадна “хөглөрөх” жижиглэн худалдаа эрхлэгчдийг цэгцлэх асуудлыг хөндлөө.

       “ХОГ” Ч БАС ХЭРЭГТЭЙ БАРАА:  500-20 МЯНГАН ТӨГРӨГ

Хотын өнгө үзэмжийг сайжруулж, ил задгай, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ажлын байраар хангах зорилгоор одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд 700 автомашины зогсоолтой “Хар хорин” худалдааны төвийн шинэ байрыг ашиглалтад оруулж байв.  Нийт 22 тэрбумын хөрөнгө оруулалтаар босгосон тус худалдааны төв нь хэдийгээр 1700 орчим хүнийг цэвэр тохилог орчинд худалдаа эрхлэх боломжийг олгосон ч явган хүний зам тагласан наймаачдын хөл хөдөлгөөнийг зогсоож дийлсэнгүй. Эсрэгээрээ цэцэглэн хөгжиж байна гэхэд хилсдэхгүй. Хөл гишгэх ч зайгүй шахам энэ хэсэг дэх  наймаачдын дунд  амьжиргаатай нэг нь  асар болон цаасан хайрцаг өрж оймс, дотуур хувцас, өмд, цамц, малгай зэрэг ахуйн хэрэглээний барааг эгнүүлэн өрсөн байхад нөгөө хэсэг нь хоногийн хоолны мөнгө, шил архитай золгох гэж алгын чинээ даавуун дээр хүссэн бүхнээ зарж борлуулахыг зорино. Энд хүн хараад нүд хужирлах ганц ч өнгөлөг зүйл байхгүйн дээр нь  “хог” гээд тоохгүй. Харин “хог” нэртэй эдгээр бараа нь 500 төгрөгөөс 20 мянган төгрөгийн үнээр хэрэгтэй хүндээ эд болох аж.

Хэн өмсч байсан нь мэдэгдэхгүй майжгий гутал, хэзээ хаана тоглож байсан юм бол гэмээр халтар болсон хүүхдийн тоглоом, гялалзтал нь арчсан ч тоос дарсан тогооны таг гээд  ёстой л “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад хүссэн бүхэн байдгийг хүмүүс ч андахгүй болов уу. Бас хаанаас оруулж ирсэн хэзээ гэдэг нь тодорхойгүй жимс, ногоо ч өнгө алаглана. Энэ бол "Хар хорин" захын замын урд хэсэгт байрлах худалдаа эрхлэгчид. Тэд Баянгол дүүрэгт харьяалагддаг аж. Биднийг 18.00 цагийн үед очиход зах тарахтай зэрэгцэн явган хүний зам чөлөөтэй болсон байв. Гэхдээ ганц хоёр худалдаачин бараагаа хураах  гэж байхтай таарсан юм.

Энд долоон жил худалдаа эрхэлж байгаа наймаачин н.Баярмаа “Монголд амьдрахад хэцүү гэдгийг хүн бүхэн л мэднэ. Ажил хийе гэхэд нас гологдоно, мэргэжил шаардана. Тиймээс л хувиараа жижиг ч болов худалдаа эрхлээд хоногийн хоолны мөнгөө олж, гэр бүлдээ нэмэр болж байна. Хүн л юм чинь тохилог дулаахан орчинд лангуун дээр худалдаа эрхлэхийг бодолгүй л яах вэ дээ. Лангуу түрээслэхэд өртөг нь өндөр учраас л халуунд халж, хүйтэнд хөрдөг. Хэрэв дүүргээс лангуу хямд үнээр гаргаж, ажлын байраар хангаж өгвөл дуртай л байх болно.  Гэтэл энд бөмбөг дэлбэлээд хаячихсан юм шиг архичдыг цэгцлэх нэрээр цагдаа нар бид нар шиг амьдрах гэж яваа ядарсан хүмүүсийг хамтад нь хөөж тууж болохгүй. Зарим асарт худалдаа эрхэлдэг, урагшаа Эрээн, Бээжингээс бараагаа зөөдөг чинээлэг хүмүүс 10 мянган төгрөгийн торгуулиа цагдаа нарт төлөөд л ямар ч асуудалгүй наймаагаа эрхэлж байхад бид өдөр бүр хөөж туугдсаар байгаа нь шударга биш байна. Бас халаасны хулгайчид нь энүүгээр зугаалж, сэлгүүцэж байгааг харж байгаа биз дээ” гэлээ.

Түүний хувьд өглөөнөөс орой хүртэл  хуучны бололтой хэдэн гутал зарах гэж зогсохдоо хамгийн их ашигтай ажилласан үедээ 50 мянга, багадаа 20 мянган төгрөгтэй гэртээ харьдаг ч зарим үед ямар ч орлогогүй, эндэхийн тэнүүлчдэд бараагаа дээрэмдүүлж булаалгах үе цөөнгүй байдаг аж. Мөн тэрний хажууд шуудайн дээр хүүхдийн тоглоом, түлхүүр, зургийн альбом, жазз, хэдэн халтар хүүхэлдэй зардаг н.Сарнай гэх эмэгтэй 500-2000 төгрөг хүртэлх төгрөгөөр өөрт байгаа хэдэн бараагаа үнэлжээ.

Тэр өөрийгөө “Би архи уудаггүй” гэж олон удаа давтан хэлэхдээ “Худалдаа хийх нэрээр архиныхаа мөнгийг олчхоод дүүрэн хог новшоор орчныг бохирдуулдаг эндэхийн архичдыг цэгцлэх хэрэгтэй.  Тэд л мод руу шээж, хүндэрч, хог тарьдаг. Би худалдаж байгаа хэдэн бараагаараа хоногийн хоолны мөнгөө л олж амьдралаа залгуулж байна. Цагдаа нар эндэхийн архичдаа цэгцэлж, бас наймаа хийж байгаа хүмүүсийг хөрөнгө чинээгээр нь ялгаж харьцахгүй байх ёстой. Наймаа хийдэг хүмүүс 10 мянган төгрөгийн хураамжаа төлсөн бол хөөгддөггүй” гэлээ.

Энэ эмэгтэй хүүхэд байхдаа эцэг эхээсээ өнчин хоцорсноос хойш  “Хар хорин” зах дээр жижиглэн худалдаа эрхэлж  өдийг хүрсэн гэнэ. Өнөөдрийг хүртэл айлын хаяанд амьдардаг ч хүний хоолноос үнэгүй идэхгүй гэж ийнхүү хоолны мөнгөө олохоор өглөөнөөс орой хүртэл хуучин бараагаа борлуулсаар өдрийн 10-20 мянган төгрөгтэй болдог аж. Заримдаа орон сууцны гадна хог ухаж, варенийн шил түүн цэвэрлээд нэг ширхэг  таглааг  100 төгрөг, шилийг нь 200 төгрөгөөр үнэлж, шуудайгаар нь цуглуулсныхаа дараа 20 мянган төгрөгөөр зардаг гэдгээ нуугаагүй.

 

ЦАГДАА НАР ХӨӨЖ Л БАЙДАГ ЮМ

Эдгээр наймаачид замын урд болон хойд хэсгээрээ Сонгинохайрхан болон Баянгол дүүргээр зааглагдах ч зарж буй зүйлс нь ижилхэн “хог” нэртэй бараа юм. Замын хойд хэсэгт байрлах жижиглэн худалдаа эрхлэгчдийн аж байдал замын урд талтай харьцуулахад хүний хөл татрах болоогүй. Энд ёстой л түм түжишгнэж бум бужигнаж байлаа. Автобусны буудал дээр ажил, сургуулиа тарсан хүмүүс бөөгнөрч, нийтийн тээвэр хүлээнэ. Ойр орчимд нь эгнэж, хөглөрсөн жижиглэн худалдаа эрхлэгчид өнөөх л  эрээн мяраан, эрээвэр хураавар бараагаа борлуулж байхад нөгөө хэсэгт нь архичид цугларч, зарим нь гар зөрүүлж байх нь энгийн л үзэгдэл аж.  Мэдээж архи, шивтрийн эхүүн үнэр таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

Ямар айлын аяга, таваг байсан юм бол гэж бодогдохоор цагаан шаазан аяга, тавгийг бөөний үнээр 5000 төгрөгт өгнө гэсэн архины үнэр сэнгэнүүлж, халамцуухан суух Б.Лхагва гэх 40 орчим насны эрэгтэйтэй цөөн хором ярилцав.

Тэрбээр “Шинэхэн аяга тавгийн цуглуулга шүү. Хархорин худалдааны төвд байдаг эгч маань надад “миний дүү архи ууж байхаар энэ хэдэн аяга шаазанг зараад мөнгө болгож хоол ав” гэж өгсөн юм. Эхнэр маань кофе зардаг, би энд аяга, кофе, цахилгаан бараа гээд төрөл бүрийн зүйлс зарж хоолныхоо мөнгөтэй залгаж байна. Цагдаа нар ирж хөөдөг л юм. Тэд чинь ажлаа л хийж байгаа шүү дээ. Торгуулийн мөнгө өгөх боломж надад байхгүй. Өдөртөө чадан ядан 20 мянган төгрөг олж байж аз гийвэл их юм. Лангуу түрээслэх мөнгө ч үгүй. Өмнө нь эхнэртэйгээ орцны жижүүр хийж байгаад хөөгдсөн. Эндээс л өөртөө ажлын байр гаргаж байна” гэлээ. Түүний аяга шаазан нь сэтэрхий, өнгө алдсан байхыг харвал эгч нь өгөөгүй бололтой.

Мөн  хэдэн өрөөснөөр нь эгнүүлэн өрсөн гутлынхаа ард суух согтуу ахимаг насны эмэгтэй гутлаа зарахдаа алдахаас болгоомжлохдоо ийнхүү ижлийг нь цааш нь “нуужээ”. Хүн худалдаж авахаар бол өнөөх ижлийг нь гаргаж өгөх бололтой.

Түрийвч, цүнх, тогооны таг зэргийг 500-1500 төгрөгөөр борлуулж буй ахимаг насны эмэгтэй өөрийгөө н.Шинээ гэв. Тэрбээр “Цагдаа нар өдөр бүр л ирж, ил задгай худалдаа хийж болохгүй гэж шаардлага тавьдаг юм. Тэд ажлаа л хийж байна. Бид ч бас амьжиргааны хэдэн төгрөг олох гэж ажлаа л хийж сууж байна шүү дээ. Цалинтай ажил хийе гэхэд бид нар шиг ахимаг насны эмэгтэйчүүдийг авах газар олдохгүй, эсвэл мэргэжил шаарддаг болохоор цагдаад хөөгдсөн ч энд задгай худалдаа эрхэлж байна. Баянгол дүүргээс ил задгай худалдаа эрхэлж болохгүй гэж шаарддаг шигээ бидэнд лангууг нь гаргаад өгчихвөл татгалзахгүй. Хэн л өдөр бүр цагдаад хөөгдөж, гудамжинд суухыг хүсэх вэ дээ” гэлээ.

Энэ мэтчилэн зарим хүмүүсийн хэрэггүй болсон бараа өөр нэг хэсэгт нь хэрэг болдгоос гадна бичиг баримтаа алдсан хүн ч эндээс иргэний үнэмлэхээ олдог байна. Хэн нэгний газарт хөглөрөх цахим үнэмлэхийн эзэн олдох байх гэж наймаачид ийнхүү бараатайгаа эгнүүлэн тавьдаг аж.  Хог ухаж байхад хүмүүсийн иргэний үнэмлэх олдох нь цөөнгүй бөгөөд зарим нь огт санамсаргүйгээр бичиг баримтаа олдог нь ийм учиртай аж.

Түүнчлэн эндэхийн өөр нэгэн хэсэг бүлэг наймаачид Баянгол дүүргээс лангууны түрээс эхний хоёр сар үнэгүй төлж, суулгах санал тавьсан ч цаашид түрээс  төлж худалдаа эрхлэх санхүүгийн боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Наймаачдын хэлснээр Баянгол дүүрэгт харьяалагдах хэсэг нь боломжийн амьдралтай, чинээлэг хүмүүс байдаг бол Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах хэсэгт амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ажилгүй хүмүүс л эндээс амьжиргааны эх үүсвэрээ олдог аж.

 

ДАГУУЛ ЗАХ”-ЫН ХУДАЛДААЧИД ДУНД ЖИЙП ХӨЛӨГЛӨСӨН БАЯЧУУД Ч БАЙДАГ ГЭНЭ

“Хар хорин” захын гадна талбайд ойролцоогоор 80 орчим жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бол III, IV хороололд 100 орчим ил задгай худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг аж.

Баянгол дүүргийн  Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Бат-Өлзий “Ил задгай худалдаа эрхлэгчид буюу ялангуяа “Хар хорин” захын гадна талбайд худалдаа эрхэлдэг хүмүүстэй олон жил “тэмцэж” байна. Явган хүний орц гарцыг чөлөөл гэж цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран шаардлага тавьж, хүч хэрэглэсэн ч үр дүнгүй. Зөрчлийн тухай хуулиар торгуулийн 50 мянган төгрөгөөр торгоход, мөнгөө төлчхөөд л  жишим ч үгүй сууж байдаг. Нөгөө талаас үнэхээр амьжиргааны түвшин доогуур орлоготой хүмүүс бий гэж үзээд Вокзал, III, IV хорооллын хоосон талбай, лангуунд эхний хоёр сарын түрээсийг нь дүүргээс төлөх нөхцөлтэйгөөр лангуу түрээслүүлэх санал тавихаар эрс татгалздаг. Тэд ядуу биш. Харахад өрөвдмөөр ноорхой хувцастай хэцүүхэн амьдардаг юм шиг атлаа жийп хөлөглөсөн баячууд ч  байдаг юм билээ.

Нэг үгээр хэлбэл, “Хар хорин” худалдааны захын жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд л татвараас зайлсхийгээд сурчихсан, хуулиа мэддэг ч үл тоодог, дураараа хүмүүс. Энэ асуудлыг цэгцлэхэд  их ярвигтай л даа. Албан хүчээр үйл ажиллагааг нь зогсооё гээд хүч хэрэглэх гэхээр Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдчихдаг болохоор бидний зүгээс хууль эрхзүйн хүрээнд ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болдог. Тус дүүргийн нутагт буюу замын хойно хэсэг наймаа эрхэлж байснаа дахин л замын урд хэсэгт гардаг гээд асуудал их” гэлээ.

Энэ талаар  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тодруулахад “Хар хорин” захын худалдаа эрхлэгчдээс төвөгшөөсөн  байдлаар “Бид өдөр бүр зохих хууль дүрэм, журмын дагуу “Хар хорин” захын  ил задгай худалдаа эрхлэгчдэд явган хүний зам, орц гарц чөлөөлөхийг шаардаж, хяналтаа тавьдаг. Энд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү анхаарлаа хандуулж байгаа. Гэсэн ч энэ асуудал дагуулсан хэвээрээ байгааг та бүхэн мэднэ. Орчныг бохирдуулж, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж, хууль зөрчин ил задгай худалдаа эрхэлж байгаа байдлыг цэгцлэх асуудал тодорхой үр дүнгүй байна. Маргааш гэхэд л “ Хар хорин” захын орчимд бүр ачаалал нэмэгдэнэ. Учир нь “Нарантуул” зах амрахаар л ил задгай худалдаачид нь “Хар хорин” захад төвлөрчихдөг. Бид ажил ихтэй байна” гэх тайлбарыг өгсөн юм.

       ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ЧАНГАЛАХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭЭГҮЙ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцлэх урьдчилсан болон төлөвлөгөөт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран “Нарантуул”, “Хархорин”, 100 айл, “Вокзал”, III, IV хороолол зэрэг газарт явуулдаг боловч хууль эрх зүйн чадамж нь сул учраас  учраас энэ ажил  төдийлөн үр дүнгээ өгдөггүй байна.

Тус газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн  Д.ДААРИЙМАА: 

-Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаалах явдлыг Эрүүл ахуйн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.8 дугаар зүйл болон  6.10 дугаар зүйлд тус тус зааснаар цагдаагийн байгууллага болон  Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ил задгай худалдаанд хяналт тавьж ажиллана гэж зүйчилсэн байдаг. Энэ дагуу НМХГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулдаг ч энэ ажил тодорхой хугацааны дараа үр дүнгүй болж, ил задгай худалдаа эрхлэгчид хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Учир нь Зөрчлийн тухай хуульд зөвшөөрөлгүй үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан газруудад торгууль шийдвэрийн арга хэмжээ авна гэж заасан боловч Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам нь  эрхзүйн хувьд чадамжгүй байгаа юм. Иймд торгууль ногдуулъя гэхэд хууль эрхзүйн байдал нь байхгүй учраас ил задгай худалдаа эрхлэгчдийн асуудал шийдэгдэхгүй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд байгаа юм. Ерөнхийдөө, улсын байцаагчид цагдаа нартай хамтран хяналтыг тавьдаг. Ялангуяа ил задгай худалдаанд хүнсний бүтээгдэхүүн борлуулах нь бүр ч хориотой юм. Нус цэр шүлс хаягдсан нар салхины нөлөөлөл зэрэг асуудал байгаа учраас ил задгайгаар бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй.

Энэ мэтчилэн  Нийслэлийн эрх баригчдаас  дүүргийн  удирдлага, цагдаа, мэргэжлийн хяналтынхан гээд шат шатны хүмүүс толгойгоо гашилгаж сууна. “Хар хорин” захын гадна хөглөрөх эдгээр хүмүүсийг хэн ч “дийлдэггүй” бүр цаашлаад төрийн нударга ч хүчирдэггүй бололтой. Харин иргэдийн зарим нь “Хар хорин” захын гадна байрлах эдгээр жижиглэн худалдаанд хүнд хэрэгтэй зүйлс байдаггүй ч амьжиргаагаа залгуулах гэж амьдарч байгаа учраас нүүлгэж, цэгцлээд байх шаардлагагүй гэж үзэж байв. Наймаачдын зүгээс хямд өртгөөр лангуу түрээслэх боломжийг нь бүрдүүлбэл ил задгай худалдаа эрхлэх шаардлагагүй гэдэгт ихэнх нь санал нэг байсныг энд тодотгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж