Хаврын энэ л өдрүүдэд сургуулийн төгсөлтийн баяр болдог уламжлалтай. Хонхны баярын үеэр сурагч, оюутнууд сургуульдаа хандив өгөх, багшдаа бэлэг дурсгах, амралт зугаалганд амарч, архидан согтуурах гээд олон асуудал гарч, эцэг, эхчүүдэд санхүүгийн дарамтыг үүсгэдэг. Тиймээс энэ талаар БСШУС-ын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга З.Энхболдоос тодруулсан юм.
-Их, дээд сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ эхэлж байна. Энэ жилийн хувьд хэчнээн төгсөгч ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиа төгсөж байна вэ?
-Энэ жил улсын хэмжээнд 18 мянган сурагч ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа. Харин их, дээд сургуулийг 40 гаруй мянган оюутан төгсөнө. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн өдийд төгсөлтийн баярыг тэмдэглэх асуудал яригдаж эхэлдэг. Улс даяар ахлах анги гэлтгүй бага, дунд ангийн эрдмийн баярыг тэмдэглэх хандлагатай байдаг. Тиймээс салбар яамны зүгээс төгсөлтийн баярыг хэрхэн тэмдэглэх тухай журамлаж өгдөг. Энэ журмыг 2017 оноос хойш хэрэгжүүлэхдээ Боловсролын тухай хууль болон Багшийн ёс зүйн дүрэмд үндэслэн салбар яамны сайдын шийдвэр гардаг. Уг журамд сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой ямар нэгэн хандив авахыг хязгаарлаж өгсөн. Ер нь багш, сурагчдын дунд төгсөлтийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэе гэсэн хандлагатай байдаг. Ингэхдээ эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэж, ар гэрийнхэн, ангийнхандаа юу сурснаа тайлагнаж тэмдэглэвэл зохистой юм.
-Ер нь салбар яаманд хонхны баяртай холбоотой гомдол, санал хэр ирдэг вэ?
-Төгсөлтийн баяртай холбоотой арга хэмжээнүүд далд хэлбэртэй болдог. Энэ талаарх гомдлыг салбар яаманд ил тод, нээлттэйгээр гаргаж ирэх нь ч тун цөөн. Нэг талдаа багш нартаа үзүүлж буй хүндэтгэлийн арга хэмжээ ч гэлээ үүний цаана архидан согтуурах, архи ууснаас шалтгаалан гэмт хэрэг хийх, хаврын улирлын хуурайшилт ихтэйгээс гал түймэр гарах эрсдэл үүсч байдаг. Тийм учраас тодорхой хэмжээнд төгсөлтийн баярын арга хэмжээг хориглох нь зүйтэй гэж үзээд, шийдвэр гаргадаг юм. Сурагч, оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаад харамсалтай явдал гарсан тохиолдол ч бий шүү дээ. Ийм харамсалтай мэдээ гаргахгүйн тулд салбар яамны бодлого зөв явж байна гэсэн үг. Хэрвээ төгсөлтийн баярын арга хэмжээг дураар нь орхичихвол амьдралд дөнгөж хөлөө олох гэж буй олон хүүхдийн ирээдүйд хар толбо үүсэх эрсдэл үүснэ шүү дээ.
-Одоогоос 10 жилийн өмнө намайг арван жилийн сургуулиа төгсч байхад энэ асуудлыг ярьж байсан. Өнөөдөр ч ярьсаар нь байна. Энэ журмын хяналтад хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
-Үүнд хоёр шатлалтайгаар хяналт тавьж байгаа. Нэгдүгээрт төрийн байгууллагын хяналт. Хоёрдугаарт иргэд олон нийт, эцэг, эхчүүдийн хяналт юм. Энэ хоёр түвшний хяналт үеийн үед байсаар ирсэн. Харин төрийн байгууллагын хяналтын хувьд аймаг болон нийслэл дэх боловсролын байгууллагын удирдлагууд хянаж байдаг. Үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд бас давхар хянана. Иргэд салбар яаманд энэ талаар санал, гомдол тавьбал тухайн нэгж рүү шилжүүлнэ. Үүссэн асуудлыг онцгой анхаарч, шийдэх ёстой гэвэл салбар яамнаас шийдвэрлэнэ. Төгсөлтийн баярыг тэмдэглэхдээ зөв биш аргыг сонгож байгаа бол тухайн сургуулийн удирдлага шууд хариуцлага хүлээнэ.
-Бас анги хамт олноороо зугаалахыг хориглодог байх аа?
-Салбар яамны сайдын шийдвэрээр хэн нэгэн хүнийг торгох эрхзүйн үндэслэл байхгүй. Нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулбал ажлаас халах, цалингийн арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ хавар нийт нутгаар хуурайшилт их байгаа учраас анги хамт олноороо салхинд гарч, зугаалахыг мэргэжлийн байгууллагууд хориглоод байгаа.
-Төгсөлтийн баяраас гадна эцэг, эхчүүдээс хууль бус хандив авах асуудал ихээр гардаг. Гомдол хэр ирдэг вэ?
-Манай боловсролын системд олон жил ужгарсан асуудал бол хандив. Өнгөрсөн 2018 онд гэхэд салбар яаманд таван гомдол ирсэн байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэг эцэг, эхчүүдээс 20-50 мянган төгрөгийн хандивын татаас авч байсан. Боловсролын тухай хуулийн 39.2 дугаар зүйлд “Зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулахад хандив авч болно” гэж заасан байдаг. Гэтэл тухайн цэцэрлэгийн удирдлагаас Улсын тэргүүний цэцэрлэгт өрсөлдөхийн тулд эцэг, эхээс хууль бус хандив татсан байсан. Энэ бол эцэг, эхийн үүрэг биш. Тийм учраас салбар яамнаас хяналт шалгалт хийж, эцэг, эхчүүдэд зургаан сая орчим төгрөгийг буцаан олгосон. Мөн Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуультай холбоотой асуудлууд гарч байсан.
-Гэвч өнөөдөр эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан жигд хэмжээтэй хандив авсаар байна шүү дээ. Үүнийг таслан зогсоох арга хэмжээг авч болох уу?
-Боловсролын тухай хуульд боловсролын байгууллагын санхүүжилтийг тусгасан байдаг. Ерөнхий боловсролын сургуулиуд улсын төсөв, сургуультай холбоотой орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, байгууллагаас сургалтын дүрэмд заасан үйл ажиллагааны хандив, зээл олгох, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүжина гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив нэрээр эцэг, эхчүүдээс жигд хэмжээтэй хандив авч байна. Мөн эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан мөнгө ихээр татдаг болоод байна. Төрөөс байр ашиглалтын зардал, цалинг дааж байгаа. Багш нар шалгуураа хангаад сургууль, цэцэрлэгтээ ажиллаж байна. Тиймээс багш нар маань аль болох хандиваар сургалтын үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалмаар байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ