УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийнхэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж дууссан. Эдийн засгийн байнгын хороогоор уг дүгнэлтийг хэзээ хэлэлцэх вэ. Та дүгнэлттэй нь танилцсан уу?
-Одоогоор манай байнгын хороонд дүгнэлт нь ирээгүй байна. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын хэсэг дүгнэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргаар цохогдоод Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх байх. Үүний дараа нь хэлэлцээд явна. Ер нь бол бэлтгэл ажлыг хангаж байгаа. АТГ-аас Оюутолгойг шалгасан тухай тайланг нь авсан. Мөн Аудитын газраас өнөө маргаашдаа багтаад тайлангаа ирүүлэх байх. УИХ, Засгийн газраас Оюутолгойн гэрээний үйл ажиллагааг сайжруулах дөрвөн ч ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэндээс тайлангаа өгнө гэсэн. Ингээд гурван газраас тайлан ирсний дараа манай байнгын хороо хуулийн хэллэгт нь оруулж, УИХ-ын тогтоолын төслийг бэлдээд хэлэлцүүлнэ. Ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар төлөвлөж байна. Түүний дараа долоо хоногоос Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ долоо хоногт Тавантолгойн 30 хувьд IPO босгох ажлын явц ямар байгааг ажлын хэсгээс сонсоно. Ирэх долоо хоногоос уг асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэнэ.
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгээс далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах санал гарсан гэх мэдээлэл бий. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Дубайн гэрээг зогсооно гэсэн асуудал байхгүй болов уу. Харин сайжруулах тал бол бий. Хэд хэдэн санхүүгийн заалтууд байдаг. Техникийн болон газрын доорх технологитой холбоотой асуудлууд хэвээрээ байна байх. Ганц далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ ч биш хөрөнгө оруулалтын гэрээ, хувь эзэмшигч нарын гэрээ энэ бүхнийг сайжруулах заалтууд байгаа бол сайжруулах нь зүйтэй. Монгол Улсад 2018 онд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс бараг нэг тэрбум ам.доллар нь Оюутолгойн төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалт байсан. Гүнийн уурхай ашиглалтад орсноор 2021-2022 онуудад Монголын эдийн засагт өндөр өсөлтийг авчирна. Тийм учраас Оюутолгойн компанийн гүнийн уурхайн төсөл ашиглалтад орох ёстой гэж би хувьдаа үздэг.
Оюутолгойгоос гарах шийдвэрүүдээс шалтгаалж хөрөнгө оруулагчид цаашид манай улсад хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй, болчимгүй мэдэгдлүүд хийж байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж байна.
Гаднын хөрөнгө оруулагчидгүйгээр Монгол Улсын эдийн засаг сайжрахгүй, мөн хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Монголоос гаднын хөрөнгө оруулагчид дүрвэж байна. Тийм учраас гишүүд хийж буй мэдэгдлүүддээ хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Энэ онд Оюутолгойн нэг хоёрдугаар бүтээн байгуулалт хийх аудитын шалгалтыг хойшлуулж байгааг байнгын хорооны хуралдаан дээр гишүүд шүүмжилж байсан. Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй байх сонирхол байна гэсэн үг үү?
-Энэ жил, ирэх жил Оюутолгойн гэрээнд аудит хийх эсэхийг би сайн мэдэхгүй байна. Төсвийн байнгын хороон дээр яригддаг асуудал. Тухайн онд хаана, ямар чиглэлд аудит хийх вэ гэдгийг Төсвийн байнгын хорооноос баталдаг. Өнгөрсөн жил анх удаа Оюутолгойн гэрээ, үйл ажиллагаанд нь аудит хийсэн. Хийгээгүй биш хийгээд дүгнэлтүүд нь гарчихсан байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, өнөөдрийн үйл ажиллагаанд нь Үндэсний аудитын газраас аудит хийсэн гэж ойлгох хэрэгтэй.
-Ерөнхий аудиторыг түдгэлзүүлснээс үүдэж байгууллагын үйл ажиллагаа болон өнгөрсөн жилийн аудитын дүгнэлтүүдэд гарын үсэг зурагдаагүйгээс ажил гацаж байгааг зарим гишүүн хэлж байгаа?
-Ерөнхий аудиторын асуудлыг гуравдах өдөр Төсвийн байнгын хороо хэлэлцэх байх. Ерөнхий аудиторгүй үед бүх эрх мэдэл нь хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчид нь шилждэг. Тиймээс түр орлон гүйцэтгэгч нь тайлан, гүйцэтгэлд нь гарын үсгээ зураад явах боломжтой. Хуулиараа орлож байгаа хүн нь Ерөнхий аудиторыг төлөөлөх үүрэгтэй.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөж, чөлөөлөх саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг танай байнгын хороо хэзээ хэлэлцэх вэ?
-Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор орохгүй. УИХ–ын нэг гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг өргөн барьж болдог эсэх үндэслэлийг хуулийнхан гаргаж ирэх байх. Үүний дараа яригдах болов уу.
-Та хувьдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн ажилд ямар дүн тавих вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналд тусгасан үндэслэлүүдийг нь харахад, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн үү гэвэл хэрэгжсэн. Эндээс мөнгөний бодлогууд гарсан уу, гарсан. Мөнгөний бодлогын дагуу авах арга хэмжээ, үйл ажиллагаанууд явагдсан уу гэвэл явагдсан. Энэ мэт хийгдсэн ажлуудыг нь дурдсан байна лээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы гэхээсээ илүү төрийн хэмжээнд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн бидний бодлогууд гэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн төрийн бодлогууд гэж ойлгох нь зөв. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэрэв мөнгө завшсан эсвэл хувь хүнийхээ хувьд алдаа дутагдал гаргасан бол хариуцлагын асуудал ярьж болно.
Холбоотой мэдээ