Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. ИНЕГ ойгоо хэрхэн угтаж байгаа талаар тус газрын орлогч дарга Г.Мөнгөнхуягтай ярилцлаа.
-Хамгийн сүүлд танай салбарт онгоц хоорондын зайг гурав дахин багасгасан онцлог үйл явдал болсон. Өөр томоохон өөрчлөлт юу байна?
-Тэртээ 1925 онд Монгол Улсад анхны агаарын хөлөг газардсанаар нисэх хүчин үүсч хөгжсөн түүх тэмдэглэгдсэн байдаг. Жил болгоны тавдугаар сарын сүүлийн хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг нисэх хүчин үүссэний баяр болгон тэмдэглэж ирсэн. Түүхэн замналынхаа 90 жилийн ойтой золгож байгаа Иргэний нисэхийн салбарт олон томоохон шинэчлэлүүд хийгдсэн. Агаарийн навигаци, агаарын замын сүлжил, агаарын хаалга, агаарын зайн зохион байгуулалтын тал дээр нэлээд ажлуудыг хийсэн. Үүнийг үе үеийн иргэний нисэхийн мэргэжилтнүүд, боловсон хүчнүүд дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 16-нд агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжсэн. Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радио локатор суурилуулснаар 90 км болгож багасгасан байдаг юм. Харин энэхүү зайг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж байгаа шаардлага зөвлөмжийн дагуу гурав дахин багасгаж, агаарын хөлөг хоорондын зайчлалыг 30 км болгож багасгах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Манай хойд хөрш үүнд маш таатай хандаж байгаа. Удахгүй энэ ондоо багтааж, агаарын зай хоорондын хэмжих нэгжийг фийтийн системд шилжүүлэх гэж байна. Манайд одоогоор метрээр хэмжиж байгаа юм. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орж, тогтоол гарсан. Энэ ажлыг манай хамт олон амжилттай хийх болно.
-Ойн хүрээнд нисэхийн салбарынхны мэдлэг чадварыг сорьсон уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. Өөр ямар ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Ойн хүрээнд ИНЕГ-аас нэлээд ажлуудыг төлөвлөн хийж эхлээд байгаа. Өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлээд спорт, урлаг, ур чадварын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна. Энэ сарын 21, 22, 24-ны өдрүүдэд ойн хүрээнд явагдах гол гол арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно. Тэмцээн уралдаан, баярын концерт, хүндэтгэлийн концерт, мөн гадаадын зочид төлөөлөгчдийг угтах ёслол болохоос гадна эрдэм шинжилгээний бага хурал, нисэх салбарын түүхийг харуулсан үзэсгэлэн зохион байгуулна. Энэ сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болно.
-Техник тоног төхөөрөмж шинэчлэхийн хэрээр ажилтнуудын ур чадварыг сайжруулах шаардлага гарна. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Өнгөрсөн оны сүүлээр нэлээд ажлуудыг хийсэн. Техник тоног төхөөрөмжийн хувьд Испанийн Индра компаниас радио локатор суурилуулсан. Францын “Thales” компаниас дахин нэмэлт хоёр радио локаторыг суурилуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард энэхүү хоёр нэмэлт локатороо шалгах нислэгийг хийсэн. Удахгүй хүлээн авах ажил хийгдэх гэж байна. Боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хүрээнд бол олон янзын сургалтуудыг гадаад, дотоодод зохион байгуулдаг. Ялангуяа нарийн мэргэжилийн нислэгийн удирдагч, инженер техникчид зэрэг үйлдвэр дээр голлон ажилладаг нарийн мэргэжилийн хүмүүсээ аль болох гадаадад сургалтад хамруулж, дадлагажуулж байна. Мөн туршлага, мэдлэг чадварыг нь хадгалуулах үүднээс бид тохирсон сургалтуудад байнга хамруулж байдаг. Удахгүй метрээс фийтэд шилжих ажлын хүрээнд нислэгийн удирдагчидаа фийтийн сургалтад хамруулах зорилготой байгаа.
Шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж буй болон АСЕМ-ын уулзалт ирэх онд манай улсад зохион байгуулахтай холбогдуулан ойртолтын нислэгийн удирдагчдаа энэ сарын сүүлээр АНУ-д шинэ сертификат авах зорилгоор урт хугацааны сургалтад хамруулахаар зөвшилцөлд хүрээд байна.
-2015 оны гол зорилго юу байна?
-Нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах талаар дээр гол анхаарлаа хандуулна. Тиймээс энэ жилийг сургалтын жил болгохыг зорьж байна. Чанартай сургалт явуулж мэргэжилтнүүдээ бэлдэхийн хэрээр тоног төхөөрөмжүүдээ сайжруулна.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин