Стокгольмын Олон улсын зөрчилт асуудлуудыг судлах хүрээлэнгийн (SIPRI) ээлжит тайлангаар өнгөрсөн 2018 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарт 1,8 их наяд ам.доллар зарцуулсан нь өмнөх 2017 онтой харьцуулахад 2,6 хувь өссөн дүн ажээ. Батлан хамгаалах салбарт зарцуулсан хөрөнгөөр тэргүүлсэн таван орны жагсаалтаас ОХУ хасагджээ. 2006 оноос хойш ОХУ эхний тавд ямагт багтаж байжээ.
1,8 их наяд ам.доллар гэдэг бол 1998 оноос хойших хамгийн өндөр зарцуулалт болж байгаа юм. 1998 онтой харьцуулахад 2018 онд батлан хамгаалах зардал 76 хувиар өссөн болохыг SIPRI онцоллоо. Хүйтэн дайн төгссөнөөс хойш дэлхийн цэргийн зардал 1998 онд хамгийн доод цэгтээ хүрч байсныг тайланд дурдсан байна.
Эхний тавд АНУ, Хятад, Саудын Араб, Энэтхэг, Франц байгаа бөгөөд эдгээр таван улсын цэргийн зардал дэлхийн цэргийн нийт зардлын 60 хувийг эзэлж байна. 2010 оноос хойш АНУ-ын цэргийн зардал анх удаа 4,6 хувиар нэмэгдэж, 649 тэрбум ам.доллар боллоо. Энэ нь Дональд Трамп 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон гарч ирээд зэвсэг худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойг SIPRI институтын захирал Од Флеран хэлсэн байна. Хоёрдугаар байрт байгаа Хятадын цэргийн зардал нийт зардлын 14 хувь болж байна.
Төв болон Зүүн Европын орнууд 2018 онд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн ихээр буюу 24 хувиар нэмсэн нь Турк болжээ. Польши 8,9 хувиар нэмж 11,6 тэрбум, Украин 21 хувиар нэмж 4,8 тэрбум ам.доллар хүргэжээ. Үүнээс гадна Болгар, Латви, Литва, Румын улсууд 18-24 хувиар цэргийн зардлаа нэмжээ. ОХУ-аас ирж болох аюул заналаас сэргийлэн Европын улсууд цэргийн зардлаа нэмсэн хэмээн SIPRI интститутын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Питер хэлсэн байна.
SIPRI нь 1966 онд байгуулагдсан дэлхийн улс орнуудын зөрчилдөөнт асуудал, зэвсэглэлд хяналт тавих чиглэлд судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг хараат бус байгууллага юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ