ХБНГУ болон Австрийн төв банк энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны баасан гаригаас 500 еврогийн мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхээ зогсоов. Өмнө нь Евро бүсийн 17 орон Европын валютын хамгийн том мөнгөн тэмдэгтээс 2019 оны нэгдүгээр сараас эхлэн татгалзсан билээ. Энэ тухай Австрийн Төв банкны цахим хуудаст мэдээлж, Германы Холбооны Банкны Удирдах зөвлөлийн гишүүн Иоханн Берерман түүнийг баталжээ.
Европын төв банкны Удирдах Зөвлөл гурван жилийн өмнө буюу 2016 оны тавдугаар сарын 4-нд евро мөнгөн дэвсгэртийн бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 500-тын еврогийн дэвсгэртийг 2018 оны сүүлээс дахин үйлдвэрлэхээ зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нэгэнт үйлдвэрлэгдсэн, гүйлгээнд эргэлдэж буй 500-тын дэвсгэртийг хэрхэх талаар арга хэмжээ авахдаа ХБНГУ-ын Бундесбанк, Австри улсын Остеррайхиш Националбанк гэсэн хоёр банк 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл 500-тын евро дэвсгэртийг гүйлгээнд гаргахаар шийдвэрлэсэн. Харин Европын холбооны бусад төв банкууд 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус дэвсгэртийг гүйлгээнд гаргаж, түүнээс хойш гүйлгээнд дахин гаргахыг зогсоосон.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг (2019.04.26) хүртэл Евро бүсийн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг банкууд, бэлэн мөнгөний зузаатгалын зуучлал эрхлэгч компаниуд, валютын арилжаа эрхлэгч зэрэг бүх төрлийн бэлэн мөнгөтэй хамааралтай бизнес эрхэлдэг байгууллагууд, иргэдийн гар дээр буй 500-тын еврогийн дэвсгэрт бусад евро дэвсгэртүүдийн нэгэн адил гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэж байв. Иоханн Берерманы мэдээлснээр, Бундесбанк 500 сая еврогийн хэвлэмэл мөнгөн дэвсгэртүүдийн 70 хувийг эргэлтээс гаргасан бол Герман улсын хувьд жижиг мөнгөн дэвсгэртэд шилжүүлэхэд нэмэлт хугацаа шаардлагатай болсон байна. Германчуудын дунд 500 еврогийн мөнгөн тэмдэгтийн эрэлт хэрэгцээ их байдаг аж. Тэд 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг хадгаламж, эсвэл бэлгэнд ашигладаг байна. Тухайлбал хуримын бэлэг болгон өгөх нь түгээмэл байдаг ажээ.
Хэзээ 500 еврогийн мөнгөн тэмдэгт гүйлгээнээс бүрэн гарах вэ. Хэдийгээр өмнөхийн адил 500 евро гүйлгээнд хэрэглэгдэж, дэлгүүрээс бараа худалдан авч болох ч банкууд тэдээрийг эргэлтэд оруулахаас татгалзаж эхлэх нь дамжиггүй. Өнөөдрийн байдлаар гүйлгээнд буй 500 еврогийн мөнгөн тэмдэгтүүдийг хэзээ буцаан татах тодорхой хугацаа заагаагүй байгаа аж. Тиймээс евро бүсийн банкууд иргэдэд хүсвэл 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг бусад мөнгөн тэмдэгтээр сольж болохыг зөвлөжээ.
-НЭГТ, ТАВТЫН ДЭВСГЭРТИЙН ХҮЧ ХАРЬЖЭЭ-
Манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд 1928 оноос төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд буй мөнгөн тэмдэгтүүдийн тоо албан ёсоор 11 байдаг ч хоёр нь гүйлгээнээс хэдийнэ “гарчээ”.
Монголбанкны эх сурвалж нэгт, тавтын дэвсгэрт гүйлгээнээс гараагүй гэж мэдээлдэг ч бидний хэрэглээнээс “гараад” багагүй хугацаа өнгөрсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Өөрөөр хэлбэл, монголчууд бид сүүлийн жилүүдэд нэгт, тавтын дэвсгэртийн бараа огт хараагүй, түүнээс хэдийнэ татгалзсан гэхэд болно.
Нэг, хоёрхон жилийн өмнө “Номин”-гийн салбар дэлгүүрүүд худалдан авалт хийсний дараа хариултад нь нэгт, тавтын дэвсгэрт өгдөг байсан бол одоо “нүдний гэм” болжээ. Нэгтийн дэвсгэртийг 1993 онд анх нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хөрөг зурагтай, ар талд нь адуун сүргийн зурагтай, 59х120 мм хэмжээтэй, тод улаан өнгөтэй хэвлүүлж байсан аж.
Харин тавтын дэвсгэрийг 1993 онд анх нүүрэн талд нь арслангийн зурагтай, ар талдаа соёмботойгоор, 57х115 мм хэмжээтэй, тод хүрэн өнгөтэй хэвлүүлж байсан гэсэн түүх Монголбанкны цахим хуудаст болон эх сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий.
Төв банкны тухай хуулийн 7-р зүйлийн 1-д “Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ” гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр 1-т, 5-тын дэвсгэрт “үнэгүй цаас” болов.
90-ээд онд нэг төгрөгөөр алим, чихрээс эхлээд авах зүйл маш олон байсан бол өнөөдөр түүний хүч чадал харьж, “дурсгалын зурагт хуудас” болсон нь харамсалтай. Араас нь 10, 20-тын дэвсгэртүүд зуузай холбож явна…
Эх сурвалж: DW, Bloomberg, Mongolbank
Холбоотой мэдээ